100 Төгрөгтэй явахаас 100 Найзтай яв
“Танилтай хүн талын чинээ”, “Зуун төгрөгтэй явснаас зуун нөхөртэй яв” гэдэг үгнүүд бидний чихэнд улиг болчихсноос биш, нарийндаа амьдралд хамгийн их хэрэгтэй хэлц юм.
Төрөлхийн бүрэг ичимхий хүмүүсамьдрал үргэлж өөрт нь цөөн хаалгыг нээж өгдөг хэмээн гомдоллож явдаг. Тэд найз нөхөд цөөнтэй учраас л, аливаад хүрэх зам нь урт байдаг юм. “Танихгүй хүнээс би яаж юм асуух юм бэ?” гэж бодсоор байгаад өөрөө бүхнийг шийдвэрлэх гэж хичээдэг хүнээс, хэн нэг тэр тал дээр туршлагатай хүнээс асуугаад л амархан аргыг нь олчихдог хүн аливааг хамаагүй хурдан, бас хялбараар хийх нь мэдээж.
Бүх юмны сонголтыг бид өөрсдөө л хийдэг гэнэ. Уурлах, уурлахгүйн, буруу юм хийх ба хийхгүйн, уйлах, уйлахгүйн. Хэн нэгэнтэй ярьж, тэдэнтэй найз болох үгүйн сонголтыг ч бас. Тиймээс “аргагүй нөхцөл байдал” гэдэг үг ч нэг талаас “аргагүй л” сонголтоо буруу хийчихдэг хүний “жижүүрийн үг” аж. Хүмүүс бидний боддогоос хамаагүй илүү эелдэг, нээлттэй, яриа хөөрөөтэй байдаг. Гаднаасаа чимээгүй, дуугүй, их зантай харагддаг хүн ч хэн нэгэн түрүүлж өөр дээр нь ирж яриа өдөхийг хүлээдэг нэгнээс цаашгүй юм.
Эрсдэлтэй нүүр тулж байж л сайхан шагналууд ирнэ. Ямар ч юмыг хийж үзээгүй атлаа “аймаар” гэж бодож суухын оронд, хийж үзчихээд үнэхээр аймар байсан эсэхийг дүгнэх нь дээр юм. Хэн хүнтэй ч яриа өрнүүлж сурна гэдэг өөрийнхөө сул талыг даван туулах том боломж юм.
Хүмүүс өөр дээр чинь ирж найзлахыг, танил болохыг хүлээлгүйгээр, өөрсдөө тэдэн дээр очиж сурагтун. Өөрөөр хэлвэл юу ч бодож саналгүй, урсгалаараа явж байтал зам дээр хаалганууд гарч ирнэ гэж найдалгүйгээр, өөрийнхөө хаалгануудыг өөрөө бүтээж явна гэсэн үг юм. Танихгүй хүнтэй өрнүүлсэн яриа бүхэн танд харилцааны шинэ туршлагыг суулгахаас гадна хорвоогийн сонин сайхныг сонсох гүүр, мэдэхгүйгээ хурдан түргэн мэдэж авах боломж болно. Тэрнээс гадна та өөрийгөө бусадтай хурдан найзууд болох чадвартай гэдгээ мэдэрч өөртөө илүү итгэж эхэлнэ.