Хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр Токиотой хамтрана
Энэ сарын 1,2-ны өдрүүдэд Нийслэлийн Байгаль орчин, Ногоон хөгжлийн газар, Токио хотын захиргааны Байгаль орчин, ногоон хөгжлийн газартай хамтран “3R Хог хаягдлын менежмент” сургалтыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан юм. Энэхүү сургалтын хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Токио хотын Захиргааны Байгаль орчны газрын нөөцийг дахин боловсруулах хэлтсийн захирал Казуяа Сайто тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улаанбаатар хот нь Токио хотын удирддаг ”Азийн том хотуудын холбоо- 21” /ANMC-21/ -ийн гишүүн бөгөөд тус холбоо нь гишүүн хотуудтайгаа хамтран олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Японтой хамтран анх удаа зохион байгуулсан энэхүү сургалтын үр дүн сайн байна гэдэгт итгэж байгаагаа уулзалтын үеэр ноён Казуяа Сайто илэрхийллээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, “Япон Улсын Засгийн газар, ард түмний дэмжлэг тусламжаар Улаанбаатар хотод олон бүтээн байгуулалт өрнөж ирсэн. Хамгийн ойрын жишээ хэлэхэд, Нарны гүүрийг ашиглалтад оруулж, ЖАЙКА-тай хамтран Улаанбаатар метро төслийг хэрэгжүүлэхээр болсон. Бид Япончуудтай хамтран ажиллахдаа үргэлж таатай байдаг. Өнөөдөр Улаанбаатар хотын өмнө тулгамдаад байгаа гол асуудал бол агаар, хөрсний бохирдол юм. Тиймээс бид хамтран эхлүүлсэн энэхүү сургалтын үр дүнг маш сайнаар харж байгаа. Цаашдаа ч энэ чиглэлээр хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн онцоллоо.