Өнөөдөр үлэг гүрвэлийн музейн нээлт болно
Багагүй хугацаанд шүүхдэлцсэний эцэст төрийн өмчид ирсэн В.И.Лениний музейг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харъяа Үлэг гүрвэлийн төв музей болгох шийдвэр гарсан билээ. Харин өнөөдөр эл музей нээлтээ хийх бөгөөд "Т-Батаар ба сор үзмэрүүд" сэдэвт үзэсгэлэнг нийтэд толилуулж эхлэх гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт өнөө орой 20.00 цагаас болох юм байна.
Нээлтийн үзэсгэлэнд дэлхий дахинд “Монгол баатар” хэмээн алдаршсан Тарбозавр батаар болон бусад Монголын сор болсон үзмэрүүд болох 15 зулзаган протоцератопс, Ингениа, Овираптор, Сайхания зэргийг дэлгэн сонирхуулах ажээ. Үзэсгэлэн өнөөдөр үнэ төлбөргүй олны хүртээл болно. Харин маргаашнаас эхлэн том хүн 2500, хүүхэд 1000 төгрөгөөр үзэж сонирхох юм байна.