Бид нийгмийн тахалд нэрвэгдсэн

2018 оны 3 сарын 07

амиа хорлолт зурган илэрцүүд

Нийгмийн тахал гэгдээд буй хар тамхи гэж яг юу юм бэ. Толь бичгийн тодорхойлолтоор энэ нь хүний уураг тархи, мэдрэл оюун, ухаан бодол, бие эрхтэнд асар хурдан хугацаанд маш хүчтэй нөлөөлдөг мансууруулах үйлдэлтэй ургамал, лабораторид нийлэг аргаар гарган авсан химийн бодис юм. Үүнийг хэрэглэсэн нэгэнд хүний гэх ухамсар, оюун санаа үлдэггүй бөгөөд түргэхэн зуурт ихэд таашаалтай санагдах ч удах тусам сэтгэц, биеийг идэж, яваандаа амьд сүг болон хувирч, эцэст нь амиа алддаг. Гэхдээ хэрэглэж эхэлснээс хойш донтох, үхэлд хүрэх процесс бодож байснаас ч богино хугацаанд өрнөдөг. Хамгийн аюултай нь энэ хооронд хүн санхүүгийн хувьд бүрэн хараат болж, нэгэнт донтсон тул үүнийхээ төлөө юу ч хийхээс буцдаггүй ба гэр бүл, хүсэл зорилго гэх мэт үнэт зүйлсээ хөсөр хаядаг. Чухам энэ байдал нь хар тамхи наймаалагчдын хамгийн том давуу тал болдог учраас тэд ихэвчлэн гэнэн, хөөрүү залуусыг онилдог ажээ. ДЭМБ-ын тайлангаас харахад, донтсон 100 хүний тав нь л эдгэдэг гэхээр хар тамхи эдгэшгүй өвчний эх үүсвэр, нийгмийн тахал гэдэг нь яах аргагүй үнэн ажээ.

Бид аюулын голомтонд байдаг

Саяхныг болтол монголчууд өөрсдийгөө энэ аюулаас, ер нь л дэлхий дахиныг түгшээж буй айдсаас хол хөндий хэмээн цагаахнаар итгэдэг байсан. Гэвч байдал бидний бодсоноос тэс өөр төдийгүй нөгөөх аюул, айдастай эхнээс нь л хөл зэрэгцэн явсаар өнөөг хүрсэн байх юм.

Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсад хар тамхины хэрэглэгч, донтогчийн тоо цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллээр 5,000-80,00, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтран хийсэн судалгааны дүнгээр 70,000-90,000 болсон гэх мэдээлэл байна. Гуравхан сая хүнтэй улсын хувьд энэ бол эмгэнэл. Хэдийгээр таны хүүхэд, гэр бүл тань энэ бүхнээс хол байгаа мэт ч хаалганы цаана отоод хүлээж байна гэсэн үг.

Хамгийн харамсалтай нь, хар тамхи хэрэглэгчдийн 80 гаруй хувь нь 25-35 насны залуус гэх судалгааны дүн бий. Тэр ч бүү хэл, дунд сургуулийн сурагч нарын дунд ч энэ хэрэглээ байгаа ажээ. Тэгвэл үүнд холбогдох судалгааг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хийж, нийслэлийн 2000 гаруй өсвөр насны хүүхэд, залуусыг үүндээ хамруулжээ. Гэтэл судалгааны тайлангаар, өсвөр үеийнхний дунд архи, тамхины хэрэглээ маш их, дээр нь мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг гэж цөөнгүй хүүхэд хариудсан байх юм. Тодруулбал, судалгаанд хамрагдагсдын 44 хувь нь архи, 40 хувь нь тамхи, гурван хувь нь бензин цавуу, дөрвөн хувь нь каннабис, экстази хэрэглэж үзсэн гэжээ. Түүнийг сорох, татах, уух, үнэрлэх, тарих зэргээр хэрэглэдэг гэжээ.

Харин мансууруулах бодис хэрэглэж үзсэн, тодорхой давтамжаар хэрэглэдэг гэж хариулагсдын 25.6 хувь нь сурагч байсан бол эдгээрийн 90 гаруй хувь нь хотын төвийн сургуулийн хүүхдүүд байсан байна. Түүнчлэн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 25 хувьд нь мансууруулах бодис татаж үзэх санал ирж байсан гэнэ. Гэтэл эдгээр хүүхэд, залуусын 87 хувь нь өөрсдийгөө энэ талын мэдлэгтэй хэмээн ташаа бодож явдаг бол 60 гаруй хувь нь цаашдын үр нөлөөллийнх нь тухай ямар ч ойлголтгүй байжээ.

Ингээд судалгааны дүгнэлтээр Улаанбаатар хотын 100 мянган иргэн тутмын 2700 нь хар тамхины аюулд өртсөн аж. Харин энэ тутмын 21,500 нь эрсдэлт байдалд буюу хар тамхи татаж үзэх санал авсан, ийм хатгалгад өртдөг гэжээ.

Гэмт бүлэглэлүүд олширчээ

Сүүлийн жилүүдэд мэдээллийн сүлжээ өргөжсөнөөс болоод ч тэр үү, хар тамхины тухай мэдээний давтамж маш ойртжээ. Гэхдээ зөхвөн тээвэрлэсэн, эсвэл хэрэглэсэн гэхээс илүүтэй зохион байгуулалттайгаар түгээж буй талаар олонтаа сонсогдох боллоо. Тухайлбал, 2017 оны эхээр, цагдаа нар 220 сая төгрөгийн хар тамхи тээвэрлэж явсан 22-25 насны гурван залууг баривчилсан. Тэднийг Хан-Уул дүүргийн XI хорооны орчимд явж байхад нь ЦЕГ-ын ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газар, тусгай ажиллагааны албан хаагчид илрүүлсэн байна. Хэрэгт холбогдсон Ж, Б, Л нарын цаана хар тамхи борлуулдаг, хилээр нэвтрүүлдэг томоохон бүлэглэл байж болзошгүй хэмээн хууль хяналтын байгууллага үзэж буйгаа мэдэгдэж байсан.

Үүнээс гадна, 2016 онд Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид их хэмжээний хар тамхи улсын хил нэвтрүүлсэн хэргийг илрүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн З, А нарыг 2016 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатарт ирэх үед нь баривчлан шалгахад 101 грамм “мөс” гэх сэтгэцэд хүчтэй нөлөөлөх бодисыг их хэмжээгээр тээвэрлэж явсныг илрүүлсэн  нь Монгол Улсад бүртгэлтэй хар тамхины хэргүүд дотор хамгийн их хэмжээтэй мөсийг нэг дор хурааж авсан тохиолдол болсон байна. Сэжигтэн баривчлагдах үедээ метамфетамины төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна. Уг хэрэгт холбогдон шалгагдаж буй эмэгтэй З гэгч өмнө нь улсын хилээр удаа дараа сэтгэцэд нөлөөлөх бодис оруулж ирсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Мөн хэрэгт холбогдсон А нь Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт ажилладаг төрийн алба хаагч байжээ.

Өөрөө хэлбэл, өмнө нь ихэвчлэн бусдад хууртсаны улмаас тээшиндээ мансууруулах бодис авч яваад баригддаг байсан бол одоо маш нарийн зохион байгуулалттай, олон үе шаттай хэргүүд гарах болсон байна.

Гаалийн байгууллагын мэдэгдэж буйгаар, улсын хилээр 2010-2015 оныг хүртэл ихэвчлэн героин, гашиш гэх мэт бодисыг 5-10 грамм, дээд тал нь 5.6 кг хүртэлх хэмжээгээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг бүртгэгдэж байжээ. Тэгэхдээ жилд 1-2 ийм хэрэг илрүүлдэг байсан бол сүүлийн жилүүдэд зохион байгуулалттай болж, хил нэвтрүүлэх арга нь ч нарийсчээ. Тайлан мэдээнээс харахад, ийм төрлийн гэмт хэргийн шинжтэй 19 үйлдэл 2010-2017 онд бүртгэгдсэн.

Үүнээс гадна хар тамхитай холбоотой гэмт хэргийн 40 гаруй хувь нь гадаад дахь нийлүүлэгчидтэй холбоотой бөгөөд үлдсэн нь дотоодод ургадаг ургамлуудыг түүж, бэлтгэх, хувиргах байдлаар наймаалж, тээвэрлэж, хэрэглэснээс үүдэлтэй ажээ.

Гарц хаана байна вэ

Монгол Улсад 2014 оноос хойш хар тамхи мансууруулах бодистой холбоотой 346 эрүүгийн хэрэгт 520 хүнийг холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байх ба үүний 252 хүнд холбогдох 169 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Судалгааны дүнгээс үзэхэд 2014 онд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 65 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бол 2015 онд 83 хэрэг,  2016 онд 147 хэрэг болж өссөн байна. Харин 2017 оны эхний хоёр сард 51 хэрэгт 52 хүнийг шалгаж байжээ. Хамгийн гол нь энэ гэмт хэрэгт ашиг сонирхол нэгтэй, эсвэл танил тал, найз нөхөд, хамаатан садан гэх мэт бие биеэ мэддэг, итгэдэг хүмүүс холбогддог гэнэ.

Мөн энэ гэмт хэрэгт холбогдогчдын 82 орчим хувь нь эрэгтэй, 18 орчим хувь нь эмэгтэй хүн байна. Үүнээс гадна, 95 хувь нь бүрэн дунд, эсвэл дээд боловсролтой хүмүүс байна гэхээр энэ төрлийн гэмт хэрэгт өөрийн үйлдэл түүний учир холбогдол, түүнээс үүдэн гарах эрсдэлийг ойлгох хэмжээний боловсрол, мэргэжилтэй хүмүүс хар тамхинд татагдан ордог байх нь. Энэ бол аймшиг.

Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж, мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой зургаан төрлийн гэмт хэрэг тус бүрийн үйлдлийн шинж байдал, нийгмийн хор аюулаас нь хамаарч торгох, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ял оногдуулахаар заасан.

Судалгааны дүнгээс харахад 2014 оноос хойш шүүхээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт нийт гурван хүнд л торгох ял оногдуулсан. Албадан ажил хийлгэх ялаар нэг ч хүн шийтгүүлээгүй. Өөрөөр хэлбэл шүүхээс хорих, баривчлах ялыг оноож түүний 60-70 хувийг нь нийгмээс тусгаарлан биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн ялын бодлого чанга байгааг илэрхийлж байна. Аливаа улс орны эрүүгийн хариуцлага ял шийтгэлийн бодлого нь тухайн гэмт хэрэгтэй тэмцэх нэг арга хэрэгсэл нь болдог гэж судлаачид үзэж байна.

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54634
0 эможи
keyboard_arrow_up