Монгол Улс хоёр дахь хиймэл дагуулаа сансарт хөөргөнө

2018 оны 8 сарын 16

Arslan.mn

Монгол Улсын Их Сургууль олон улсын BIRDS төслийн хүрээнд хоёр дахь хиймэл дагуул хөөргөх гуравдугаар хурал, “Монголын байгаль орчинд хиймэл дагуулын мэдээлэл ашиглалт” олон улсын наймдугаар хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ хурал нь гурав хоног үргэлжлэх аж.

Тус хуралд сансрын инженерчлэлийн боловсон хүчин бэлтгэх, хэрэглээний шинэ арга замуудыг судлах, олон улсын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Шриланка, Бангладеш, Белги, Филиппин, Малайз, Тайвань гэх мэт нийт 16 орны эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид, байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, боловсрол, байгаль орчныг зайнаас тандан судлалын чиглэлийн эрдэмтэн судлаач, оюутнууд оролцож байгаа юм. Мөн ЗХУ болон БНМАУ-ын баатар, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа энэхүү хуралд өөрийн хувь нэмрээ оруулахаар уригдаад байгаа аж.

Өнгөрсөн оны долдугаар сард Монгол Улс анх удаа “Мазаалай” хиймэл дагуулыг BIRDS төслийн хүрээнд сансарт хөөргөсөн юм. Одоогоор манай хиймэл дагуул бусад улс орнуудын хиймэл дагуулуудаас ганцаараа хэвийн ажиллаж, мэдээлэл дамжуулсаар байгаа аж. Харин энэ жил хоёр дахь хиймэл дагуулыг бүтээх ажлаа эхэлсэн байна.

Одон орон судлалын газрын захирал С.Дэмбэрэл “Хүн төрөлхтөн ирээдүйд сансартай холбогдох нь нэгэнт тодорхой болсон. Техник технологийн өндөр хөгжлийг дагаад сансрын технологийн чиг хандлага ч бас хурдацтай өөрчлөгдөж байгаа. Өмнө нь зөвхөн хөгжсөн том улс гүрнүүдэд яригддаг байсан энэ хиймэл дагуулын асуудал одоо хөгжингүй болон хөгжиж буй орнуудад ч яригддаг болоод байгаа. Энэ хурлын үр дүнд манай улсын сансрын технологи дахин нэг алхмаар урагшилна гэж найдаж байна” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593906
0 эможи

keyboard_arrow_up