Мартын 8 гээд мартах учиргүй сэдэв

2018 оны 3 сарын 05

Arslan.mn

Мартын 8. Энэ бол баярын өдөр, эмэгтэйчүүдийн баярын өдөр, Уг нь бол бүр өмнөх зуунаас, дэлхий ертөнц үзэл суртлын хананы наана, цаана хуваагдан амьдарч байх үеэс уламжилсан Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр боловч тэмцлийн гэхээсээ баярын өдөр болон заншжээ.

Үзэл суртлын, тэмцлийн агуулгатай байсан энэ баярыг сүүлийн үед арилжааны утгаар улам бүр дөвийлгөн тодруулж, худалдаа үйлчилгээний байгууллагууд борлуулалтын маркетингдаа ашиглах болсноор бүүр ч том баяр болж хувирав.

Эмэгтэйчүүд хүйсийн онцлогоо давуу тал болгох боломж, шуудхан хэлэхэд энэ өдрийг эрчүүд рүү илэрхий довтлох шалтгаан болгох байдлаар ашигладаг. Ханьтай нь жаргаж, ханьгүй нь гутармаар хэрээс хэтэрсэн нялуурал, бялуурал нийгмийн сүлжээг нэлд нь бүрхэхийг анзаараарай. Эр нөхрөөсөө хайрын андгай тангараг, баярын ширээ, баглаа цэцэг, брэндийн бэлэг хүлээсэн, хүссэн бүсгүйчүүд маань баярладаг ч бусдынхаа жишгээс дутчих вий гэсэн бяцхан атаархалдаа автдаг байх...

Эмэгтэйчүүд маань ийнхүү баясан баярлах эрхтэй ч энэ зуураа “хөөрхий бидний эрчүүд’’-эд чухам юу тохиолдоод байгааг багахан ч гэсэн эргэцүүлэх гээд үзье. Баяр болох гэж байхад бэлгэгүй үгс хэлэх нь байна.

Үндэсний статистикийн хороо мэдээ, мэдээллээ олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр хүргэх, тоо, баримтаа эргэлтэд оруулах үүднээс энгийн хялбар дүрслэлийг ашиглах болоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Тэгвэл сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээнд Үндэсний статистикийн хорооны ээлжит нэгэн инфографик-мэдээлэл асуултын тэмдэг, айдас түгшүүр дагуулсан анхаарлын тэмдгийг давхар дагуулан цацагдаад байна.

Энэ нь 10-34 хүртэлх насныхны нас баралтын шалтгааны нэгдүгээрт, 34-39 насныхны нас баралтын шалтгааны гуравдугаарт амиа хорлолт бичигдэж байгааг харуулсан мэдээлэл юм. Энэхүү статистикийн дагалдаж буй дараагийн нэг айдас нь амиа хорлож нас барагсдын дийлэнхийг эрэгтэйчүүд эзэлж буй явдал.
Тодруулбал, 10-14 насанд амиа хорлогчдын 54.2 хувь, 15-19 насанд 75.6 хувь, 20-24 насанд 86.8 хувь, 25-29 насанд амиа хорлогчдын 87.9 хувь нь, улмаар энэ хувь хэмжээ өссөөр 34-39 насанд амиа хорлогчдын 91.9 хувь нь эрэгтэйчүүд байна гэсэн статистик дүн гарчээ. Яагаад эрэгтэйчүүд ийм сонголт руу явж байна вэ гэдгийг эргэцүүлэн бодохоос гадна дахиад статистик судалгаа хийж, учир шалтгааныг нь ухаж гаргах шаардлагатай байх.

Монголын эрэгтэйчүүдийн холбоо хэмээх байгууллага нэлээн хэдэн жилийн өмнө шинээр мэндлэхэд нэг хэсэгтээ инээд наргиа болж байсныг олон хүн санаж байгаа болов уу.

Эр хүн хатуу чанга, гүдэсхэн гүндүүгүй, үг дуу цөөтэй, хариуцлагатай, халамжтай байх ёстой гэсэн хэвшмэл ойлголт монголчуудад түгээмэл. Энэ ойлголтоороо эрчүүдийг хэмжиж, буруу бүхэн эрчүүдийн буруу болгож дөнгөдөг, үүнийгээ дөвийлгөдөг бүсгүйчүүд бишгүй бий.

Тухайлбал, НҮБ-ын санхүүжилтээр 2011 онд 1,000 хүний дунд хийсэн судалгаагаар Монголын эрэгтэйчүүдийн 77 хувь, эмэгтэйчүүдийн 80 хувь нь “Монгол эр хүний үнэлэмж алдагдсан" гэж хариулжээ. 21 дүгээр зуунд гурван өөр нийгэм, ахуйг дамжсан монголчуудад тэдгээр огцом өөрчлөлт, шилжилтүүд монгол эрэгтэй хүний ажил, үүргийн хуваарийг өөрчилсөөр байсан нь тогтсон үнэлэмж өөрчлөгдөхөд нөлөөлсөн байх Гэхдээ нийтлэг нэг утга харагдаж байгаа нь ‘эрчүүд нэг биш ээ” гэсэн дохио.

Жендер гэхээр л эмэгтэйчүүдийг эрчүүд “хорлоод” байгаа юм шигээр хандсаар байгаад хамгийн муу нэртэн эрчүүд болж хувирсныг ч үгүйсгэхгүй байх. Эсрэгээрээ бүр “эрчүүд жендер ярих нь ичгэвтэр" гэсэн хандлага бий болсон гэмээр.

Энэ бүхэн, эрчүүд амиа хорлох нь ихэссэн эмгэнэл эцсийн дүндээ эрчүүдийн талаарх бодлого алдагдсантай холбоотой. Угаас монгол эрчүүд дундаж наслалтаар эмэгтэйчүүдээс богино. Тэгэхээр нэг талаар эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах асуудал хоцрогдсон гэсэн үг байж таарна. Илрэл нь гэвэл эрэгтэйчүүдийн эмч, эмнэлэг хуруу дарам цөөн байгаа явдал. Хоёрдугаарт, эрэгтэйчүүдийн боловсрол хаягдсан.

Гуравдугаарт, эрэгтэй хүүхдэдээ эцэг, эх нь хатуу, бараг харгис ханддаг явдал. Сургуульд сурахын хэрэггүй, хар ажил хийгээд амьдарчихна. Хатуу ажлаас халгах ёсгүй. Хэрийн юманд хямраад байх явдалгүй... гэх зэрэг гэр бүлийн хандлагад эдний шилжилтийн настай давхцах үед сэтгэлзүйд нь хүндээр тусдаг гэнэ.

Гэр бүл нь нээлттэй харилцдаггүй байсан эрэгтэй хүүхэд хожим насанд хүрсэн хойноо бэрхшээл тулгарахад амархан сэтгэл гутарч, архинд орох нь элбэг... Нэгэнт боловсрол нь амьдралын бүхий л үедээ хаягдсан тул өрх гэр авч явах болоход мэдлэг нь дутагддаг, асуудлын шийдэх арга зам олохдоо мухарддаг, нэгэнт гэр бүл нь хаалттай учраас хамаг бэрхшээлээ дотроо хадгалсаар стресст ордог, дараагийн шатанд архинд ордог гэхчлэн мэргэжилтнүүдийн “оношилгоо” байх аж.

Нөгөө талаар эрчүүд хүчирхийлэлд өртдөг, тэр дундаа хамгийн ихээр хүчирхийлэлд өртдөг газар нь цагдаагийн байгууллага гэж тооцогддог. Ялангуяа насанд хүрээгүй хөвгүүдийг гэрчгүй байцаах, ил далд эрүүдэн шүүх, хэрэг тулгах, гэрчгүй хэрэгт хөвгүүдийг өмгөөлөгчгүй байцаах зэрэг асуудал байгааг хэлэх хүмүүс ч бий. Түүнчлэн өсвөр насанд амиа хорлоход хэрэг төвөгт холбогдох, эцэг эхтэйгээ зөрчилдөх, тэдний хүчирхийлэл дор байх, хайр сэтгэлээс болох зэрэг тодорхой хэдхэн шалтгаан нэрлэгддэг гэх...

Хэдийгээр энэ тавиланг "хохирогч” өөрөө сонгосон боловч яагаад тийм сонголт руу явав. Энэ хувь хүний асуудал уу, нийгмийн үзэгдэл үү. Хөвгүүдээ, эрчүүдээ харах өнцгөө өөрчлөх цаг болсон юм биш үү? Мартын наймнаар мартах учиргүй сэдэв...

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54492
1 эможи
keyboard_arrow_up