БАЯРТ МЭДЭЭ: Гурван хүний амь аварсан Б.Маргад “Шударга журам” медалиар шагнуулжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган галын аюулаас эрдэнэт гурван хүний амийг аварч, эр зориг, авхаалж самбаа гарган иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн Б.Маргадыг “Шударга журам” медалиар энэ сарын 9-ны өдөр шагнасан байна. “Шударга журам” медалийг байгалийн гэнэтийн аюул, ус, гал түймрээс хүний амь бие, улс, олон нийт, хоршоолол, иргэдийн өмч хөрөнгийг авран хамгаалах, нийгмийн хэв журам сахиулахад амь бие хайрлалгүй зүтгэж гавъяа байгуулсан хүмүүсийг болон хүн ардын эрүүл мэндийг хамгаалахын төлөө гавъяа байгуулсан гавъяатнуудыг шагнадаг билээ.
Өнгөрсөн зургадугаар сарын 16-нд Баянгол дүүргийн 15 дугаар хороо 24 дүгээр байрны дөрвөн тоотод гал гарсан байна. Гал үүднээсээ эхэлж гарсан бөгөөд яах ийхийн зуургүй битүү утаа болж улмаар дотор нь байсан хүмүүс утаанд угаартаж амиа алдах дөхсөн байдаг. Энэ үед 19 настай Б. Маргад 24 дүгээр байрны хажуугаар дүүтэйгээ алхаж яваад “Амь авраарай” хэмээн эмэгтэй хүний орилох дууг сонсоод иргэнийхээ үүргийг нэр төртэйгээр биелүүлж галын аюулаас гурван хүний эрдэнэт амийг аварсан баатарлаг үйлс бүтээсэн билээ.
Б.Маргадын аварсан иргэд бүгдээрээ ахмад настай хүмүүс байсан юм. Тэдний нэг нь хэвтрийн бие муутай хөгшин байжээ. Хэрвээ гал командын машин ирэхийг хүлээсэн бол эдгээр буурлууд бүгд галд өртөж амь насаа алдах байсан гэж тус байрны оршин суугчид ярьж байсан.
Иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн Б.Маргад нь Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн дэд ахлагч цолтойгоор ажилладаг нэгэн юм.