Амралтын өдрүүдэд 114 согтуу жолоочийг саатуулжээ
2018.06.09,10-ны амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 455 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 290 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгалаа. Бүртгэгдсэн нийт ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирч, 20 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн ба 4 нь бага насны хүүхэд бүртгэгдсэн байна.
Тухайлбал: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд асфальтан замд даюун маркийн улсын дугааргүй мотоцикль нь амины Сүки маркийн мотоцикльтой мөргөлдөж жолооч 32 настай Х-н амь нас хохирч, 15 настай Ө гэмтсэн.
ЧД-ийн нутаг Их тойруу, Санхүүчдийн төвийн баруун хойд замд Hyundai Aero city маркийн автобусны жолооч нь мөн Arocity маркийн автобус, Toyota Corolla, Toyota Pruis маркийн автомашинуудтай мөргөлдөж зорчиг, жолооч нарын 3 хүн гэмтсэн.
Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 13 осол, мөргөлдөх хэлбэрээр 14 осол, хашаа, гэр мөргөсөн 2 ососл бүртгэгдсэн байна.
Сүүлийн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэж байгаа нь томоохон фестиваль, задгай талбайн арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаатай шууд холбоотой байна. Түүнчлэн удахгүй Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж хөгжөөн дэмжигчид орой үдшийн цагаар задгай талбайд тэмцээн үзэх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэх, хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гарах, үүнээс шалтгаалан зам тээврийн осол гарах эрсдлийг бий болгодог.
Энэ нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн албанаас задгай талбайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал амралтын хоёр өдөр Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 114 зөрчлийг илрүүлсэн ба үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 2 бүртгэгдсэнийг шалгаж байна.









