Я.АЮУРЗАНА: Шороон Нохой жилд МОРЬ, БАР жилтэй хүмүүс АНХААРУУШТАЙ

2018 оны 2 сарын 15

Arslan.mn

Цаг хугацаа ээлжлэн солигдсоор Монголчууд бид XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилтэйгээ учран золгох гэж байна. Энэ ч үүднээсээ бид ирж буй жилийн өнгө болоод засал номын талаар Манба Дацан хийдийн зурхайч Я.Аюурзанатай ярилцлаа.

- Юуны өмнө танд ирж байгаа сар шинийн мэнд дэвшүүлье. Сайхан хаваржиж байна уу?

Сайхан хаваржиж байнаа. Та бүхэнд ч гэсэн сар шинийн мэнд дэвшүүлье. Сар шинэ гэдэг бол хамгийн сайхан баяр. Өнөр олноороо цуглаж, амар мэндээ айлгах энэ баярт би хамгийн их дуртай.

- Зурхайн аргыг олон орон ашигладаг уу?

Тухайн жил байгаль цаг уурын болон хүн ардын аж амьдралын хувьд ямар байхыг урьдчилан тооцож гаргах эрмэлзэл хүн төрөлхтөнд хэдийнээс байсаар ирсэн. Дэлхийн олон улсууд өөр өөрийн гэсэн онцлогтой, аргачлалтай байдаг. Монголчуудын хувьд эрт дээр үеэс эрдэмтэн, лам хуврагуудын тооцож гаргадаг нарийн аргачлал байсаар ирснийг сүүлийн жилүүдэд сэргээн, тэрхүү аргуудыг ашиглан жилийн өнгө төлөвийг тооцож гаргаж байна. Энэ бол Монголчуудын нэг бахархал юм. Од эрхэс, гараг, нар сарны хөдөлгөөн байршил нь бидэнд тодорхой нөлөөллүүдийг үзүүлж ирсэн. Цаашдаа ч ирнэ. Үүнээс ангид юм байх боломжгүй. Тэр тусгалын нөлөөллүүдийг судалсны эцэст тухайн жил ямар байх вэ гэдгийг манай зурхайчид урьдчилж тооцоолдог. 

- Өнгөрсөн жилийн зурлага хэрхэн таарсан тухай дүгнэвэл?

Ламын гэгээний анхдугаар дүр Ц. Лувсанданзанжанцан “Үрийн зурхай сайтар номлосон бүхний хураангуй” хэмээх судартаа жаран жилийн үрийг номлож нэрлэсэн байдаг. Энэ хүн Гал тахиа жилийг: Идээ ундаа чухаг болоод Хүмүүн хийжгээр олон үх юү гэж тэмдэглэсэн байна. Энэ өгүүлбэрийг цааш нь бодоход “Идээ ундаа чухал болно” гэдэг нь тариа ургамал муу ургаж, ган гачиг болно. “Хүмүүн хийжгээр олон үх юү” гэдэг нь өвчин их бөгөөд тааруухан жил байх нь гэдгийг тооцоолж хэлсэн байна. Ганцхан энэ хүний үгээр биш манай олон эрдэмтэн зурхайчид зурхайн олон аргачлалаар тухайн жил гарахаас өмнө уг жил ямар байхыг урьдчилан тооцож гаргадаг.

Гал тахиа жилд: Хаврын сард цасан болон шороон шуургатай. Хавар намартаа хуурайшилттай, Зундаа тэгш боловч аянга цахилгаан ихтэй болон зарим газар нутагт гантай, өвлийн улиралд цас ихтэй, зудтай байхаар зурагдсан байна. Ихэс дээдсийн хувьд тэмцэлтэй. Ард иргэд хямралтай, бухимдалтай байна гэж зурагдсан. Одоо төрд ямар их тэмцэл болж байгааг бид харж байна. Үүнд хүн болгон анхаарч, ихэс дээдэс ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө анхаарах хэрэгтэй.  Тэр л зурлагынхаа дагуу болж өнгөрлөө.

- Ер нь жилийн өнгө төлөвийг хэрхэн зурж гаргадаг вэ? Шороон нохой  жилийн дүн, нуруу ямар байх вэ?

Жилийн өнгө төлөвийн шороон үхрийн зурлага, боовны үр, цаасан чихрийн амт гэх мэт олон зурлагууд байдаг. Манай зурхайчид “Шороон үхрийн” зурлагыг олон зуун жил зурж, тооцож ирсэн. Бусад зурлагуудыг ч зурж харьцуулан үзэж, амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн билээ.

Шороон нохой жилд шороон үхрийн болон бусад зурлагуудыг зурж харахад байгаль цаг уурын тухай бол: Хаврын сард болон зуны эхэн сард гандуу, хуурайшилтай. Зундаа хур дунд боловч газрын шим ургац гайгүй. Зарим нутагт гандуу. Өвлийн адаг сар дэлгэр сайн. Малд буянтай. Идэш хоол дутагдахгүй.

Ихэс дээдсийн дунд хямрал тэмцэлтэй, Ард иргэд бухимдал ихтэй байх төлөвтэй. Жилийн өнгө төлөвийг ихэс дээдсээсээ эхлээд хүн бүр үйл ажиллагаандаа тусгаж, аливаа эрсдэлээс болгоомжлоорой. Хүн ард ерөнхийдөө амгалан байх боловч дээд, дунд тушаалтны хувьд тэмцэлтэй. Хүмүүс бухимдал хямралтай байхаар зурагдаж байгаа.

Ламын гэгээний анхдугаар дүр Ц. Лувсанданзанжанцан “Үрийн зурхай сайтар номлосон бүхний хураангуй” хэмээх судартаа жаран жилийн үрийг номлохдоо:  “Тийн унжлагат” хэмээн нэрлээд “Хулгай олшрон, олсон эд малыг хаад ноёд аваад, эд тариа үнэгүй болно” гэжээ. Үүнийг зөвхөн мал дээр бодож харах биш. 1600 онд Монгол оронд аж үйлдвэр байхгүй, уул уурхай хүнд үйлдвэр, бизнесийн үйл ажиллагаа бол одоогийнхтой харьцуулшгүй. Тэр үед иргэдийн гол хэрэглээ нь мал аж ахуй байсан нь мэдээж үүн дээр түшиглэж хэлсэн байна. Тэр үед бодож сэтгэхдээ “Хулгай олшрон, олсон эд малыг хаад ноёд аваад гэдэг нь 2018 онд бол хүмүүсийн олсон юмыг хаад ноёд төрлүү татах нь гэсэн санаа байна. Үүнийг ажиглахад татварыг нэмэгдүүлээд байгаагийн нэг илрэл юм. Эд тариа үнэгүй болох гэдэг нь манай мал аж ахуйн бүтээгдэхүүн үнэгүйжиж байгааг хэлж байна.

"Настай хүмүүстэй золгохдоо эхлээд заавал Амар байна уу гэж золгодог"

- Цагаан сарын баярын утга учир юу вэ? Энэ баяраар юуг эрхэмлэх ёстой вэ?

1206 он бол монголчуудын хувьд төрт ёс, үндэстэн соёлынхоо хувьд эргэлт авчирсан үе. Их эзэн Чингис хаан, 1206 онд  монгол улсаа байгуулсаны дараа урьд нь намар хийдэг байсан Цагаан идээний баярыг, ирэх урин цагийн эхэн хаврын тэргүүн сард ёсчилж, “Цагаан сар” хэмээн нэрийдэж байхаар зарлигдсан байдаг. Цагаан сарын баяр гэдэг бол шинэ он, шинэ улирал, шинэ өдөр эхэлж байгаагаа тэмдэглэж шинийн нэгний өдрөө өглөө үүр цайхаар эхэлдэг. Европын орнууд шинэ жилийнхээ заагийг шөнөөр буюу 00:00 цагаас авдаг бол манай орон бол өглөө үүрээр авч өдрийнхөө заагийг хийж тэмдэглэдэг.Хамгийн гол нь бид золгож, хүндэтгэл үзүүлэх  нь чухал. Амрыг ирж золгоно гэдэг маань монголчуудын том ёс заншил юм.

Настай хүмүүстэй золгохдоо эхлээд заавал Амар байна уу гэж золгодог. Сүүлийн үед залуучуудыг харахад эхлээд Сайхан шинэлж байна уу гэж мэндэлдэг болсон байна. Хамгийн түрүүнд хүний Амар амгаланг заавал эрэх ёстой юм.

Багштайгаа золгохдоо заавал “Та амар айлдаж байна уу” гэж золгодог. Айлдах гэдэг маань хүндэтгэлийн үг бөгөөд хүмүүсийн зөв замыг хөтөлж байдаг, сургаал айлдаж байдаг. “Сайхан шинэлж байна уу” гэдэг нь Та шинэ болж байна уу гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл хүн, мал хийгээд бүх амьтай зүйл нэг нас нэмж байгаа хүмүүсийн төрсөн өдрийг тэмдэглэж байгаа гэсэн үг юм.

Энэ өдөр дээр үеэс уламжлагдан ирсэн уламжлалаа хадгалан зүг чигээ гарган уул овоондоо гарч, тэнгэр бурхандаа залбирч идээ будааныхаа дээжийг өргөдөг. Тэнгэр, бурхандаа, этүгэн эхдээ мөргөх нь Монголчуудын цагаан сарын хамгийн анхны ёслол шүү дээ.

Энэ өдөр амны билгээс ашидын бэлэг гэж билэг дэмбэрэлтэй, дандаа сайн сайхан зүйл бодож байх хэрэгтэй.

- Уул, овоонд гарахдаа хүмүүс мөнгө их өргөдөг болсон байна. Овоонд юуг өргөж, юуг хүсэх ёстой вэ?

Овоо тахина гэдэг нь овоолж тавьсан жижигхэн чулуунд мөргөж байгаа биш хангай дэлхий, уулыг бүхэлд нь авч үзэж байгаа юм. Хангай дэлхий, лус савдагтаа өргөл өргөж, мөргөж, гуйж элдэв үйлээ бүтээж байх нь эртний уламжлалт заншил юм. Байгаль ээж өөрөө гайхамшигтай. Бидний бүтээж чадахгүй зүйлийг байгаль өөрөө бүтээдэг. Иймд байгаль, тэнгэртээ үргэлж залбирах хэрэгтэй. Өргөл өргөхдөө өөрийн гараар хийсэн идээ ундааныхаа дээжийг өргөдөг заншилтай. Эдийн дээд гэдгийг монголчууд хадгаар төсөөлж ирсэн. Уул овоондоо хадаг их өргөөд байгаа нь хэлбэр төдий биш тэр хүний хэрэглэж байгаа эд баялгийн дээдийг зөвхөн хадгаар төлөөлүүлээд ирсэн уламжлалтай.

Дээр үеэс монголчууд уул, овоондоо мөнгөний шинж чанартай зүйл өргөж байгаагүй. Харин бид яагаад мөнгө өргөдөг болсон бэ гэвэл социалазмын үед өргөх өргөл ховор байсан учир зоос өргөдөг байсан. Зоосон мөнгөний нэг тал нь төр, нөгөө тал нь шашин өөрөөр хэлбэл төр шашин хоёрыг нэгтгэсэн агуулга явж байгаа юм. Иймд хүмүүс зоосоо өргөж байсан явдал өнөөдрийг хүртэл давтагдаж байна.

Өнөөдөр бол бид нарт зоосноос өөр өргөх зүйл байгаа учир хүн бүр өөрсдөө юуг өргөвөл зохилтой вэ гэж өргөхөөс биш дуурайж өргөх нь ач холбогдолгүй юм. Орчин үед Шашины дэлгүүрт өргөл өргөх зүйлүүд ихээр зарагдаж байгаа.

- Шинийн нэгний өглөө зүг мөрөө зөв гаргах нь тухайн жилийн өнгийг тодорхойлдог гэдэг. Суудлын цээр ба зүг гаргах тухайд?

Монголчууд олон зуун жилийн өмнөөс Буддын шашиныг  хөгжүүлж ирсэн. Тиймээс дээр үеэс Монголчуудын зүг чигээ гаргадаг асуудал бол улам баяжиж, шинжлэх ухаанч болж, хүний хэрэгцээ болсон байна. Зүг мөрөө гаргахдаа цог хийморийн, сайн зүг рүүгээ гаргах нь чухал. Тиймээс Зүг мөрөө гаргахдаа хамгийн их анхаарах зүйл нь “Хар нохойн ам”-руу харсан зүг рүү гарахыг цээрлэдэг. Хар нохойн ам жилийн утгаараа аль зүгт байх вэ, сарын утгаараа аль зүгт байх вэ гэдэг нь ялгаатай. Энэ жил бол  Хар нохойн ам “Баруун хойд зүгт” байна. Тиймээс Ууланд суусан хүний цог хийморийн зүг нь Баруун хойд зүгт байгаа учир энэ зүгрүү гарч болохгүй.

- Энэ жил ямар жилтэй хүмүүс илүү анхаарах ёстой вэ?

Мэдээж Нохой жилтэй хүмүүс жил орж байгаа учир засал номоо сайн хийлгэх хэрэгтэй. Луу жилтэй хүмүүсийн дүнсэр харш жил гарч байна. Дүнсэрийн заслыг заавал хийлгэх хэрэгтэй. Бүх Бар жилтэй хүмүүст Насны Гүймэг, Морь жилтэй хүмүүст суудлын гүймэг таарч байгаа. Морь, Бар жилтэй хүмүүс жилээрээ нохой жилтэй ивээл боловч, суудлын гүймгээрээ засал хийлгэх шаардлагатай. Үхэр, хулгана, гахай жилтэй хүмүүст Нашадүрсүм таарч байна. Энэ жил 9 улаан мэнгэтэй жил болж байна. 9 улаан мэнгэтэй хүмүүс өөрсдөө мэнгэ голлож байгаа.

Жишээ нь: 1937, 1946, 1955,1964 онд төрсөн хүн бол мэнгэ голлосон учир мэнгэний засал хийлгэх хэрэгтэй. Тухайн жилд ямар мэнгэ эрхшээж, урвасан жилийн үр ямар байгаа, төөргийн чулууны үр хэр байгаа зэргийг харж зохих заслуудыг хийлгэж зохих цээрийг барьж анхаарч явах ёстой.

- Мэнгэ голлосон байна гэж хүмүүс ярьдаг. Мэнгэ голлох, эрхшээх гэдэг нь ямар учиртай вэ?

 Төрсөн жилийн мэнгэ есөн жилийн дараа эргэж давтагдахыг “Мэнгэ голлох” гэнэ. 10,19,28,37,46,55,64,73,82 -ны хий насанд мэнгэ голлодог. Энэ насанд өвдөх, бэртэх, хэл аманд орох, нас цөвтөх, ажил үйлс бүтэлгүйтэх, гарз гарах, хулгай дээрэм нүүрлэх зэрэг гай тохиох нь бий учир мэнгэний засал хийлгэх нь зүйтэй.

Мэнгэ үсэргэх зурлагаар тухайн жилд танд аль нэг мэнгэ тохион эрхшээдэг.

-1, 6, 8 цагаан мэнгэ эрхшээвэл: Үхээрийн бузар, ариун бус үйл, хэрүүл тэмцлийг

цээрлэ. Найр хуримаас зайлсхий. Бурхан сахиусаа тахиж, лам багшаасаа адис

авч, сан тавиулж, рашаан хүрт. Өргөл өргө. Буян хий.

-2 хар мэнгэ эрхшээвэл: Шөнө орой явах, хар өнгийн эд авахыг цээрлэ. Гарз гарах,

осолд орохоос болгоомжил. Сандуйнжүд, Дугар, Норжмаагийн сүн уншуул.

-3 хөх, 4 ногоон мэнгэ эрхшээвэл: Лус савдагийн хорлол, бузраас болгоомжил.

Усан балин, Лусын сан, 13 сан, Дэв сан тавиул.

-5 шар мэнгэ эрхшээвэл: Ад зэтгэр, өвчин тахалтай газар бүү оч. Жамбалцанжид,

Ширнэн, Дугар уншуул.

-7, 9 улаан мэнгэ эрхшээвэл: Улаан идээ, эд авах, улай хийх, хануур хийлгэхийг

цээрлэ. Хурим найран болон оршуулганд очих, архи ууж согтох муу. Гурван

гүрэм, 13 сан, Нанжид уншуулах хэрэгтэй.

- Жилийн заслыг заавал хийлгэх ёстой юу?

Тухайн жил нь өнгөрсөн болоод дараа дараагийн гарах жилтэйгээ ижил нөлөөлөлтэй байдаггүй. Хүн бол сав шим ертөнцийн нөлөөлөл дор амьдарч байдаг. Хүн бүр ижил биш, жил бүр ижил биш. Био хэмнэл гэж байна л даа. Жил битгий хэл өдөр бүр ижил нөлөөлөлтэй байдаггүй. Иймд хүн аливаа эрсдлээс өөрийгөө хамгаалахын тулд жилийн засал хийлгээд зогсохгүй өдөр бүр зурхайтай холбоотой байж явдал мөрөө зөв зохицуулж явах ёстой юм. Бурхадын судар тарнийн үг маш хүчтэй, давтагдашгүй хосгүй хэлбэлзэл бүхий давтамж үүсгэх тул ертөнцөд нөлөөлөхүйц энергитэй юм л даа.

- Тухайн жилийн заслыг шинийн 1-15-ны дотор багтаан хийлгэх ёстой гэдэг энэ ямар учиртай вэ?

Бурхан багшийн Рид хувилгааныг үзүүлсэн их дүйчин өдрүүд цагаан сарын шинийн 1-15-нд тохиож их ерөөлүүд хурдаг юм. Энэ их дүйчин өдрүүдэд хийсэн буян хэд дахин арвиждаг учир хүмүүс энэ өдрүүдэд ном хуруулж, заслаа хийлгэх хүсэлтэй байдаг юм.Энэ үеэр хол ойр ажлаар явсан эсвэл ажлын бололцоогүй хүмүүс байдаг.Тийм бол дараа нь бололцоотой үедээ тухайн жилдээ багтан ном хуруулж, заслаа хийлгэж болно.

- Жил орж буй хүмүүс юуг анхаарвал зохих вэ?

Төрсөн жил эргэж давтагдахыг “Жил орно” гэдэг. Энэхүү 12 жилийн давтамжийг төрсөн жилийн биеийн махбодиор үзвэл 13 -ны жил орох нь хүү, 25-ных нөхөр, 37- ных дайсан, 49-ийх эх, 61-ийх төрсөн жилтэйгээ адил, 73 -ых хүү шүтэлцээтэй байгаагаас үзэхэд жил орох үйл явц нь бас давхар нөлөөлөлтэйг харуулж байна. Жил орогсод нь нас барагсдын яс барих, хурим хийх, бузартах, өвдөх, нас цөвтөх, хийморь доройтох, ажил үйлс бүтэлгүйтэх, бэртэж гэмтэх, сүлд хазайх, гарз гарах, хэл аманд орох, гай гамшиг, саад тотгор учрах гэх мэтээс сэргийлж анхаарал болгоомжтой байж, гүрэм засал хийлгэж байх нь чухал. Жил орсон хүн түй мандал өргөж, бурхан сахиусаа тахиж, Юмжай бэрэн дүйсүм, Сандуйнжүд, Улаан юм, Ширнэн дүдэг, Цэвэгмэдийн чого, Их манла, Дугар, Жанаггагдаг, Сундуй, Нанжид гэх мэт номуудаас аль тохирохыг уншуулах нь зүйтэй.

Эр хүн жилээ угтах, эм хүн жилээ дагах нь байдаг тул анхаарч зохих заслыг угтаж буюу дагаж хийлгэж байгаарай. Жил орох нь мэнгэ голлохтой давхцах, насны гүймэгтэй тохиовол илүү анхаарч, гүрэм засал хийлгэх хэрэгтэй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
3
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
53862
11 эможи
keyboard_arrow_up