АЗХ-ын санаачлагаар “Үндсэн хуулийн шинэчлэл” ийн асуудлаар хэлэлцлээ

2018 оны 4 сарын 30

Бодлого – Зарчим форум нь ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэгч залуус жил бүр нийгэмд тулгамдаж буй цаг үеийн тодорхой асуудлуудыг ардчиллын суурь зарчмууд, хүний эрхийн хандлагын үүднээс бодлогын түвшинд нухацтайгаар, олон талаас нь хэлэлцэх талбар юм.

Бодлого – Зарчим форумын 2018 оны сэдэв бол “Үндсэн хуулийн шинэчлэл”ийн талаарх асуудал байлаа. 1992 оны Үндсэн хууль нь ардчилсан нийгмийн суурь үнэт зүйлс, зарчмуудыг тунхаглан, засаглалын эрх мэдлийн хэмжээ хязгаарыг тогтоож бэхжүүлснээрээ Үндсэн хуульт ёс гэх хүн төрөлхтний нэн чухал дэвшлийг Монгол Улсад нутагшуулсан ач холбогдолтой билээ. Үндсэн хуулиар тогтоосон засаглалын тогтолцоо нь харьцангуй удаан хугацаанд тогтвортой үйлчилж улс орны хөгжлийн бодлого тодорхойлох үйл явцыг зохицуулдаг тул тухайн цаг үеийн улс төрөөс чанад хэт, хянуур хандах ёстой асуудал билээ.

Сүүлийн жилүүдэд бодлогын түвшинд хэлэлцэж буй нэмэлт өөрчлөлтийн саналууд нь Үндсэн хууль дах эрх мэдлийн хяналт тэнцлийн зарчимд багагүй өөрчлөлт оруулахуйц байгаа тул олон талт, нухацтай хэлэлцүүлэг, өргөн хүрээний хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг шаардаж байна.

Иймд Ардчилсан залуучуудын холбооны Бодлого – Зарчим форумаар Үндсэн хуулийн түвшинд тулгамдаж буй бэрхшээлүүд, шалтгаан нөхцөл ба шийдлийн зохист боломжууд, санал болгосон нэмэлт өөрчлөлтийн төсөл нь ахиц авчирч чадах эсэх зэргийг хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлэг нь: Шүүх эрх мэдэл- Үндсэн хуулийн цэц ба шүүхийн тогтолцооны шинэчлэл, Засаг захиргаа- нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага ба шинэчлэл, Гүйцэтгэх эрх мэдэл: засгийн газар ба ерөнхийлөгчийн институт- шинэчлэлийн асуудлууд, Хууль тогтоох эрх мэдэл ба шинэчлэл зэрэг томоохон чухал сэдвийн хүрээнд болж өндөрлөлөө.

Мэргэжлийн мэргэшсэн хуульч судлаачдын байр сууриа илэрхийлсэн тус хэлэлцүүлгээс залуус мэдлэг мэдээллээ дээшлүүлэх, өөрсдийн байр сууриа хуваалцах, цаашлаад олон нийтэд, бодлого тодорхойлогчдод хандсан уриалга, зөвлөмж гаргах зорилготойгоор дээрх форумыг зохион байгуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56688
0 эможи

keyboard_arrow_up