Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Өнгөрсөн долоо хоногт боловсролын салбарт Хэн, Юу хэлсэн талаар хүргэж байна. /2014.07.02- 2014.07.09/
БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбуян : БШУЯ-наас сургалтын төлбөрийг хянах боломжгүй
Бид боловсролыг чанартай явуулья гэвэл санхүүжилтийн олон эх үүсвэртэй хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл их дээд сургуулиудын санхүүжилтийн бүтцийг 90-95 хувь нь зөвхөн сургалтын төлбөр байгаатай холбоотойгоор инфляцийн төвшин өсөх , ямар нэгэн зардал нэмэгдэхэд төлбөр тодорхой хувиар нэмэгддэг. БШУЯ болон салбарын сайдад сургалтын төлбөрийн хэмжүүр тогтоох эрхзүйн орчин байхгүй. Иймээс холбогдох мэргэжлийн байгууллагууд үүнийг хянах ёстой. Гэхдээ инфляцийн төвшин гээд тодорхой нэг жишиг тогтсон байгаа учраас удирдах зөвлөлүүд нь хуралдаад ямар төвшинд шийдвэр гаргах нь тэдний эрх үүрэг юм. /Зууны мэдээ 2014.07.09/
БҮТ-ийн Элсэлтийн шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат: Муу гэсэн дүгнэлт гаргасан хүмүүс элсэлтийн шалгалтын үнэлгээ, аргачлалыг мэдэхгүй байна
Алдаа дутагдал өмнөх жилүүдээсээ харьцангуй бага байна. Санал гомдол бага ирж байна. Энэ жил шалгалтанд хамрагдсан бүх хүүхдүүдээс Монгол хэл бичгийн хичээлийн шалгалтыг авсан. Үүгээрээ онцлог байлаа. Монгол хэл бичгийн шалгалтанд шалгалт өгч байгаа бүх хүүхдүүд орсон. Нийт 48333 хүүхэд хамрагдах ёстой байснаас 1567 хүүхэд хоцорсон, ирээгүй байгаа. Энэ хүүхдүүдийн ихэнх нь өмнөх оны төгсөгчид байсан. Монгол хэл бичгийн хичээлийн шалгалтыг заавал өгөх ёстой учир энэ хүүхдүүдээс дахин шалгалт авах болно. Авах тов гараагүй байгаа. /Өдрийн сонин 2014.07.03/
НБГ-ын Барилга хөрөнгө оруулалт хариуцсанн мэргэжилтэн Э.Баярмагнай: Гуравдугаар сургуулийн барилгыг энэ жил ашиглалтад оруулж амжихгүй
Сургууль , цэцэрлэгийн засварын ажил эхлээд 20 гаруй хувьтай явж байна. Он дамжин яригдаж байгаа гурван сургууль бий. Гуравдугаар сузргууль болон Баянзүрх дүүргийн 11 болон 21 дүгээр хорооны сургуулиуд байгаа. Хөрөнгө нь сая тодотголоор шийдэгдсэн. Гуравдугаар сургууль нийтдээ 6 тэрбум 759 сая төгрөгний өртөгтэй байгаа. Энэ онд гурван тэрбум төгрөг тавигдсан , дараа онд үлдэгдэл мөнгө нь тавигдаад , ирэх оны 9-р сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Баянзүрх дүүргийн сургуулиуд энэ оны эцсээр ашиглалтанд орно. /Зууны мэдээ 2014.07.04/
Гэгээрлийн сайд асан, доктор профессор Ч.Лхагважав : Боловсролын тогтолцоо шинжлэх ухаанд баттай суурилж амжаагүй байна
Миний ойлгосноор бол чадвартай мэдлэгийн суурь нь боловсролын агуулгын академик төвшин л дөө. Ийм агуулгаар бол Монголын боловсролын суурь уламжлал маш сайн байсан. Өөрөөр хэлбэл эрдэмшлийн төвшин маш өндөр байлаа гэж боловсрол судлалын мэргэжлийн шинжээчид дүгнэдэг. Олон улсын мэргэшсэн шинжээчид ч ингэж үнэлдэг. Харин боловсролын систем буюу боловсрлолын тогтолцооны бүрдэл бол маш өрөөсгөл бүрдэл хэсгүүд дутуу байсан. Ер нь боловсрол бол шинжлэх ухааны хөгжлийн бодлогоо аливаа үзэл суртлаас ангид байлгаж чадвал ийм шүүмжлэл аяндаа арилна. Энэ бол зөвхөн Монголын төдийгүй хүн төрөлхтний хөгжлийн түүхийн гашуун сургамж юм даа. /Үндэсний шуудан 2014.07.9/