ШШГЕГ-ын албан хаагч Пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль хүртлээ
Пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлт дэлхийн цомын тэмцээн 07 дугаар сарын 2-6-ны хооронд ОХУ-ын Новосибирск хотноо боллоо. Нийт 25 орны 1000 гаруй тамирчид өрсөлдсөн уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 21 тамирчин амжилттай оролцоод ирсэн байна.
Энэ жилийн дэлхийн цомын төлөө тэмцээний алтан медалийг Монгол Улсын тамирчин тэр дундаа ШШГЕГ-ын албан хаагч, ахмад М.Батбаяр хүртлээ. Тэрээр Монгол Улсын спортын мастер цолтой, Пауэрлифтингийн спортоор 9 жил хичээллэж байгаа туршлагатай, чадвартай тамирчин юм.
Дэлхийн цомын төлөө тэмцээнээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ олж авсан тэрбээр 8 дугаар сарын 20-24-ний хооронд Москва хотноо болох Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлдээ гараад байна.
Үндэсний их баяр наадмын өмнөхөн цол нэмсэн, Дэлхийн цомын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, алтан медалийн эзэн болсон ШШГЕГ-ын тусгай бүлгийн ажилтан, ахмад М.Батбаяртаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт албан хаагчдын нэрийн өмнөөс баяр хүргэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нь амжилт хүсье.