Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Боом” өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна
Хан-уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг Хүйтний хонхорхойд нутаглаж байсан Төв аймгийн Баянхангай сумын малчин Б.Нармандахын мал сүргээс Малын гоц халдварт “Боом” өвчин гарсан байна. Дүүргийн хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын хэсэг хуралдан “Боом” өвчин гарсан нутаг дэвсгэрт дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” А/235 дугаар захирамжийн дагуу голомтын бүсийг тойруулан 1,5 км-ийн радиустай 4 пост гарган хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Хорио цээрийн дэглэмд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Мал эмнэлэг, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, 13 дугаар хороо, Туул тосгон хүн эмнэлэг зэрэг байгууллагуудийн нийт 39 хүн ажиллаж байна. 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар ажлын хэсэг хорио цээрийн бүсэд байгаа 153 үхэр, 64 адуу, 1060 хонь, 900 адуу, нийт 20177 толгой малд вакцинжуулалт хийн, 1200 м2 талбай, 38 автомашинд ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна. Нийслэлийн Зооноз өвчин судлалын төв, Туул тосгон хүн эмнэлгээс голомтын бүсэд байгаа болон тухайн айл өрхийг тойрон буусан айл өрх, голомтын бүсэд ажиллаж байгаа ажилчин алба хаагчдад эмнэлгийн анхан шатны үзлэгийг тогтмол хийж биеийн байдалд хяналт тавин нийт 75 хүнд үзлэг хийсэн байна.