Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг үүрэг өглөө

2014 оны 7 сарын 07

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл өглөө.
Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газар гамшиг ослын 140 удаагийн  дуудлага хүлээн авснаас, объектын гал түймрийн 103 дуудлага, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 37 дуудлага байна.  Зам тээврийн болон ахуйн осолд өртсөн 49 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, болзошгүй гамшгийн аюулаас 59 хүний амь бие, 73 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалжээ.
2014.06.22-ний өдрийн 09.30 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДЦС-4 ТӨХК–ийн урд 2 далангийн хооронд  химийн бодис булаад байна гэсэн мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлэг, БГД-ийн ОБХ, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн, НОБГ-ийн ГХХ-ийн химийн мэргэжилтэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын химийн байцаагч нар очиж ажиллахад, барилга угсралтын Юнтай Шань ХХК-ийн 60 литрийн багтаамжтай хуванцар савтай 13 ширхэг, 20 литрийн багтаамжтай 3 ширхэг савтай, нийт 0.8 тонн бодис булсан байсныг гаргаж, чингэлэгт хийж лацдан, Аврах гал унтраах 18 дугаар ангийн албан хаагчид ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажилласан байна. НМХГ-аас тухайн бодисоос дээж авч 06-дугаар сарын 23 өдөр гаалийн төв лабортаторт хүргүүлж, 07-р сарын 01-ний өдрийн гарсан хариугаар “Формалдигед” гэх ариутгалын бодис болох нь тогтоогдсон.
06 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо “Нью-кроп” ХХК- ийн гахайн аж ахуйн гахайнд халдварт өвчний сэжиг илэрсэн байна. 07 дугаар сарын 01-ний Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 154,155 дугаар шинжилгээний хариугаар “Гахайн сонгомол мялзан”, “Гахайн үржил амьсгалын замын хам шинж” 2 төрлийн гоц халдварт өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогджээ.  Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс 3 удаа хуралдсан. СХД-ийн Засаг даргын 2014.07.02-ны А/238 дугаар захирамжаар тус гахайн аж ахуйд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт гахай тэжээдэг 218 гахайн аж ахуй, иргэдэд дүүргүүдийн Мал эмнэлгээр дамжуулан анхааруулга, сэрэмжлүүлэг өгч мал эмнэлгийн үзлэг тандалтыг хийж байна. 07 дугаар сарын 03-ны өдөр “гахайн мялзан” өвчтэй 451 толгой торойг өвчинтэй тэмцэх зааврын дагуу устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Үлдсэн 541 толгой гахайнаас шинжилгээ авахад 2014.07.05-ний Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 159 дүгээр шинжилгээний хариугаар “Гахайн сонгомол мялзан”  өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд ” Өвчилсөн гайхаг утсгахад шаардагдах 21 сая төгрөгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байгаа” гэлээ. Нийслэлийн Засаг дарга баяр наадмаас өмнө устгах ажлыг зохион байгуулж, аюулгүй байдлыг хангах үүргийг холбогдох хүмүүст өгч шаардлагатай хөрөнгийг гаргахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэгдлээ.
 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 07 сарын 03-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 35013 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх 21 хоногтой харьцуулахад 3085 нэгж буюу 8,5 хувиар, 943 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 135 нэгж буюу -12.5 хувиар буурсан байна. Амиа хорлосон болон золгүй явдлын улмаас 118 хүний амь нас барсныг шалтгаан нөхцөлөөр нь авч үзвэл 74 буюу 62.7 хувь нь өвчний улмаас, 11 буюу 9.3 хувь нь боомилж, 3 буюу 2.5 хувь нь өндөрөөс унаж, 2 буюу 1.6 хувь нь туул голд живж, тогонд цохиулж, архинд хордож, карерийн тогтоол усанд живж, шатнаас  унаж, түлэгдэж, 22 буюу 18.6 хувь нь ил харагдах шарх сорвигүй нас барсан байна.
Нийслэлийн Засаг даргын А/448 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 239 зочид, дэн буудлын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулсан. Арга хэмжээний хүрээнд нийт 21 зочид, дэн буудлын үйл ажиллагааг зогсоож, 2 дэн буудлын үйл ажиллагааг зогсоох саналыг хүргүүлж , мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шаардах хуудас 15, зөрчил арилгуулах талаар албан мэдэгдэл 70-г өгч , зөрчил гаргасан 6-н аж ахуйн нэгж байгууллага, 2 иргэнийг  Төрийн хянан шалгалтын тухай хуулийн 16.1.2, Захиргааны хяналтын тухай хуулийн 42.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16.1.7-дах заалтыг тус тус үндэслэн 1.542.,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.
 Нийслэлийн Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст  зам тээврийн ослын нийт 651 дуудлага  бүртгэгдсэн. Үүнээс хүн гэмтсэн хэргийн  шинжтэй 250, осол, зөрчлийн шинжтэй 401 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг 6 бүртгэгдсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илрүүлэлт өнгөрсөн оны мөн үес 17.2 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дээрх мэдээлэлтэй холбогдуулан зарим чиглэлээр холбогдох албаныханд үүрэг өглөө. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд усархаг бороотой байгаа тул үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, үерт өртөж болзошгүй айлуудад анхааруулга хүргүүлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газарт даалгалаа. Мөн Улаанбаатар хотыг зорин ирж буй жуулчдын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллахыг Нийслэлийн цагдаагийн газарт үүрэг болголоо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5499
0 эможи
keyboard_arrow_up