Б.Ариунболд: Г.Батбаяр өөрийн зохиосон үйлдлээ бидэнд нялзааж байна
Хар тамхины хэрэгт холбогдсон Г.Сарангэрэл хэмээх охиныг Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний эсрэг зүйл яриулахыг цагдаагийн байгууллагынхан зохион байгуулсан мэдээлэл гарах болсон билээ. Энэ талаар Эрүүгийн цагдаагийн газрын ажилтан Б.Ариунболдтой ярилцлаа.
-Хар тамхины хэрэгт холбогдсон гэх Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр таны талаар ярих боллоо. Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан үйлчлүүлэгчийг нь дарамталж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний эсрэг зүйл ярихыг тулгасан гэх юм. Энэ үнэн үү? -Би ажил үүргийнхээ дагуу хэвлэл, олон нийтийн өмнө ил гарах дургүй. Гарах шаардлага ч байхгүй. Гэтэл сүүлийн үед Г.Батбаяр гэдэг өмгөөлөгч миний нэр хүндэд бүдүүлгээр халдах боллоо. Тиймээс хариу тайлбар өгөхгүй бол намайг нийгэм даяар буруутай мэт ойлгож магадгүй байна. Миний хувьд Г.Батбаярыг танина. Сайн танина.
1998 оноос эхлэн найзлаж нөхөрлөж ирсэн. Танилцсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл найз гэж бодож явдаг байснаа нуугаад яах вэ. Миний санахад энэ нөхөр өнгөрсөн сарын 10-нд надтай ирж уулзсан. Уулзахдаа “Найз нь Г.Сарангэрэл гэдэг охинд эрх зүйн туслалцаа үзүүлэхээр өмгөөлөгч хийж байна.
Гэтэл үйлчлүүлэгч маань өөрийгөө Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй дотно харилцаатай байсан гэж яриад байх юм. Би түүнийг батлан даалтад гаргахаар хөөцөлдөж байгаа. Ээж, аавынх нь бие муу байгаа гээд хүсэлт өгчихсөн. Батлан даалтад бараг гарчих байх. Найз нь энэ охиныг батлан даалтад гарсны дараа нийгэмд сенсааци болгож дэгдээмээр байна.
Г.Сарангэрэлээр дамжуулаад олны танил болж улс төрийн карьераа олж авах ёстой юм шиг санагдаад байх боллоо. УИХ-ын гишүүн О.Баасанхүү манай үйлчлүүлэгчийг хоригдож байх хугацаанд бие үнэлэгч, хар тамхичин гэж элдвээр доромжилсон учраас түүнээс 10 тэрбум төгрөг нэхэмжилсэн” гэх зүйлүүд ярьж байсан.
Тэгэхээр нь “Үнэхээр тийм асуудал байгаа юм бол батлан даалтад гаргаад тэр хэрэг явдлыг нь яриулчихгүй юу” гэхэд Г.Батбаяр “Сэтгүүлчид надад хандаж Г.Сарангэрэлээс ярилцлага авъя гээд байгаа. Тэдний аль нэгийг нь сонгоод ярилцлагад оруулья гэж бодож байна” гэсэн утгатай зүйл ярьчихаад явсан.
Үүний дараа төд удалгүй Г.Батбаярын яриад байсан нөгөө охин “Хоёрдугаар суваг” телевизэд ярилцлагад орсон байдаг. Нэвтрүүлгийг нь үзчихээд “Чи нөгөө надад яриад байсан зүйлүүдээ яриулахгүй яасан юм. Нөгөө айхтар яриад байсан юмнууд нь алга байна” гэснээс өөр зүйл хэлээгүй.
Дэлгэрэнгүй: http://economics.zaluu.com/index_med.php?id=2308