Хүүхдийн паркийн эзэд газартаа биш тоглоомондоо анхаарах цаг болжээ

2018 оны 6 сарын 14

Arslan.mn

Бид Хүүхдийн парк гэж ярьдаг. Албан ёсны нэрийг нь “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК гэдэг. Улаанбаатарт байдаг цорын ганц хүүхдийн парк юм л даа.

Хүүхэд багачуудын зуны амралт эхэлчихсэн, энэ паркийг зорьсон хүний цуваа тасрахгүй, ачаалал ихтэй, ашиг орлого ид цуглуулдаг үе.

Тэгвэл өчигдөр 15:00 цагийн үед Хүүхдийн паркийн “агаарын хөлөг” гэдэг тоглоом эвдэрч, осол гарлаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Манай сурвалжлах багийг очиход Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ажилтнууд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан ч ирсэн байлаа.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Бат-Эрдэнээс юу болсон талаар тодруулахад, “...“Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д тоглоом нурсан гэсэн дуудлага 14:50 минутад манай хэлтэст ирсэн. Одоогоор “агаарын хөлөг” гэх тоглоом нурсан шалтгаан тодорхойгүй байна. Шалгалт хийж байна. Дөрвөн хүүхэд гэмтсэн, амь нас эрсэдсэн зүйл гараагүй" гэв.

Эх сурвалжуудын мэдээллээр, дөрвөн хүүхдийн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа. Дөрвүүлээ эмнэлэгт хүргэгдсэн гэсэн юм. Ер нь манай Хүүхдийн паркийн тоглоом аюулгүй байдлыг хэр зэрэг хангасан бэ гэдэг нь эргэлзээтэй. Гэвч яалт ч үгүй Улаанбаатартаа ганцхан юм болохоор хүүхэд бүр тоглохыг хүснэ. Хүүхэд нь хүсээд байгаа болохоор эцэг эх нь дагуулаад очдог.

Тус компанийн Үндэсний соёл амралтын хүрээлэн хэмээх цахим хуудаст иргэд санал хүсэлтээ удаа дараа явуулж байсан байх юм.

Жишээ нь, “Sarantuya Banzragch: Танайх амралтын өдрүүдэд эрт онгойж болдоггүй юм уу? Дулаахан өдрүүд тийм ч их биш шүү дээ, манайд. Энэ хэдэн өдрийг ашиглаж дорвитойхон ажиллаж энэ хэдэн төмрийн сэг болсон юмнуудаа шинэчилье энэ тэр гэсэн сэтгэл зүтгэл байдаггүй юм уу? Бүхэл бүтэн улсын ганц паркийг ингэж ажиллуулж байдаг хэтэрхий ажилгүй хүмүүс юм даа, та нар” гэсэн сэтгэгдлүүд олон байлаа.

Түүх сөхвөл, Хүүхдийн паркийг анх 1965 оны арваннэгдүгээр сарын 10-нд Нийслэл Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд соёл хүмүүжлийн ажлыг өргөн зохион, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж байх “Хотын Соёл Амралтын Парк” нэртэйгээр байгуулсан.

Тэр үед  37 га талбайд 6,000 мод бут, 60 гаруй мянган мкв зүлэгжсэн талбай, 2.8 км зам МХЗЭ, пионерын хүндэтгэлийн талбай, бага оврын морин тойруулга, дүрст тойруулга, алсыг харагч, микропоезд, гинжит тойруулга, пуужин, савлуур, хүүхдийн машин, дугуй, угсаатны зүйн музей, үлгэрийн гэр, кинотеатр, тунгалаг уст жижиг нуур, завь, Алтанхүү баатар, хүч сорих, мэргэн буудах, тоглоом, хийн буудлага, теннис, биллиард футбол зэрэг 27 цэг, нэгж ашиглалтад орж нээгдсэн байна.

1979 оны намраас 1.8 га талбай бүхий том нуурыг барьж байгуулах ажилд орж, 1980 онд ашиглалтад оруулсны дээр, улсын хөрөнгө оруулалтаар 1981-1983 онд ЗХУ-аас захиалан шинээр алсыг харагч, Сюрприз, уран жолоодлогын машинууд, гэрлэн дохиот, микро автобус, хөгжөөнт аяллын галт тэрэг, далайчин зэрэг долоон төрлийн том талбайн аттракцион, том хүний зориулалттай 16, хүүхдийн зориулалттай найм, бүгд 24 төрлийн автомат тоглоомыг ЗХУ-аас худалдан авч ашиглалтад оруулж хүүхэд залуучуудад үйлчилдэг болсон юм.

1991 оноос “Монголын Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн” гэдэг нэртэй болсон юм. Нийслэлийн Засаг Даргын 2005 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаар захирамжаар Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнг татан буулгасан. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2005 оны есдүгээр сарын 21-ны өдрийн 188 дугаар тогтоолоор хамтарсан компани байгуулах тогтоол гаргасан байдаг. Ингэхдээ тухайн үед "Бодь групп” авч, “Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн” ХХК болон нэрийг нь өөрчилсөн. Тэр үед тус компанийнхан Японы хөрөнгө оруулалт татаж, Монголын Диснейлэндийг байгуулна” гэсэн амлалт өгч байсан юм.

Гэвч түүнээс хойш Хүүхдийн паркийн газрыг тойрсон маргаан л өрнөдөг болсон. Газар нь ч багассан. Энэ талаараа паркийн эзэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай ярьдаг. Харин одоо тэд газраа биш тоглоомуудынхаа аюулын талаар ярих цаг нэгэнт болжээ. Өнөөдөр дөрвөн хүүхдийн эрүүл мэндийг хохироолоо. Маргааш аминд нь хүрэхийг байг гэхийн газар алга.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
58470
1 эможи

keyboard_arrow_up