Татвараа зөв ногдуулж, тайлагная
Татвар төлөгч Танд зориулан татварын тайлантай холбоотой татварын алба, татвар төлөгчдийн хуулиар хүлээсэн үүрэг, тогтоосон эрх, баримтлах зарчим, харилцааны талаарх мэдээллийг бэлтгэлээ.
Татвар төлөгч таны ирүүлсэн татварын тайланг татварын албаны нэг цэгийн үйлчилгээний улсын байцаагчид хүлээн авна. Татварын албаны улсын байцаагч нь татвар төлөгч тантай Монгол улсын хууль тогтоомжийн дагуу шударгаар харилцахаа илэрхийлж, тайлан хүлээн авах явцад баримтлах журам, зарчим, таны эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тайлбарлаж өгнө. Татварын алба таныг илүү ч үгүй, дутуу ч үгүй төлбөл зохих татварын хэмжээг тодорхойлж, төлөхөд тань бүхий л талаар тусална. Татварын алба, түүний ажилтнууд татварын хууль, тогтоомжийг шударгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэдэгт та итгэлтэй байгаарай. Татварын алба татварын хууль тогтоомжийг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад адил тэгш мөрдүүлэх, татвар төлөгчдийг татварын аливаа зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, улмаар татварын систем шударга байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг болно.
НЭГ. ТАТВАР ТӨЛӨГЧ ТА ТАТВАРЫН ТАЙЛАНГАА ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ ?
-Та татварын хуулийн дагуу нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад үндэслэн татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээгээ өөрөө үнэн зөв тодорхойлж, татварын тайланг үйлдэнэ.
-Тайланг батлагдсан маягт, зааврын дагуу засваргүй үйлдэж татвар төлөгч гарын үсгээ зурж, тамга, тэмдгээ дарсан байна.
-Тайлангийн тоон үзүүлэлтийг өссөн дүнгээр гаргаж, тайлангийн хугацааг тэмдэглэсэн байна.
-Тухайн тайлангийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд тайланд «х» тэмдэглэгээ хийж ирүүлэх ба энэ тухай үндэслэлээ тайлбарласан байх нь зүйтэй.
ХОЁР. ТАТВАР ТӨЛӨГЧ ТА ТАЙЛАНГАА ХЭЗЭЭ, ХЭРХЭН ИРҮҮЛЭХ ВЭ?
-Та тайлангаа өөрийн биеэр болон цахим хэлбэрээр, мөн шуудангаар ирүүлж болно.
-Та татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд гаргаж татварын албанд ирүүлнэ. Жишээлбэл: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын улирлын тайланг улирлын дараа сарын 20-ны дотор, тухайн жилийн эцсийн тайланг дараа жилийн 2 дугаар сарын 10-ны дотор, НӨАТ-ын тайланг дараа сарын 10-ны дотор, онцгой албан татварын тайланг дараа сарын 5-ны дотор татварын албанд тушааж, татварын тооцоо хийнэ.
-Татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байдаг. Энэ нь тайлан хүргүүлэхдээ татвараа төлсөн байх ёстой гэсэн үг.
-Татвар тайлагнах хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал түүний өмнөх ажлын өдөр татварын тайлангаа ирүүлнэ.
-Та татварын хуулийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдах бол тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг тайлан нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамруулах үндсэн баримт болно.
Энэ нөхцөлд та тайлангаа тайлбарын хамт өөрийн биеэр татварын албанд ирүүлэх ёстой гэдгийг анхаарна уу.
-Та татварын албанд ирүүлсэн тайлангаа тайлагнах эцсийн хугацаа хүртэл засварлах эрхтэй ба засварлах тухай хүсэлтээ бичгээр илэрхийлэх ёстой.
-Татварын алба тайлан хүлээн авсан хугацааг татвар төлөгч өөрийн биеэр ирүүлсэн тайлангийн хувьд уг тайланг татварын албанд хүлээн авч баталгаажуулсан өдрөөр, шуудангаар ирүүлсэн тайлангийн хувьд илгээсэн өдрөөр, интернетээр ирүүлсэн бол цахим мэдээллийн системд илгээсэн өдрөөр тооцно.