Барилгын ханган нийлүүлэгчид өнөөдөр чуулна
Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилготой барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн хоёрдугаар чуулган өнөөдөр болно.
Эдийн засгийн нөхцөл байдал сэргэн, гадны хөрөнгө оруулалтууд орж байгаа энэ үед барилгын салбарын ханган нийлүүлэгчид болох материал үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчдэд үйл ажиллагаагаа хэрхэн чиглүүлж явуулах, баримтлах бодлого, чиг баримжаа, арга замыг танилцуулахаар төрийн байгууллагууд болон Монголын урдаа барих эдийн засагч, менежерүүд илтгэл тавьж, зөвлөгөө өгөх юм.
Тодруулбал, төрийн байгууллагууд болон салбарын аж ахуйн нэгжүүд хоорондоо харилцан уялдаатай ажиллах боломжийг дэмжсэн энэхүү чуулганд Барилга, Хот Байгуулалтын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Барилгын Хөгжлийн Төв, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо, “Барилга.МН” болон Барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, худалдааны төлөөлөгчид оролцоно.
Чуулганд Барилгын салбарт төрөөс баримтлах бодлого чиглэл, Төрийн худалдан авах ажиллагаанд болон Нийслэл дэх бүтээн байгуулалтад ханган нийлүүлэгчдийн оролцоо, Монгол улсын эдийн засгийн төлөв байдал барилгын салбарын нөлөөлөл, Чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоо, Ханган нийлүүлэлтийн төслийн менежмент, Борлуулалтаа нэмэгдүүлэх арга зам зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, зохион байгуулагдана.
БАРИЛГЫН ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ЧУУЛГАНЫ ХӨТӨЛБӨР
09:00 Нээлт: Барилга, Хот Байгуулалтын Сайд Х.Баделхан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, МБҮА-ийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд
09:20 Барилгын салбарын ханган нийлүүлэгчдэд төрөөс баримтлах бодлого чиглэл, БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Соёмбоо
09:40 Нийслэлээс 2018 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Эрдэнэчимэг
10:00 "Гэр хорооллын дахин төлөвлөлт, Сервис центр, Улсын төсвийн хөрөнгө оруулалтын шугамаар санхүүжих объектуудад барилгын материалын үйлдвэрүүдийн оролцоо, МБМҮХ-ны Гүйцэтгэх захирал О.Лхагвадорж
10:40 Эдийн засаг барилгын салбарын ханган нийлүүлэгчдэд үзүүлэх нөлөөлөл, СЭЗИС-ийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч Ж.Дэлгэрсайхан
11:00 “Тулгын 3 чулуу-Шинэ үеийн барилгын ханган нийлүүлэлтийн тогтолцоо”, “Барилгачин групп”-ийн Ерөнхий захирал Г.Батсүх
11:20 Хямралын дараах маркетинг, СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш Б.Нандин-Эрдэнэ
11:40 Ханган нийлүүлэлтийн чанарын удирдлагын тогтолцоо, “Observe Consulting” зөвлөх үйлчилгээний байгууллагын захирал Д.Отгонбат
12:00 Хэлэлцүүлэг: Барилгын материалын ханган нийлүүлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам
12:40 Хэлэлцүүлгийн саналууд, Дүгнэлт









