БАЯЧУУДЫН НААДМЫН БАЛАГ

2018 оны 3 сарын 20

Arslan.mn

Өнгөрсөн ням гаригт (2018.03.18) Говьсүмбэр аймагт болж өнгөрсөн “Дүнжингарав-2018” уралдааныг тойрон өрнөж буй маргаан нийгэмд томоохон хэлэлцүүлэг болон өрнөж байна. Энэ жилийн уралдаан хууль зөрчиж явагдсан. Зуу гаруй морьдыг 200 машин дагасан, хамгаалалтад ажилласан цагдаагийн албан хаагчид хэв журам сахиулж дийлээгүй, арав гаруй хүүхэд мориноос унасан, соёолон насны морь шөнө 22:37 минутад барианд орсон. Үдэш, оройн цагаар барианы зурхайд ирсэн морь хүүхэд хоёроо уяач нь таниагүй. Наадмын талбай орилоон хашгираанаар дүүрч “монгол биш наадам” болж өнгөрсөн гэсэн дуулиан дагалдав.
Харгис наадмын эмгэнэлтэй төрх иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Энэ наадмын үргэлжлэх хугацаа удааширч, соёолон насны морь үдэш орой уралдах нь тодорхой болоход наадамд оролцож байгаа хүмүүс уралдааныг цуцалдаггүй юм гэхэд маргааш болтол хойшлуулна уу гэсэн хүсэлтийг гаргасан ч зохион байгуулагчид нь зөвшөөрөөгүй. Хамгаалалтад гарсан цагдаагийн албан хаагчид наадмыг талбайг дүүргэсэн олон зуун жийп машиныг хорьж дийлээгүй гэсэн яриа дагалдаж буй юм.
Энэ удаагийн наадамд 16 хүүхэд мориноос унаж, гурван хүүхэд хүнд бэртжээ. Тэдний хоёр нь ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн байгаа. Одоо нэг нь аймгийн нэгдсэн эмнэлэгт, нөгөө нь Гэмтэл согогийн үндэсний төвд  эмчлүүлж буй аж. Угтаа бол хүүхдийн амь нас, эрүүл мэндийг золиолсон зугаацах өвлийн уралдааныг уг нь 2016 онд Хөдөлмөрийн сайд “Хурдан морины өвөл, хаврын уралдааны үеэр хүүхэд унаж гэмтэх, хацраа хөлдөөх эрсэлтэй тулгардаг. Энэ уралдаан хүүхдүүдийн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, амьд явах эрхтэй зөрчилддөг. Мөн насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглох ажлын байрны жагсаалттай зөрчилддөг гэсэн үндсэлэлээр хориглож байсан юм.
Өнгөрсөн онд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан болон дунд шатны шүүх ч өвлийн уралдааныг хориглосон шийдвэрийг гаргаж байв. Гэвч энэ хавар Дүнжингарав-2018 уралдаан болдогоороо болж, болох болохдоо араасаа багагүй хэл ам дагуулаад авлаа. Зэрлэг наадмыг дагаад хүйтний улиралд шөнө дөл хүртэл үргэлжилсэн зэрлэг наадмыг хэн зохион байгуулсан бэ, оройн цагт гарааны зурхайгаас морь тавих шийдвэрийг хэн гаргасан бэ гэсэн асуулт өрнөж байна.
Засгийн газар энэ оны нэгдүгээр сарын 25-нд өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглож, үүнтэй хамт жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-наас тавдугаар сарын 1-ны хооронд ямар нэг уралдаан зохион байгуулах, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон шийдвэр гаргасан байх юм. Гэвч энэ өдөр
Улсын баяр баяр наадмын комисс болон Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин: Засгийн газар шийдвэрээ гаргачихсан. Өвөл, хаврын морин уралдааныг хорьж болохгүй юм билээ. Яагаад гэхээр, Монголын морин спорт уяачдын холбооноос бүс, аймаг, суманд зохион байгуулагддаг уралдаануудыг зохицуулах чиглэлд тодорхой ажлууд хийдэг юм байна. Тэр нь хяналтаас гараад явчих магадлалтай гэж үзсэн. Тиймээс цаг агаараа харж байгаад дулаавтар өдрүүдэд уралдаанаа зохион байгуул. Уралдах газраа зөв сонгож бай гэсэн чиглэл өгөхөөр болсон” гэсэн хариултыг хэвлэлийнхэнд өгч байжээ. Харин
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар: Наадмын зохион байгуулалт хангалтгүй байсан. Уралдаж байгаа  морины тоотой, дагаж яваа машины тоо тэнцүү байсан гээд бод. Их насны морьдын уралдаан  дээр  гэхэд  морьтой уралдаж байгаа хүүхэд урд яваа  машинаа харахгүй мөргөж ухаан алдсан тохиолдол гарсан. Уяачид унаач хүүхдийн насыг өөрчлөхийн тулд морь унах хүүхдийг өөр хүүхдийн гэрчилгээгээр бүртгүүлсэн. Гэтэл нөгөө хүүхэд гэмтэл авсан. Гэмтсэн хүүхдийг эрүүл мэндийн даатгалд хамруулна гэтэл жинхэнэ нэр нь гарч ирсэн. Ингээд хүүхэд даатгал авч чадахгүй нөхцөл үүссэн.
Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Г.Батзам: Морь шөнө уралдсан гэдэг бол худал мэдээлэл. Уралдаан нар жаргахаас өмнө дууссан. Цахим орчинд тархаад байгаа бичлэгийн талаар мэдэхгүй байна. Зохион байгуулсан газраас нь асуу.
Цагдаагийн ерөнхий газар: Монголын морин спорт уяачдын холбоо хүсэлт гаргаж ЦЕГ-аас 110 алба хаагч, 23 автомашин мотоциклтой хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэсэн. Мөн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 25, Онцгой байдлын 25 албан хаагч ажилласан. Морь харанхуйд уралдсан үзэгдэх орчин муутай, хуурайшилт ихтэй, тоосжилт ихтэй газар болсон наадмын талбай хүүхэд мориноосоо унахад нөлөөлсөн. Цагдаагийн байгууллага урлаг, спортын олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах, хориглох хуулийн заалт байхгүй. Харин аливаа олон нийтийн арга хэмжээний үеэр хэв журмыг сахиулах, аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллах үүрэгтэй. Тиймээс хүсэлт гаргасныг үндэслэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэсэн хариултуудыг тус тус өгөөд байна. Үнэн тэд ажил үүргээ л гүйцэтгэсэн.
Наадмын дуулиан өдөржин үргэлжилсэний дараа өчигдөр үдээс хойш (2018.03.29) Ерөнхий сайд Шадар сайд Ө.Энхтүвшинд Дүнжингарав морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд яаралтай дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэгдэв. Мөн бэртэж гэмтсэн хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг яаралтай хийх ажлыг даалгажээ.
Асуудал ийм хэмжээнд өрнөж байхад наадмыг зохион байгуулагчид таг чиг. Дүнжингарав наадмыг Монголын морин спорт уяачдын холбоо зохион байгуулсан гэдгээс өөр эзэн холбогдогч гарч ирэхгүй байгаа юм. Хэвлэлийнхэн тус байгууллагынхантай холбогдох гэж өдөржин эрэл хийж өнжив. Тус төрийн бус байгууллагын албан ёсны сайтаас харвал энэ холбоог улстөрчид, бизнесмэнүүд тэргүүлдэг юм байна. Энэ нь өвлийн наадмыг баячуудын наадам хэмээн зүгээр ч нэг хэлээгүйг харуулах аж. Ерөнхий сайдын хариуцлага тооцох үүргийн дагуу холбогдох хуулийн заалтуудыг хэрэгжүүлнэ гэвэл хүйтний улиралд шийдвэр гаргаж морь уралдуулсан эзэд 100-150 мянган төгрөгийн торгуулийн л шийтгэл хүлээх бололтой.
Энэ нь тэгээд хурдан хүлгээ хэдэн зуун саяар үнэлэн наймаалцаж, хэдэн адуу минь өвлийг өнөтэй давлаа. Хурд, хүч нь хэр байгаа бол. Нэг уралдуулаад харчих юмсан гэж хорхойсож суудаг баячуудын наадмыг зогсоох хөшүүрэг болж чадах уу Ерөнхий сайд аа!
Энэ бүгдээс зэрлэг наадамчид эрсдэл ихтэй цагт гэнэн томоогүй хүүхдүүдийг элдэв хямдхан эдээр хуурч, хурдан морины нуруун дээр гаргахгүй байх ухаан олж авах уу. Тэдэнд хүний олон нялх хүүхдийг амь насыг хайрлан энэрэх сэтгэлийг төрүүлж дийлэх болов уу? 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
55080
6 эможи
keyboard_arrow_up