“ҮХЭЛ РҮҮГЭЭ ЯАРСАН ХҮМҮҮС“

2018 оны 8 сарын 20

Arslan.mn

(Монгол Улсад жилдээ 900 орчим хүн авто ослоор амиа алдаж, 3000 гаруй хүн үүрдийн тахир дутуу болж байна. Нэг хүнд ноогдох автын ослын тоогоор манайх дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. 
/эх сурвалж ЦЕГ азрын статистик мэдээ/

Автын осол арай л дэндэж байгаа тухай найз маань халаглан бичсэнийг уншлаа. Гэнэтийн ослоор хэн нэгэн өөд болсон тухай мэдээг уншиж, "-Ум ма ни бадмэ хум!" гэж бичин уй гашууг нь "хуваалцсаар", бидэнд сүүлдээ тэр мэт эмгэнэлт мэдээг ерийн зүйл мэт хүлээж авдаг, үл тоодог сэтгэхүй тогтож байх шиг. Гэтэл, "-Юу вэ, юу болоод байна вэ, энэ чинь арай хэрээс хэтэрсэн явдал биш үү?!" гэж зогтусах, цочрох, эмзэглэх, тунгаан бодох сэрэмж сэрэхүй маань бүрмөсөн алдагдчихвий гэх айдас төрсөнөө та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. 
Замын хөдөлгөөний хууль дүрмийг биелүүлэхийг шахаж, шаардахаасаа илүү яаж ийгээд өө сэв олж, "-Яаж энэ нөхрийн хэдэн цаасыг "шоглох вэ?!" гэсэн сэтгэхүйтэй цагдаа нар, чанаргүй, байх ёстой өргөн, зузаанд хүрэхгүй стандартын биш зам тавьж, тэмдэг, тэмдэглэгээг хэрэгтэй газар нь тавьдаггүй, гэрэлтүүлэг муутай зам барьдаг замын компани, тэдэнд хариуцлага тооцож, чанар шаардах ёстой атал эсрэгээр тэднийг тендэрээр угжиж, авлигаар хөлждөг дарга даамлууд, мэргэжлийн хяналтынхан, мэдлэг, чадваргүй жолоочийг "бөөнөөр үйлдвэрлэн" гаргаж, шалгалтын комиссийг хахуульдан, мөн бөөнөөр нь тэнцүүлдэг жолооны курсийн боссуудын тухай жич ярих хэрэг. Бид тэдний тухай хангалттай ярьдаг, шүүмжилдэг. Гэвч, бид бас өөрсдөөсөө буруугаа хайх хэрэгтэй болов уу. Энэ их аваар ослын шалтгааны үлэмж хэсэг нь бидэнд өөрт маань байгаа. 
Жолооч нар буюу бид:
1. Замын хөдөлгөөний хууль, дүрмээ биелүүлдэггүй. Шаардлага тавьсан цагдааг "-Энэ хүн ажлаа хийж явна, миний буруу байсан, би тавьсан шаардлагыг нь биелүүлэх ёстой" гэж бодохын оронд "-Энэ нэг муу формны гол" гэсэн үзэн ядах сэтгэхүй, "энэ муу хэдэн цаас хэлэхэд авч л таараа!" гэсэн хахуульч байдлаар хандаж, юм л бол мөнгөөр аргалахыг оролдоно. Тэгснээрээ өөрөө авлига, хээл хахуулийг өөгшүүлж байгаагаа огт мэддэггүй, тэгсэн мөртлөө "муусайн авлигач цагдаа нар" гэж зүхнэ. Байз, байз! Цагдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд байна уу?! Цагдаа хүн дайрч алаад байна уу?! Үгүй!!! Тийм тохиолдол байлаа гэхэд 1000-д ганц!!! Хэрвээ бид бүгд дүрмээ биелүүлдэг бол замын цагдаагийн хэрэг ч байхгүй! 
2. Өөрийн бурууг бусад руу чихдэг, асуудалд орохоороо би ямар алдаа гаргав, яаж засах вэ, дахиад ийм байдалд яаж орохгүй байх вэ гэж өөртэйгөө ажиллахын оронд хэн нэгэн цагдаагийн даргын эрэлд гарч, танил талаараа аргалуулахыг л хамгийн түрүүнд боддог.
3. Өдөр алдаж, шөнө замд гардаг, шөнө гэрлээ шилжүүлж мэддэггүй. Өөдөөсөө яваа машинтай хүнийг холын гэрлээрээ шарж, "тэднийг чадаж байна, дийлж байна" гэсэн сонин сэтгэхүй далд ухамсарт нь төрж, түүнээсээ таашаал авдаг маньякууд болж хувирсан. Аймшигтай биш гэж үү?! 
4. Хамгаалалтын бүсээ хэзээ ч бүсэлдэггүй, хажууд, ард яваа хүмүүстээ ч бүслүүлдэггүй! Мөн л хамгаалалт хэрэггүй "сүүпэрмэн" гэж өөрийгөө сэтгэнэ. Хамгийн хайртай дотно хүмүүс нь л хажууд нь, ард нь сууж яваа шүү дээ, уг нь! Гэтэл тэднийхээ болоод өөрийнхөө амь нас, эрүүл мэндээр дэнчин тавьж байгаагаа огтхон ч ухамсарладаггүй!
5. Холын замд ч, хотын замд ч байнга хурд хэтрүүлнэ. 
Хурд хэтрүүлээд давхиж яваагаа "мундаг, күүл" гэж сэтгэнэ. 
Угтаа бол "үхэл рүүгээ л яарч яваа"-гаа мэддэггүй! 
6. Зам тавьж өгөх, урдуураа оруулах гэсэн ойлголт огт байхгүй! 
Би л түрүүлж явах ёстой гэсэн хувиа хичээсэн үзэл толгойд нь гүн бат суусан. Тэвчээр, хүлээц гэж огт байхгүй! Бурууг нь хэлж, шаардлага тавьсан нэгнээ хэлэх хэлэхгүй муу муухайгаар харааж зүхнэ. Ганцхан хором, мөч тэвчээгүйнхээ төлөөсийг өөрийн болоод өрөөлийн амь насаар төлнө.
7. Бага насны хүүхдийг хамгийн баталгаагүй байдлаар авч явна. 
Тусгай суудалд суулгах, бэхлэх бүү хэл том хүний суудал дээр, хамгаалалтын бүс ч үгүй суулгана, өвөр дээрээ авч явна. 2 жилийн өмнө шиг санаж байна, Фэйсбүүкээр, нэг 69-ийн бүхээгнээс 30 хэдэн (Яг нарийн санахгүй байна!) хүүхэд гарч ирж байгаа бичлэг яваад байсан даа. Тэрнийг нь бүгдээрээ бахархаад л, ямар арга эвтэй жолооч вэ, ийм олон хүүхдийг багтааж суулгаж чаддаг гэж магтсан нь дийлэнх болохоос тийм олон хүүхдийг машинд чихэж, амь насыг нь хутганы ирмэгт аваачсан жолоочийг буруутгах сэтгэхүйтэй хүн ховор байсан. Тэр олон жаахан хүүхэд нэгэндээ дарагдаад, хөл гар нь хөшөөд, амьсгал нь боогдож, бүтэж үхвэл яана?! Ямар мах ачиж яваа биш дээ! Энэ мэт зэрлэг нь цэнгэл болсоор удлаа. 
8. Явган зорчигчид зам тавьж өгнө гэж байхгүй! Угтаа бол өөрөө машинаасаа буугаад л явган зорчигч шүү дээ! Өөр шиг нь, өөрийнх нь аав ээж, ах эгч, дүү шиг нь адилхан хүмүүс, өөрийнх нь үр хүүхэдтэй нь адилхан хүүхдүүд зам гарч яваа гэж огт боддоггүй. 
9. Явганаар зорчихдоо ч манайхан замын хөдөлгөөний дүрмийг маш их зөрчдөг. Би л явган зорчигч гэсэн аятай, дуртай газраараа, эзэнгүй мал шиг явна. Гарцгүй газраар гэнэт ухасхийн машины урдуур гүйнэ. Хүүхдээ хөтлөөд, тэдэнд "замын хөдөлгөөний дүрмийг хэрхэн зөрчих тухай", "үнэгүй сургаж", дадлагажуулна! Харамсалтай нь тэрхүү "үнэгүй сургалт"-ын төлбөрийг хожим хүүхдүүд нь амь насаараа эргүүлэн төлдөг. 
10. Хамгийн аюултай нь согтуугаар, эсвэл согтууруулах ундаа амссан үедээ жолоо бариад давхина!!! "-Уухгүй, би жолоо барина" гэж хэлсэн нэгнээ хөгшин залуугүй л "-За, ганц хундага татахад, ганц шил пиав уухад юун сүртэй юм бэ!" гэж олноороо шоолон даапаалж, "-Араас нь жаахан юм идчих, асуудалгүй!" гэж хээв нэг сургаал айлдацгаан, өөр сэтгэхүйг нь дарангуйлж, "ижил сүрэгтээ нийлүүлнэ"! Энэ зөвхөн Монголд ч биш, гадаадад, энд Америкийн монголчуудын дунд аливаа нэг арга хэмжээ, уулзалт, баяр ёслол, гэр бүлээрээ, найз нөхдөөрөө цугласан үед тохиолддог жирийн үзэгдэл... гэх мэтээр үргэлжилнэ. Хэлсэн, сануулсан нэгнийгээ "их мэдэгч", "хоосон цэцэрхэгч" гэх мэтээр цоллож, элдэв нэр хоч зүүнэ, нийтээрээ зүхнэ. 
Дахиад дуугарахгүй болтол нь нам дарж авна. 
11. Сүүлийн үед, бусдад нялзаах ямар ч аргагүй, зөвхөн өөрөө л сэргийлэхээс өөр ямар ч авралгүй аюул нэмэгдсэн нь "ухаалаг утас"-аа ухаанаа алдтал "маажих"! Урт, богино аль ч зам дээр утас, жолоо хоёрыг хослуулбал Та хэзээ ч сайн юманд хүрэхгүй! Жолоо барьж явахдаа мэссеж бичиж, Hands Free Device буюу "гар чөлөөтэй" тусгай яригчгүйгээр гар утсаар яривал Калифорни Мужид замын хөдөлгөөний эсрэг гэмт хэрэгт тооцож, өндөр торгууль ноогдуулдаг. Та хүрэх газрынхаа хаягийг урьдчилан Жи Пи эС-тээ хийж, Фэйсбүүк, Твиттер, Мэссэнжер болон бусад апп-уудаасаа бүрмөсөн гарсаныхаа дараа машинаа асааж байгаарай! Ухаалаг утас руугаа харж, анхаарлаа өчүүхэн сарниулах төдий хэдхэн агшны дараа та нэг бол эмнэлэгт ухаан орно, үгүй бол тэр чигтээ "нойрсож" ч болох юм. 
Гээндээ ч, гоондоо ч гэдэг шиг... энэ мэтээр Монголын эмгэнэл тасралтгүй үргэлжилсээр... Уг нь жолоо барьж байгаа хүн бүр, би, чи, та, та бид дор бүрнээ бүсээ зүүж, бусдадаа заавал зүүлгэж, гэрлээ шилжүүлж, дүрмээ барьж, хурдаа тохируулж, унтдаг цагтаа унтаад, сэрүүн сэргэг, өдрийн цагт жолоогоо барьж хэвшвэл осол аваарыг лавтайяа 50 хувь бууруулж чадна гэж би итгэдэг. ҮХЭЛ РҮҮГЭЭ БҮҮ ЯАРАГТУН! Нэгнийгээ өнгөрсөн хойно нь маань мэгзэм уншиж, өөрсдийгөө хуурахын оронд, "Хамгаалалтын бүсээ зүү!" гэж шаардлага тавьж, өөрөөсөө эхлэн хэрэгжүүлж, бусдадаа үлгэрлэж, аваар ослоос сэргийлцгээе! Өөрийнхөө болоод өрөөл бусдын амь насыг аварцгаая! Хамтдаа урт удаан амьдарцгаая, бидний цөөхөн монголчууд аа!

Л.Мөнхтөр
Лос Анжелес 2017.08.18

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594014
0 эможи

keyboard_arrow_up