Нийслэлийн Засаг даргын орлогчид төсвөөс цалин авахгүй боллоо

2014 оны 7 сарын 08

НИТХ-ын ээлжит XVIII хуралдаан 7 сарын 4-нд болж хуралдаанаар “Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа. 
 Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү шилжих” санаачилга болон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын бүтцийг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, орон тоог бууруулах, зардал хэмнэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулах бодлогыг тодорхойлох зорилгоор  энэхүү хөтөлбөрийг боловсруулжээ.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хөтөлбөрийн талаар НИТХ-ын хуралдаанд танилцуулах үеэрээ, “Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа бүрийг санхүү, төсвийн үр дүн, хэмнэгдэж болох зардал, орон тооны хэмжээгээр нарийвчилан судалсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  нийслэлийн төрийн байгууллагуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгох, уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагааны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, төрийн албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх  боломжтой болно. Мөн Ухаалаг Улаанбаатар болох зорилгодоо хүрэхийн тулд нийслэлийн хэмжээний 57 байгууллагаас үзүүлж буй 540 нэр төрлийн үйлчилгээг цахимжуулах, төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга замуудыг сонгон үе шаттайгаар шилжүүлэхээр хөтөлбөрт тусгасан байгаа.  Тодруулбал нийслэлийн харьяа байгууллагуудын аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах, төрд зайлшгүй байх шаардлагатайгаас бусад үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх арга хэлбэрийг судалж шийдвэрлэхээр зорьж байна. Мөн төрийн зарим төрлийн үйлчилгээг нийслэлээс дүүрэг, дүүргээс хорооны төвшинд шилжүүлж, ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа агентлагуудыг нэтгэнэ. Мөн бид анх удаа нийслэлийн Засаг даргын орлогч нарт төсвөөс албан ёсны цалин олгохгүй байхаар хөтөлбөрт оруулсан. Энэ нь нийслэлийн Засаг даргын орлогч нарыг бүтээн байгуулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрийг хариуцсан институци болгон үр дүнгээр нь санхүүждэг тогтолцоонд шилжүүлнэ. Ингэснээр Засаг даргын орлогч нарын цалин, Нийгмийн даатгалын шимтгэл, унаа, шуудан холбооны зардлын гээд  нийт 1 тэрбум 82.7 сая төгрөгийг хэмнэх боломжтой болно“ гэж онцолсон юм.  
 
НИТХ-ын төлөөлөгчид хөтөлбөрийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ. Ингэснээр энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын хүнд суртлыг арилгах, шуурхай байдлыг хангах үүднээс ажил үүргийн хуваарийг нь тодорхой болгох, шинэчлэх, ажлын байрны зураг авах, төрийн захиргааны албан хаагчдыг аттестатчлалд хамруулж, төрийн албан хаагчдын ажил үйлчилгээний ачааллыг жигдрүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх ажлыг 2014 онд багтаан явуулах юм. Мөн энэхүү хөтөлбөрийг 2014 оны 07 дугаар сарын 1-нээс 2015 оны 07 дугаар сарын 01-ний хооронд нийслэлийн төр захиргааны байгууллага, өмчит үйлдвэрийн газруудын хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5590
0 эможи
keyboard_arrow_up