Цагдаагийн алба хаагч 4 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэргийг АТГ-т шилжүүлсэн

2018 оны 5 сарын 29

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч, ахмад М бусдаас багагүй хэмжээний хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал өнгөрсөн пүрэв гарагт ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч, ахмад М-ийг бусдаас хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд албан бус мэдээллээр Налайх дахь мал мах, түүхий эд худалдааны чиглэлийн компанийн татвараас зайлсхийсэн үйлдлийг шалгаж байхдаа захирлаас нь дөрвөн сая төгрөг авсан аж.

Энэ асуудлаар өнөөдөр ЦЕГ-аас хэвлэлийн хурал хийлээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү: 

Тэрбээр “Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч, ахмад М өөрийн шалгаж байсан хэргийн холбогдогчоос хахууль авсан байж болзошгүй хэргийг манай цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалтаараа илрүүлж, хэргийг нь АТГ-т шилжүүлсэн. АТГ шалгаж байна. Он гарсаар сахилга хариуцлагын зөрчил гаргаж, цагдаагийн алба хаагчид дотооддоо дэг журам сайжруулах, хууль тогтоомж зөрчдөг аливаа асуудалтай тэмцэх ажлыг эрчимтэй өрнүүлж байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон замын цагдаагийн асуудлыг холбогдох хуулийн дагуу АТГ-т харьяаллын дагуу шилжүүлсэн. Бид дээрх мэт асуудалтай эвлэрэхгүй цаашид ч тэмцэнэ.

Энэ сарын 19-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ноцтой зам тээврийн осол гарсан. Цагдаагийн алба хаагч, хурандаа осол гаргалаа гэсэн ташаа мэдээлэл  олон нийтэд цацагдсан. Шалгахад 2007 онд тэтгэвэрт гарсан дэд хурандаа цолтой хүн байсан. Зам тээврийн осолтой холбоотой энэ асуудлыг  цагдаагийн байгууллагаас  хуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Цагдаагийн төв байгууллагын дотоод хяналт шалгалтын 126 гэдэг тусгай утас ажилладаг. Иргэд та бүхэн 24 цагийн турш энэхүү утас руу цагдаагийн алба хаагчтай холбоотой хээл хахууль, хүнд суртлын асуудлыг мэдээлж байх боломжтой. Мөн Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн фэйсбүүк хуудас, твиттер хуудаст цагдаагийн алба хаагчтай холбоотой мэдээллийг ирүүлэх боломжтой. Бид мэдээллийг хүлээж аваад хуулийн дагуу холбогдох ажиллагааг явуулна.” хэмээлээ. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
57864
1 эможи

keyboard_arrow_up