ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2018 оны 2 сарын 24

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Энэтхэг Улсын Логин, Керела институтийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Энэтхэг Улсын Логин (Орон нутгийн засаглалын санаачилга ба сүлжээ), Керела институтийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, ЛОГИН-ы багийн ахлагч Прета Лал, ЛОГИН-ы нарийн бичгийн зөвлөх Cуреш Рагван, КЕРАЛА, нутгийн удирдлагын институтийн захирал Жое Элимэн, Швейцарын хөгжлийн агентлагийн захирал,ерөнхий консул Габриелла Спирли, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнинг болон холбогдох албаныхан оролцов. 

Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтуудыг тодорхойлно

Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхдээ улсын хөгжлийг дэлхийн чиг хандлагатай уялдуулах, нийгэм, эдийн засгийн онцлогоо тусгах, улс орны өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулах бодлогыг урт, дунд хугацаанд авч үзэх шаардлага бий болсны дагуу Монгол Улс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг батлан хэрэгжүүлж байна.

Тавдугаар сарын 1-нээс “Сити-тур” аялалын автобус явж эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хот болон хот орчмоор ая тухтай аялах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сити-тур” төсөл хэрэгжүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяраар ахлуулсан Ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр боллоо. Хурлаар “Сити-тур” хот болон хот орчмын автобустай аялал төслийн гол зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа, үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг хэлэлцэв.

Нийслэлийн төр, захиргааны болон харьяа байгууллагуудыг Яармаг орчимд шилжүүлнэ

Засгийн газрын хуралдаан 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр боллоо. НИТХ, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудыг Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр /Яармаг шинэ төв/-т шилжүүлэн байршуулах бэлтгэлээ шуурхай хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.

Залуусыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажлыг үргэлжлүүлж байна

Өсвөр үе, залуучууд хорт зуршлын нөлөөнд автах нь нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг болж байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар  “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залуучуудад зориулж, согтууруулах ундаа хорт зуршлаас урьдчилан сэргийлэх  талаар нөлөөллийн ажил зохион байгуулахаар төлөвлөсөний дагуу Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвтэй 2018 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан талаар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга, хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн, их эмч Т. Мандхай нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Яармагт баригдах “Нутгийн захиргааны цогцолбор”-ын концепц боловсруулах уралдаан зарлагдлаа

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг хотын шинэ төв болох Яармаг руу нүүлгэх хотын удирдлагын саналыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, бэлтгэлээ шуурхай хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан. Хотын төвийн хэт төвлөрөл, автомашины түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахаас гадна хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалын шинэ төв байгуулах, иргэдэд нутгийн захиргааны үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилго бүхий уг төслийн концепц боловсруулах уралдаан зарлагдлаа. Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун өмнөд бүсэд хотын шинэ төвийг байгуулах ажлын хүрээнд “Нутгийн захиргааны цогцолбор”-ын концепц боловсруулах уралдаан энэ сарын 21-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл нэг үе шаттай явагдах юм байна.

Нийслэлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийг агаар цэвэршүүлэгчээр бүрэн хангалаа

Нийслэлийн засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар  “Улаанбаатар хотын агаар орчны бохирдолыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай“ мэдээллийг  сонсож, хэлэлцлээ.  Агаарын бохирдолыг бууруулах газрын дарга  Б.Цацрал  хэлэхдээ”  Өнгөрсөн нэг сарын хугацаанд  Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах  бүсийн  1,2 дугаар бүсэд хамаарч байгаа  ерөнхий боловсролын  сургууль, цэцэрлэгийн танхим,  эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөө, тасалгаанд  5270 агаар цэвэршүүлэгч худалдан авах гэрээг хийж, бүрэн нийлүүлж дууссан гэлээ.  Агаар цэвэршүүлэгч  худалдан авах гэрээг  9 аж ахуй нэгжтэй  байгуулсан байна. Түүнчлэн  зөвхөн  дээрхи бүс гэлтгүй   нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-өөс  908 ширхэг агаар цэвэршүүлэгчийг  сургууль, цэцэрлэгт нийлүүлжээ. Олгосон  агаар цэвэршүүлэгчийн  ашиглалтын байдалд хяналт тавих ажил хийгдэж байна“ гэж  Засаг даргын зөвлөлийн гишүүдэд  танилцууллаа.

Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлж, чанар хүртээмжийг сайжруулна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Төрөөс мэдээллийн технологийн талаар баримтлах бодлого болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан “Нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийн анхны хуралд НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, НМТГ-ын дарга О.Чинзориг, Харилцаа холбоо Мэдээллийн технологийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Нийслэлийн “Цасны баяр”-аар автобус 35 минутын зайтай үйлчилнэ

“Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын “Цасны баяр” арга хэмжээг энэ сарын 24-ний өдөр Хандгайтын Янзага зусланд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Тээврийн газраас “Бага баян-Санзай-Тэнгис кино театр” чиглэлд нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Тус үйлчилгээнд их багтаамжийн таван автобус 35 минутын зайтай Тэнгис кино театрын автобусны зогсоолоос өглөөний 08:00-22:30 хүртэл үйлчлэх болно.

Автомашины татвар, төлбөрийг цахимаар төлөх боломжтой

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажил явагдсаар байна. Хэрвээ таны эзэмшдэг автомашины улсын дугаар 2 буюу 7 тоогоор төгссөн бол татвар төлөх сүүлийн 7 хоног тул та амжиж татвараа төлнө. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харъяалалын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.

Нийслэлийн ногоон бүсэд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ

Нийслэлийн Байгаль орчны газраас 2017 онд анх удаа ногоон бүсийн зэрлэг амьтдад идэш тэжээл, хужир мараа тавих ажлыг зохион байгуулж байсан бол энэ жил 2 дахь удаагаа  тус ажлыг эхлүүллээ. Байгаль хамгаалагчдын ажиглалтаар халиун буга, бор гөрөөсөөс эхлээд туруутан амьтад идэш тэжээлийн хомсдолд орж туйлдсан байгаа нь амьтдын цасан дээр үлдээсэн мөр, унасан үс болон зэрлэгшсэн нохойд бариулж байгаа зэргээс харагдсан байна.
Энэ удаагийн  биотехникийн арга хэмжээг зэрлэг амьтдын гүйдэл ихтэй Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Дээндийн амны 2 цэгт 20 боодол өвс тэжээл тавих байдлаар зохион байгууллаа.

Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн такси үйлчилгээг нэвтрүүлэх талаар нээлттэй хэлэлцүүлэг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрт “1.5.4 Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудал /агаар, ус, хөрсний бохирдол, нийтийн тээвэр/-ыг шийдвэрлэхэд гадаад улс, хотуудын туршлагаас судалж, нэвтрүүлнэ.”, “2.5 Түгжрэлгүй гудамж - Бухимдалгүй хот, Нийтийн тээврийг шинэ шатанд гаргана.”, “2.5.20 Улаанбаатар хотын такси үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.” хэмээн заалтуудаар туссаны дагуу Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн такси үйлчилгээг нэвтрүүлэх талаар нээлттэй хэлэлцүүлэг, чөлөөт уулзалтыг зохион байгуулах гэж байна.

“ХАВРЫН БҮРГЭДИЙН БАЯР” нийслэлд болно

Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой арга хэмжээний нэг болох бүргэдийн баярыг 2000 оноос эхлэн зохион байгуулсаар иржээ. Тус арга хэмжээний гол зорилго Монгол Улсын Үндэстний цөөнх болсон Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод болон гадаадын жуулчдад сурталчилж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэгдсэн. Энэ жил нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон “Монголын бүргэдчид холбоо” хамтран “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээг ирэх сарын 4-5-ны өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” жуулчны баазад зохион байгуулах гэж байна.

Автомашины татвар, төлбөрөө Улаанбаатар хотын банкаар шууд төлөх боломжтой

Уулзалтаар Албан татвар, төлбөрийн нэхэмжлэхийг SmartCar.mn тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем, гар утасны аппликейшн ашиглаад банкны теллерийн системд холбогдон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, дүүргийн татвар хураах нэг цэгийн  үйлчилгээний байранд байрлах Улаанбаатар хотын банкны салбараар төлөх боломжтой эсэх талаар санал солилцлоо.

Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг эхэллээ

Өргөтгөсөн хуралд  дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс болон Хороодын Засаг дарга, худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх цаасан суурьт бичиг баримтуудыг  цөөрүүлэх, системийг хэрхэн цогцоор шийдэх, шат дамжлагыг цөөлж, зардал чирэгдлийг багасган шийдвэрлэлтийн үйл явцыг хурдасгах боломжийг хэлэлцэн харилцан санал солилцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54256
0 эможи
keyboard_arrow_up