Төв цэнгэлдэхэд баяр наадмын нээлт үзэх жуулчдын суудал хүрэлцэхгүй байна

2018 оны 6 сарын 29

Arslan.mn

Үндэсний баяр наадамтай холбоотойгоор Монгол Улсад ирэх жуулчдын тоо эрс өсдөг. Тавдугаар сард 34 мянга гаруй жуулчин манай улсад ирсэн бол зургаадугаар сард 54 мянга болж өссөн байна. Долдугаар сард харин энэ тоо огцом өсч 80 мянгад хүрдэг аж.

Үндэсний их баяр наадмын нээлтийг үзэх 11 мянган хүсэлт холбогдох байгууллагад иржээ. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдээс гаргасан хүсэлтийг нэгтгэн уг тоог гаргадаг байна. Гэвч Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 3,4, 15-р секцийн суудлыг 1500 жуулчинд хуваарилжээ. Мөн нэмэлтээр 1000 жуулчинг цагаан сандлаас баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзүүлэх боломжтой гэж холбогдох төрийн байгууллагаас Монголы аялал жуулчлалын холбоонд санал ирүүлсэн байна. Тэгвэл наадмын нээлтийг үзэх хүсэлт гаргаад байгаа 11 мянган жуулчны хүсэлтийг бүгдийг нь хангаж чадахгүй учраас ихэнхийг нь аймаг, орон нутгийн наадам үзүүлэх зохицуулалт хийсэн гэж БОАЖЯ-наас мэдээллээ. Гэвч энэ зохицуулалт бодит байдал нийцэхгүй байгааг Монголын аялал жуулчлалын холбоо, аялал жуулчлалын компаниуд үзэж байна.

Төв цэнгэлдэхэд баяр наадмын нээлт үзэх жуулчдын суудал хүрэлцэхгүй байна

Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр  “Монгол Улсын аялал жуулчлалын оргил үе нь долдугаар сард буюу наадмын үеэр байдаг. Энэ жил Үндэсний их баяр наадмыг үзэхээр гадны 11 мянга орчим жуулчин ирэхээр баталгаажсан захиалга өгсөн байгаа ч ердөө 1500 билет олгож байгаа юм. Түүнчлэн 1000 орчим  нэмэлт суудлыг зөвхөн нээлтийн үеэр олгодог бөгөөд энэхүү суудал нь огт хүрэлцэхгүй байгаа юм. Зөвхөн тасалбарын хүрэлцээгүйгээс Монголыг зорьж ирсэн 10 жуулчны найм нь зорьж ирсэн баяраа үзэж чадахгүй нутаг буцах болж буй юм. Энэ нь Монгол Улсын цаашдын аялал жуулчлалын хөгжилд сөргөөр нөлөөлж буй бөгөөд олон улсын компаниуд ч манай үйлчилгээг тааруу хэмээн дүгнэж, Монгол дахь аяллаа зогсоох зэрэг арга хэмжээ авч байгаа" гэв. Мөн цааш үргэлжлүүлэн "Монголын аялал жуулчлалын холбооноос удаа дараалан жуулчдад олгогдох тасалбарын тоог нэмэгдүүлэх хүсэлт тавьсан ч хүлээн авдаггүй. Төв цэнгэлдэх хүрээлэн 15 мянган хүний суудалтай ч түүний нэлээдгүй хувийг төрийн өндөр албан тушаалтан, байгууллагуудад шууд хуваарилсан байдаг. Энэхүү хуваарилалтын задаргаатай танилцах боломж огт байдаггүй. Хэн ч хяналт тавьдаггүй бөгөөд энэ нь Монголын аялал жуулчлалыг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийнхэнд хүндээр тусаж байна.

Түүнчлэн аялал жуулчлалын компаниудын зүгээс наадмын баярын ёслолын ажиллагааны арга хэмжээг үзэх суудлын тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Зөвхөн Нью жуулчин турс компанийн хувьд өнгөрсөн жил наадам үзэхээр гэрээ хийн Монголыг зорьж ирсэн 300 орчим жуулчнаа гадаа орхисон байгаа юм.

Жуучлал бол зөвхөн бидний бизнес биш Монгол Улсын нэр хүндийн асуудал юм. Түүнчлэн аялал жуулчлал нь эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй. Тиймээс ядаж Үндэсний баяр наадмын үйл ажиллагааг үзэх тасалбарын  30 хувийг нь жуулчдад зориулан хуваарилах хэрэгтэй" гэлээ.

Үндэсний их баяр наадам бол гадаадад Монголыг сурталчлах маш том соёлын арга хэмжээ юм. Тэр утгаараа аль болох олон жуулчинд баяр наадмыг үзүүлэх хэрэгтэй гэж аялал жуулчлалын компаниуд үзэж байна. Тиймээс дахин 1000 суудал нэмж хуваарилж өгөхийг холбогдох байгууллагуудаас хүсч байна гэдгээ мэдэгдлээ. Өмнөх жилүүдийг авч үзвэл, жуулчдад зориулж зориулалтын бус суудал буюу цагаан сандал тавихад хойд талд суусан жуулчид наадмын үйл ажиллагааг үзэж чаддаггүй гэсэн гомдол мэдүүлдэг байна.

Жил бүр баяр наадмыг зохион байгуулахад 2 тэрбум гаруй төгрөг зарцуулдаг. Тэр утгаараа уг зардлыг жуулчдаас нөхөж авах эдийн засгийн менежментийг сайжруулах шаардлагатай байгааг албаныхан онцолж байлаа. Гадаадын жуулчдын хувьд үндэсний баяр наадмыг 25 ам.доллараар үзнэ. 1500 жуулчин нэг бүр нь 25 доллараар үзвэл 37 мянга 500 доллар болно. Харин цагаан сандлаас үзэх 1000 хүн нэг бүр нь 20 мянган төгрөг төлөх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59086
0 эможи

keyboard_arrow_up