Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулав

2018 оны 5 сарын 11
Arslan.mn
ЦЕГ "Сэрэмжлүүлэг" мэдээний буландаа сүүлийн үеийн гэмт хэргүүдийн дийлэнх нь архинаас хамааралтай байгааг анхаарууллаа.
Иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж бусадтай маргаан үүсч бусдын биед гэмтэл учруулсаар байна. Өнгөрсөн шөнө л гэхэд архидан согтуурсны улмаас нэгнээ зодож, мэсээр гэмтээсэн зургаан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тиймээс иргэд та бүхнийг архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас  анхааруулж байна.
  • Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах бааранд хамгаалагч намайг зодоод гар хугалчихлаа” гэсэн мэдээллийг тавдугаар сарын 11-ний 00:35-д авч, шалгахад Баянгол дүүргийн 20 дугаар хороонд оршин суух хаягтай 29 настай “М”-г согтуурсан үедээ бусадтай маргалдах үед тус баарны хамгаалагч 18 настай эрэгтэй “Б” түлхэж унаган, зүүн гарын шууг хугалж гэмтээснийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
  • Хан-Уул дүүргийн 4-р  хорооны нутаг дэвсгэрт хэрүүл маргаан, зодоон болоод байна” гэсэн мэдээллийг 05-р сарын 10-ны 19:40-д авч, шалгахад тус хороонд оршин суух 54 настай эрэгтэй “Б”-г 43 настай эрэгтэй “Н” согтуурсан үедээ зодож, зүүн гарыг нь төмрөөр цохиж, баруун шанааг нь зүсэж гэмтэл учруулан зугтаасныг илрүүлэн Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.                                              
  • Багануур дүүргийн нэгдүгээр хороо ”Төв аймаг Мөнгөнморьт сумнаас дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хүлээн авах тасагт хутгалуулсан хүн ирлээ” гэсэн мэдээллийг шалгахад тус газар суух 28 настай эрэгтэй “Б”-ийн хэвлийд 31 настай эрэгтэй согтуурсан үедээ үл ялих зүйлээс марган хутгалж гэмтээсэн хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
  • Налайх дүүргийн долдугаар  хороонд хутгалуулсан хүн байна” гэсэн мэдээллийг тавдугаар сарын 10-ны 16:48-д авч,  шалгахад тус хороонд оршин суух хаягтай 37 настай эрэгтэй “Э”-ийн нуруунд тус тоотод суух 43 настай эрэгтэй “Э” согтуурсан үедээ маргалдан хутгалж гэмтэл учруулсан хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
  • Баянгол дүүргийн 16 хороонд орших “+25” баарны гаднаас толгойдоо хутгалуулсан хүн ГССҮТ-д ирсэн байна” гэсэн мэдээллийг тавдугаар сарын 10-ны 01:09-д авч, шалгахад Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд оршин суух хаягтай 19 настай эрэгтэй “Б”-г Сонгинохайрхан дүүргийн 31 дугаар хороонд оршин суух хаягтай, 21 настай эрэгтэй “Э” согтуурсан үедээ үл ялих зүйлээс марган толгойн дээд хэсэгт гурван удаа хутгалж гэмтээсэн хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
  • Налайх дүүргийн хоёрдугаар хороонд  “Тавдугаар сарын 10-ны 17:00 цагийн орчим зүс таних хүнд зодууллаа” гэсэн мэдээллийг тавдугаар сарын 10-ны 18:30-д авч шалгахад “Буян Налайх” худалдааны төвийн урд автобусны зогсоол дээр Дундговь аймаг Цагаан дэлгэр суманд оршин суух хаягтай 43 настай эрэгтэй “Т”-г Налайх дүүргийн гуравдугаар хороонд оршин суух хаягтай, 46 настай эрэгтэй “Т” согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглаж нүүрэнд нь гараар цохин зодож гэмтээсэн гэх хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст  шалгаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57168
0 эможи

keyboard_arrow_up