Баяр наадмын үеэр нийслэлд томоохон хэмжээний хоёр гал гарлаа
Нийслэлчүүд баярын өдрүүдээр харьцангуй амгалан тайван өнгөрүүлсэн. Тэгсэн хэдий ч өнгөрсөн даваа гаригт буюу долдугаар сарын 14-нд Улаанбаатарт хоёр ч томоохон гал гарлаа. Баянгол дүүрэг, “Модны 2”-т байрлах Монгол, Солонгосын хамтарсан “МК Интернэшинл” компанийн байранд 12:40 цагийн үед гал гарсан байна. Онцгой байдлын алба хаагчид таван машинтайгаар ажиллан галыг унтраах гэсэн боловч нэмэлт хүч шаардлагатай болсон тул дахин нэг машин нэмж ажиллажээ. Тус компанийн ажилчид галын шалтгааныг цахилгааны хэлбэлзлээс болсон байж болзошгүй гэж ярьж байв. Ингээд Онцгой байдлынхан Баянгол дүүрэгт гарсан уг галыг дөнгөж унтрааж, аюулгүй болгохтой зэрэгцэн хотын төвд буюу олны нэрлэж заншсанаар 40 мянгатын 40-р байранд /ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын байр/ гал гарсан тухай дуудлага 14:40 цагийн үед Онцгой байдлын албанд иржээ.
Гал 40-р байрны дээврийн зүүн хэсгээс эхэлсэн бөгөөд оршин суугчид “Дуудлага өгснөөс хойш 30 орчим минутын дараа гал сөнөөгчид ирсэн” гэх тайлбар өгч байлаа. 40-р байрны дээврийн гал улмаар 42 дугаар байрны дээвэр хэсгийг бүхэлд нь хамарч, гал сөнөөгчид болоод оршин суугчдыг нилээд сандаргалаа. Онцгой байдлын гал сөнөөгчид Баянгол дүүрэгт гарсан гал дээр ажиллаж байгаад шууд Дөчин мянгатад гарсан эл гал дээр ирж ажилласан бөгөөд иргэд том хэмжээний ноцтой гал гарсан тохиолдолд манай аврах алба, гал сөнөөгчдийн тоног төхөөрөмж, хүчин чадал сул байгааг шүүмжилж байв.
Онцгой байдлынхан дээврийн галыг унтраах явцдаа 40, 42 дугаар байрны дээд давхрын бүх оршин суугчдыг гадагш гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Тус ггал гарсны улмаас төв замын хөдөлгөөнийг хаан, гурван цаг гаруй хугацаанд ажилласны дүнд 40, 42 дугаар байранд гарсан галыг бүрэн унтраажээ.