Баярын өдрүүдэд ажилласан Төрийн байгууллагууддаа БАЯРЛАЛАА

2018 оны 2 сарын 19

Arslan.mn

Сар шинийн баярын өдрүүдэд завгүй ажилладаг хүмүүс бол цагдаа, онцгой байдал, эмнэлэгийн байгууллага, нийтийн тээврийнхэн. Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, төвүүдийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласан. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн алба хаагчид олон нийтийн цагдаа, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид, урамшилт эргүүл гудамж талбай, олон нийтийн газарт авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн 132 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүллээ.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.4%, гэмт хэргийн дуудлага 33.2%, зөрчлийн дуудлага 36.6%, согтуугийн дуудлага 57.6% хувиар тус тус буурсан байна. Мөн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 672 хүнийг эрүүлжүүлж, 960 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа. 

Сар шинийн баярын өдрүүдийн хотын түгжрэлийг бууруулахаар гаргасан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболдын  захирамжийн дагуу Нийтийн тээврийнхэн  үнэ төлбөргүй  гурван өдөр иргэддээ үйлчиллээ. Нийтийн тээврийнхэн баярын өдрүүдэд захын гэр хороолол, холын маршрутанд автобус дүүрэн зорчигчтой үйлчиллээ. Нэгдүгээр замаар саадгүй давхих нийтийн тээврийн үйлчилгээний соёл, стандарт, маршрутанд шинэ арга барил нэвтрүүлж болдогийг харууллаа. 

Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 29, ахуйн болон техникийн холбогдолтой ослын тав, нийт 34 удаагийн дуудлагаар нийслэлийн Аврах анги-105, Гал түймэр унтраах аврах ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллалаа. 

Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн яамны удирдлагууд, мэргэжилтнүүд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дүүргийн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа эсэхтэй газар дээр нь очиж танилцлаа. Гэмтэл согог судлалын төв 2018 оны 02 дугаар сарын 15-наас 16-ны 08 цаг хүртэл тус эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар нийт 243 хүнд үйлчилснээс 15 хүнийг эмнэлэгт хэвтүүлж,  228 хүнд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлж, зөвлөгөө өгсөн байна. Дээрх иргэдийн дунд 0-16 насны 55 хүүхэд байсан ба гэмтлийн голлох шалтгаан нь явганаас хальтирч унасан, авто осол, түлэгдэлт зохилж байсан байна.


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54034
2 эможи
keyboard_arrow_up