“Хятадын цагаан сар” арга хэмжээ зохион байгуулагдлаа

2018 оны 2 сарын 13

Өнгөрсөн амралтын өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам,  Хятадын соёлын төвөөс хаврын баяр буюу “Хийморлог яваа Хятадын цагаан сарын наадам” арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Шин Хаймин, ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал хатагтай Ливэй тэргүүтэй зочид төлөөлөгчид, Монгол улсад суугаа Хятадын гэр бүлүүд хүрэлцэн ирж оролцлоо.  

Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд Хятадын уламжлалт дуу бүжиг, тоглоом наадгайг толилуулахаас гадна Чэндү гурилан хүн урлал, Чэндү чихрэн зураг, Өндгөн сийлбэр, Миндао хулсан нэхмэл, Шинфань палм нэхмэл зэргийг дэлгэн харууллаа. 

 

БНХАУ-ын Биет бус соёлын өвийн гар урлалын талаар танилцуулахад: 

Чэндү гурилан хүн урлал: 2011 онд БНХАУ-ын Сичуань мужийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн. Энэ нь Хятадын ардын гар урлалд тооцогддог бөгөөд Хан улсын үеэс улбаатай, өдгөө 1340 жилийн түүхтэй. Гурилыг гол материалаа болгон ашиглаж , чимхэх, дарах, хайчлах, наах зэрэг аргаар их биеийн дүрсийг бүтээж, дараагаар хутга, сам зэрэг багажаар зүсэж, сийлж, зуран гоёсог бүтээлийг бий болгодог байна.

Чэндү чихрэн зураг: 2008 онд БНХАУ-ын Сичуань мужийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн. Өдгөө 400 гаруй жилийн түүхтэй чихрэн зургийн урлаг нь эрт үеэс уламжлагдан ирсэн бөгөөд  Мин улсын үед Сичуань мужийн Чэндү хотын дэргэдэх Башу тосгонд түгээмэл тархсан. Сүүдэр жүжиг болон хайчилбарын нөлөөгөөр өнөөгийн өндөр түвшинд хүрэн хөгжсөн байна.
Өндгөн сийлбэр: 2016 онд БНХАУ-ын Сичуань мужийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн. Уг урлаг нь тахиа, галуу, хунгийн өндгөний халисан дээр янз бүрийн дүрс сийлэх ардын урлаг юм. Мөн байгалийн будгаар будах зэргээр сийлбэрийг улам бүр амьтай харагдуулах дээр уран бүтээлчид ажилладаг.

Миндао хулсан нэхмэл: 2014 онд БНХАУ-ын Сичуань мужийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн. Өдгөө 2000 гаруй жилийн түүхтэй энэ урлал нь хулсны нарийн ширхэгийг ашиглан дарж солбиж нэхэн, янз бүрийн дүрс зураг үүсгэн, амьдралд хэрэглэгдэх олон бүтээгдэхүүнийг урладаг байна.
Олсон нэхмэл: Өөрөөр Хятад холбоос гэж нэрлэгдэх энэхүү урлал нь эртний хүмүүсийн тамганаас унжуулан зүүдэг байсан гоёл чимэглэлийн зүйлээс улбаатай. Тан Сун улсын үеэс уламжлагдан ирсэн олсон нэхмэл нь тухайн үед зөвхөн улаан өнгөтэйгөөр хийгдэж хана чимэглэдэг байсан бол өдгөө хүмүүсийн өдөр тутмын амьдралд өргөнөөр хэрэглэгддэг болжээ.

Шинфань палм нэхмэл: 2011 онд БНХАУ-ын Сичуань мужийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн. Гол онцлог нь бат бөх, уян зөөлөн, хөнгөн, өнгө үзэмж гоёмсог, өнгөлөг гялалзсан, гайхамшигтай хийц. Цаг үеийн хөгжлөө даган тус урлаг улам боловсронгуй болж, өдөр тутмын цүнх, гоёл чимэглэлийн хайрцаг, малгай зэргийг урладаг болсон байна.


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53794
0 эможи
keyboard_arrow_up