ФОТО: Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад өнөөдөр Төрийн дээд одон медаль, Цагдаагийн цол гардууллаа.
Цагдаа, дотоодын цэргийн нийт 493 алба хаагч хугацааны болон хугацааны өмнө цол шагнагдсаны дотор 132 алба хаагч офицерын бүрэлдэхүүнд шинээр орж цол, мөрдсөө гардан авсан юм. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 82 алба хаагч төрийн одон медалиар шагнав.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх эрхэм үүрэг, өргөсөн тангарагаа нэр төртэй биелүүлсэн алба хаагчдынхаа гавьяа зүтгэлийг үнэлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 4 алба хаагчийг “Цэргийн хүндэт медаль”-аар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хүндэт Жуух” бичгээр 1 алба хаагч, “Цагдаагийн алдар” тэмдэгээр 1 алба хаагчийг тус тус шагналаа.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдгээр тус албаны 4, “Хүндэт жуух” бичгээр 14, цагдаагийн “Хурандаа” цолоор 1, “Дэд хурандаа” цолоор 1, “Хошууч” цолоор 15, “Ахлах дэслэгч” цолоор 1, “Дэслэгч” цолоор 11 алба хаагч шагнагдан цол, мөрдөсөө гардан авлаа.
Түүхт ойн босгон дээр хийж бүтээсэн ажил, байгуулсан гавьяагаа үнэлүүлэн шагнагдсан нийт алба хаагчдадаа баяр хүргэж, Тулгар төрийн 2227, Их монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэн, ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ гэр бүлийнхэнд нь эрүүл энх, сайн сайхныг хүсье.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын өлмий бат, мэлмий тунгалаг байх болтугай.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









