Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдагсдын тоо 1400 давжээ

2018 оны 10 сарын 04

Өнгөрсөн долоо хоногт Индонезийн Сулавеси аралд болсон газар хөдлөлт болон цунамигийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо лхагва гарагийн байдлаар 1407 хүрсэн тухай тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас мэдээлэв.

“Аврагчид болон тоног төхөөрөмжийн тоог нэмэгдүүлж, эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа ба цэрэг, цагдаагийн бие бүрэлдэхүүн, төрийн албан хаагчид хийгээд сайн дурын ажилтнууд нэгдсэн 6400 орчим хүний бүрэлдэхүүн бүхий аврах баг гамшигт нэрвэгдсэн хэсгүүдэд ажиллаж, нурангид дарагдсан хүмүүсийг яаралтай гаргаж байна” гэж хэвлэлийн албаны төлөөлөгч Сутопо Пурво Нугрохо мэдэгджээ.

Дараалан болсон гурван газар хөдлөлтийн улмаас 2400 гаруй байшин барилга сүйдсэн нь хиймэл дагуулаас илгээсэн гэрэл зургаас харагдаж байна. “Нийт 70800 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн ба тэдгээрийн үндсэн хэрэгцээг хангах нөөц дутмаг байна” гэж С.Нугрохо онцлон тэмдэглэжээ.

Цунамигаас анхааруулах систем ажиллаагүй

“Манай улсын цунамигаас анхааруулах системийн төхөөрөмжүүдийг яаралтай засах шаардлагатай байна” гэж Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын төлөөлөгч мөн мэдэгдсэн байна.

Индонез улс даяар нийт 17500 гаруй цунамигаас анхааруулах төхөөрөмжийг суурилуулсан байдаг боловч эдгээр нь 2012 оноос хойш ажиллагаагүй болсон бөгөөд тэдгээрийн олонхи нь эвдэрч сүйдэж, хулгайд алдагдсан аж. “Төхөөрөмжүүдийг яаралтай засаж, хэвийн ажиллагаанд нь оруулж, эвдэж сүйтгэх боломжгүй газарт байрлуулах хэрэгтэй” гэж тэрбээр хэлжээ.

Индонез улсад нийт 148.4 сая хүн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдардаг бол 3.8 сая нь цунамигийн гамшигт өртөх аюултай бүсэд амьдардаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595572
0 эможи

keyboard_arrow_up