Үлэг гүрвэлийн музей нээлтээ хийнэ
Лениний музейг үлэг гүрвэлийн музей болгох гэж ТӨХ, МАН олон удаа шүүх, цагдаагаар явсны эцэст В.И.Лениний музейг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харъяа Үлэг гүрвэлийн төв музей болгон авч үлдсэн. Тэгвэл өнөөдөр эл музей нээлтээ хийж, "Т-Батаар ба сор үзмэрүүд" сэдэвт үзэсгэлэнг нийтэд толилуулж эхлэх гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 20.00 цагаас болох юм. Нээлтийн үзэсгэлэнд дэлхий дахинд “Монгол баатар” хэмээн алдаршсан Тарбозавр батаар болон бусад Монголын сор үзмэрүүд болох 15 зулзаган протоцератопс, Ингениа, Овираптор, Сайхания зэргийг дэлгэн сонирхуулахаар болсон байна. Үзэсгэлэн өнөөдөр үнэ төлбөргүй олны хүртээл болох бол маргаашнаас эхлэн том хүн 2500, хүүхэд 1000 төгрөгөөр үзэж сонирхох боломжтой болох аж.