“Stamford” нэртэй шинэ төрлийн сүлжээний улмаас иргэд 100 тэрбум төгрөгөөр хохирчээ

2018 оны 8 сарын 20

Arslan.mn

2018 он гарсаар сүлжээний бизнесийн улмаас 36 мянган иргэн, нийт 56,6 тэрбум төгрөгөөр хохирсон байна. Тэдгээр иргэдийн 75 хувийг эмэгтэйчүүд, 45 хувийг 22-30 насныхан эзэлжээ. Манай улсад хамгийн алдартай нь буюу хамгийн их дуулиан тарьж байсан сүлжээний бизнес бол “Жи тайм” юм. Тус бизнест М.Марат гэх Казакстаны иргэн холбогдон шалгагдаж байгаа билээ.

Хамгийн сүүлд “Stamford” гэх сүлжээний бизнес нь 7000 гаруй иргэнд 100 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа гэх мэдээлэл байна. Тодруулбал, Ирландын “Stamford trading technologies” гэх компани нь хууль бус үйл ажиллагаа явуулж иргэдийг залилан мэхэлж байсныг Цагдаагийн байгууллага илрүүлжээ. Уг компани нь 2016 оны сүүлчээр байгуулагдсан ба Ирландын хөрөнгө оруулалтын компаниудын жагсаалтад бүртгэлтэй гэдэг байжээ.

Ирландын төв банкнаас “Stamford” нь хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгахад тус компаний санхүүгийн бүртгэл олдоогүй, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй болох нь тогтоогджээ. Тэд иргэдэд “Бидэнд оруулсан хөрөнгө оруулалтынхаа таван хувийг долоо хоногт ашиг болгон авна. Энэ нь сард 22, жилд 1264 хувь гэх мэтээр өснө” хэмээн тайлбарладаг байсан аж. Иргэдийг “Гэрээсээ мөнгөтэй болъё, дороо хоёр хүн элсүүлээд цалинд хүрье” гэх мэдээллүүдэд итгэж, хохирохгүй байхыг албаныхан онцгойлон анхааруулж байна.

1

 

Тус сүлжээний бизнесийн хохирогч болсон иргэд 2018 оны наймдугаар сарын 17-нд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадаа цугларсан байна. Тухайн иргэд интернэт дэх “Forex” арилжаатай ижил төрлийн зарчмаар мөнгө олдог бөгөөд жилийн хугацаанд гэрээ байгуулж, долоо хоног бүрийн хагас сайн өдөр ногдол ашгаа авдаг байсан” хэмээн мэдээлжээ. Мөн тэд тус сүлжээний бизнесийг “Жи тайм” сүлжээнээс илүү их хохирол учруулсан тухай ярьжээ.

Тэдгээр иргэд дунд 2000, 3000, 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийх маягаар элссэн хүмүүс ч байгаа аж. Элсэгчдэд тухайлбал, 10 мянган ам.доллар хийлээ гэхэд 12 мянган ам.доллар болгон өсгөж авах боломжтой хэмээн тайлбарладаг байжээ. Мөн тэд “Энэ бол сүлжээний бизнес биш. Та нар хөрөнгө оруулалтын бизнес хийж байна. Түүнчлэн энэ компанид ороод жилийн дараа байртай болно” хэмээн хэлж иргэдийг татжээ. Хүмүүсийн хөрөнгө оруулалт хийсэн ногдол ашиг хамгийн сүүлд дөрөвдүгээр сард ороод, түүнээс хойш сураг алдарсан байна. Холбогддог байсан сайт нь хаагдаж, ажиллахаа больжээ.

Тус компанийн тухай судалж үзэхэд, олон нийтийн сүлжээгээр “Stamford Trading Technologies, LP" компаниас таныг 2017 оны гол арга хэмжээ буюу 2017 оны 11 дүгээр сарын 24, 25 нд Стамбул хотын “Conrad Istanbul” зочид буудалд (Hilton-ны сүлжээнд ордог) болох анхны олон улсын конгресст оролцохыг урьж байна. "Stamford Trading Technologies, LP" компаниас түншүүдэд конгресст үнэгүй оролцох боломж олгож байна. Гэхдээ үнэгүй оролцуулах цорын ганц болзол бол өөрийн бүтцийн нэгдүгээр эгнээнд 10 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт татсан байх ёстой гэсэн шаардлага юм” гэх урилга тарааж байжээ.

Тус хэргийг одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ажээ. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цадаагийн хурандаа И.Буян-Өлзий хэлэхдээ “Сүлжээний бизнес нь Монгол Улсын хуулиар хориотой учраас залилангийн гэмт хэрэгт багтана. 2018 он гарсаар сүлжээний бизнесийн хохирогчийн тоо 36 мянгад хүрсэн. Нийт 56.6 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байна. Гэр бүл, ойр тойрныхоо хүмүүсийг ихэвчлэн хохироож байна. Мөн цахимаар мөнгө гуйх луйвар их байна” гэв.

 

1

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594021
0 эможи

keyboard_arrow_up