Төөрсөн МАЗААЛАЙ гэртээ ХҮРГЭГДЖЭЭ
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг Мухарын худаг хэмээх газар малчин Сэнгээгийн хонин дунд баавгайтай төстэй амьтан байна гэх мэдээлэл тус аймгийн БОАЖ-ийн газарт иржээ.
Дуудлагийн дагуу 2018 оны зургаадугаар сарын 6-нд 14:00 цагийн орчим очиход 3-4 насны мазаалай баавгай болох нь батлагдсан байна. БОАЖ-ын газрын мэргэжилтүүд, Гуулин тосгон, Тайшир сумын байгаль хамгаалагчид, ГИДЦГ-ын "А" хэсгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд, аймгийн Цагдаагийн газраас хамтран ард иргэдийн аюулгүй байдлыг хангах пост гарган, Мазаалай хамгаалах нийгэмлэгийн ажилтан судлаач А.Баясгалангаар ахлуулсан багийг иртэл хамгаалан ажиллажээ.
Энэ үеэр залуу мазаалайн хөдөлгөөн, шилжилтийг хорих, идэш тэжээл тавих, айлгахгүй байх, сонирхсон иргэдийг ойртуулахгүй байх зэрэг бүх талын арга хэмжээ авав. Мазаалайг булчин сулруулах тариагаар тарьж, тусгай зориулалтын баригчид тээвэрлэн ГИДЦГ-ын Цагаан бургасны ам хэмээх газар амжилттай хүргүүлсэн талаар Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.