Нийт 720 хүүхэд суралцах сургуулийн барилгын ажил эхэлжээ

2018 оны 8 сарын 25

Arslan.mn

Япон улсын Засгийн газраас  манай улсад 1999 оноос эхлэн “Бага боловсролын барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах” төслийг  хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн тавдугаар шатны хүрээнд Улаанбаатар хотод шинээр хоёр сургууль барих болон хоёр сургуулийг өргөтгөх болжээ. Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд барьж эхэлсэн 720  хүүхэд суралцах хүчин чадалтай энэхүү сургууль аж. Дэлхийн орчин үеийн боловсролын байгууллагын стандартын дагуу барьж, сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган ашиглалтад оруулах ажил 2020 оны хичээлийн жилийн өмнө дуусах юм байна.

Мөн төслийн тавдугаар шатны хүрээнд энэ сургуулиас гадна олон сургууль баригдах аж. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өртөтгөл, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүхдийн хүчин чадалтай өргөтгөлийг барих  юм байна.  1999 оноос хойш Япон Улс Монголын бага, дунд сургуулийг барих, өргөтгөх ажилд 220 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. 

Сургуулийн барилгын ажлын нээлтийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэлэхдээ, “Чингэлтэй дүүргийн долдугаар хороо нэг ч сургуульгүй, энэ хороонд сургуулийн насны 2500 хүүхэд байна. Хүүхдүүд бусад дүүргийн гурван ээлжтэй сургуулиудад суралцдаг. Энэ хүндрэлийн ард гарах боломжийг тавьж байгаа Япон Улсын Засгийн газар, Япон Улсын “Жайка” байгууллагын хамт олон, Японы ард түмэнд чинь сэтгэлийн талархал илэрхийлье” гэжээ.  

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хэлэхдээ, “Өмнөх дөрвөн шатны төслийн хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар шинэ сургууль болон өргөтгөл 55-ыг барьж ашиглалтад оруулсан. Энэхүү тав дахь шатны төслийн хүрээнд бүх тооцоо, судалгааг хийснээр дөрвөн сургуулийн барилгын ажил цогцоороо эхэллээ. Энэ сургуулиуд ашиглалтад орсноор 2400 хүүхэд сургуультай болно. Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны энэ сургууль хотоос алслагдсан бүсэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах стандартаар барьж, ашиглах учир маш чухал төсөл болж байна” гэв.

“Жайка” байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми хэлэхдээ, “Жайка байгууллага нь сургуулийн барилга хүрэлцээгүй байсан 1990-ээд оноос эхлэн уг асуудлыг шийдэхэд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байна. Энэ газарт тэргэнцэртэй хүүхэд явах зориулалттай, аль болох шат багатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй сургууль барина. Мөн байгалийн гамшгийн үед түр хоргодох байр болгож ашиглах боломжтойгоор эрчим хүч бага зарцуулах техникийн дэвшилттэй тоног төхөөрөмжийг ашиглаж барилгыг барих болно. Ингэснээр өндөр чанартай, жишиг сургууль болох болов уу” хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594219
0 эможи

keyboard_arrow_up