Ж.АМГАЛАН: Гэр бүлийн хүчирхийлэл өсөөд байгаа юм биш, мэдээлэл ил болсон учраас өссөн мэт харагдаад байна

2018 оны 7 сарын 30

Arslan.mn

Цагдаагийн Ерөнхий газрын нийгмийн хэв журам хамгаалах,олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ж.Амгалантай ярилцлаа.

-Зөрчлийн тухай хуулиар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто машин жолоодсон иргэдийг торгож байгаа. Үүнд үр дүн гарч байна уу?

-Манай улсад өдөр ирэх тусам автомашины тоо өсч байна. Үүний улмаас зам тээврийн осол,гэмтэл ихэсч байгаа. Иймээс хууль,дүрэм журмыг чангатгахаас өөр арга алга. Урьдчилан сэргийлж, анхааруулж сануулдаг ажлыг сайн хийх нь чухал.  Энэ бол хууль, дүрэм журмын хүрээнд яригдах асуудал биш. Иргэн архи согтууруулах ундааны зүйл бага хэмжээгээр хэрэглэсэн л бол жолооны ард суух хэрэггүй.Үүнийг л хэвшил болгох ёстой юм. Мөн хур бороо их орсны улмаас одоогийн байдлаар томоохон нуур, голууд үертэй байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт 275 айл усанд автсан 87 иргэнийг нь гэрээс нь тусгаарлаж, тусгай байранд оруулсан. Цаашид байгалийг бид захирч чадахгүй. Тиймээс бороо үргэлжлэн орж магадгүй. Гол усны дагуу ойролцоо буусан айлууд зугаалж, амарч байгаа хүмүүс анхаарал болгоомжтой байх ёстой.

 -Бага насны хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг их гарч байна. Энэ нь юутай холбоотой юм бэ?

-Тухайн эцэг эх, асран хамгаалагчдаас шалтгаалсан зүйл их бий. Ямар ч эцэг эх хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө л хичээж амьдардаг. Хүүхдүүд амиа алдсан харамсалтай хэргүүд их гардаг. Хүн бүр анхаарал болгоомжтой байх ёстой. Гэмт хэрэг зөрчил буурахад иргэдийн ухамсар,эдийн засгийн байдал, ахуй, нийгмийн олон хүчин зүйлээс хамаардаг. Өвлийн улиралд нийслэлд шилжилт хөдөлгөөний зөвшөөрөл аваагүй мөртлөө ирж амьдардаг хүмүүсий тоо ихэсдэг. Энэ нь гэмт хэрэг өсөхөд нөлөөлдөг. Тиймээс бид сум, орон нутгийн цагдаагийн хэсгийн төлөөлөгч дарга нартай хамтарч тухайн сумын иргэд өвлийн цагт хаана амьдарч, юу хийж байна гэдэгт өндөр хяналт тавь гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа. Иргэдээ бүртгэлтэй,хяналттай байлгах хэрэгтэй. Орон нутгийн хамгаалалтын тухай хууль гэж бий. УИХ-аас батлаад удаагүй байгаа хууль. Тэнд иргэний биелүүлэх олон үүрэг орсон байгаа. Үүнийг танин мэдүүлэх ажлыг хүртэл хийж байна.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, орон нутгийн засаг захиргаадууд уг асуудалд анхаарах хэрэгтэй. Иргэдийн амьдрах орчин буруу хэв маягтай болсон нь нийгмийн хариуцлагагүй байдалтай холбоотой. Нэг өдөр ажилллахад бүх нэмт хэрэг буурахгүй. Хоёр, гурван жил уйгагүй зүтгэж, алдаа онооноосоо суралцаж, иргэд нь ухамсарласан цагт л аливаа зүйл тайван байдалдаа ордог. Гэмт хэрэг зөрчлийг дан ганц хянаснаар багасдаг зүйл биш. Энэ нь олон сөрөг муу хүчин зүйлсээс шалтгаалдаг. Ямар ч улс орон уг асуудлаар батлагдсан тодорхой жишиг амьдрал гэж байхгүй.

-Энэ жил нийтийг хамарсан олон үйл явдал болсон. Жишээ нь: Play time дээр ямар нэг зөрчил илэрсэн үү?

-Замын-Үүдэд хил хааж, олон машин зогссон асуудлыг цэгцэлсэн. Мөн Улсын баяр наадмын үеэр хэв журам сахиулах ажлыг боломжийн түвшинд хийж гүйцэтгэсэн болов уу. Одоо зарим аймаг орон нутагт анхаарлаа хандуулж байна. Нэг үеэ бодоход залуусын ухамсар эрс дээшилсэн байна лээ. Play time хөгжмийн томоохон наадам Гачууртад болсон. Энэ үеэр залуусыг ажиглахад ялангуяа хотжсон, гадаад явж юм үзэж, нүд тайлсан залуусын ухамсар,ёс суртахуун дээшилсэн байна. Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлдэг болжээ. Монголын нийгэм цаашид гэгээ цацруулж, ирээдүй болсон залуус эх орноо авч явахад ямар түвшинд байна вэ гэдгийг ажиглахад бахархал төрж байна лээ. Өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан бүхий л төрийн байгууллага, хүмүүсийн итгэл зүтгэл, хамтын хүчээр ард түмэн минь амар тайван байгаа юм. Үүнээс гадна саяхан дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн. Тэр үед бид тусгайлан нийслэл болон аймгуудад шөнийн эргүүл өдрийн цагаар явган цагдааг ажиллуулсан. Улмаар ард иргэдээс хаа сайгүй цагдаа харагддаг боллоо. Өглөө ажилдаа явах, орой гэртээ очиход сэтгэл амар боллоо, гэр орон, гудамж талбай цагдаагийн хяналтад байна гэж бодоод алхахад сэтгэл хангалуун байна гэсэн мэдээллүүд ирсэн.

-Нийслэлд гэмт хэрэг, зөрчил одоогийн байдлаар ямар байна вэ? Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг ихэссэн гэсэн мэдээлэл бий?

-Улсын Их Хурал, Засгийн газраас санаачилж хэд хэдэн хуулиуд гаргаж, хэрэгжүүлэх үүргийг цагдаагийн байгууллагад өгсөн. Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль гэх мэт. Эдгээр олон хууль шинэчлэгдсэнээр нийгмийг нэлээн нээлттэй болгосон.  Нийгэмд ямар гэмт хэрэг бугшиж, мэдэгдэхгүй байна вэ гэдэг нь тодорхой болсон гэсэн үг. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийг авч үзэж байна. Ямар гэр бүлийхэн хоорондоо тохиромжгүй, хэн хүчирхийлэл үйлддэг вэ гэдэг нь тодорхой болж ирсэн. Энэ нь хууль сайн хэрэгжиж байгаагийн шинж юм.  Харин энэ төрлийн гэмт хэрэг өсөөд байгаа юм биш. Нийгэмд далд байсан зүйлүүд ил гарч ирсэн. Үүнийг ил гаргаж, илааршуулж ард түмнээ цэвэр ариун, ёс суртахуунтай, эрүүл чийрэг, бие бялдартай болгоход хуулиуд чухал нөлөө үзүүлж буй. Тухайн гэмт хэрэг хэлбэр,агуулгаараа бий болж өсдөг тал бий. Тухайлбал намар зөрчил гэмт хэргийн гаралт өсдөг. Хөдөө орон нутгаас олон хүн нийслэлд ирдэг тэдний зарим нь хотод албан ёсны оршин суух хаяггүй амьдардаг. Дураараа зангаж, хууль дүрэм зөрчдөг. Бид 300 мянган төгрөгөөс доош мөнгөний хулгайг жижиг хулгай гэж ярьдаг. Ийм төрлийн хулгайн гэмт хэрэг өсдөг.

-Цаашид иргэд юуг анхаарах ёстой вэ?

-Саяхан цагдаагийн ерөнхий газрын дарга нарын зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэцсэн. Урин дулаан цаг,амралтын өдрүүдэд зам тээврийн осол удаа дараа гарч байна. Ноцтой зам тээврийн осол юунаас болж гарсан гэдгийг шалгахад иргэд замын хөдөлгөөнд бүрэн бус текниктэй оролцсон,архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн гэсэн дүгнэлтүүд гарсан. Нэгэнт жолооны хүрдний  ард сууж, текник эзэмшиж байгаа юм бол болгоомжтой явах хэрэгтэй. Зам тээврийн ослын улмаас хоёр, гурваараа амь насаа алдчихсан харамсалтай сэтгэл эмзэглүүлэм хэрэг их гарчээ. Жолооны ард суухдаа хурд хэтрүүлж болохгүй, архи согтууруулах ундаа хэрэглэж болохгүй, аюулгүй байдлыг хангасан текник хэрэгсэлтэй байх гэдгийг иргэд сайтар бодож байнга сэрэмжтэй явах ёстой. Ингэвэл манай улсад жил бүр зам тээврийн ослын улмаас 200, 300 хүний амь нас хохирохгүй. Тухайн иргэн хүнээс их шалтгаалж, хамаардаг. Мөн урин дулааны улиралд гол усны аюулаас сэрэмжтэй байх хэрэгтэй. Хүмүүс гол усны ойролцоо зугаалж байгаад бие биеэ ус руу шидэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй байлгаснаас үүдэж, усанд живэх тохиолдол олон гарсан.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593274
0 эможи

keyboard_arrow_up