Интернетэд “Меssаge zar” байрлуулж дуудлагаар биеэ үнэлэх явдал ихэсчээ

2018 оны 2 сарын 07

Холбоотой Зураг

Саун массаж нэрийн дор бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас нэгдсэн болон, хэсэгчилсэн арга хэмжээг 2018 оны 1 дүгээр сараас тодорхой үе шаттайгаар зохион байгуулж байна. 

Энэхүү хууль бус үйлдэл нь гудамж талбай, олон нийтийн газраас үйлчлүүлэгч олох байдлаар биеийг нь үнэлүүлэхээс гадна саун массажны газар, караоке, интернетэд “Меssаge zar” байрлуулж дуудлагаар секс үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний байгууллагын ажилтнуудаар дамжуулан үйлчлүүлэгч олох хэлбэрт шилжжээ. 


Шалгалтын үеэр нийслэл хотын хэмжээнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй саун, массажны 39 газрыг илрүүлж, давхардсан тоогоор 42 удаа үзлэг, шалгалтыг зохион байгуулахад насанд хүрээгүй 6 /16-17 насны/, насанд хүрсэн 145 эмэгтэйг массаж нэрийн дор бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг худалдаалж байсан нь илэрсэн байна. Тус хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж байсан 53 этгээдэд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа ба 4 үйлдэлд зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэн, 4 үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 34 үйлдэлд зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 

2002 оны Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд заасан “Биеэ үнэлэхэд бусдыг татан оруулсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцож байсан бол  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд дотоод дахь бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн онцлог бүрэлдэхүүнүүдийг орхигдуулснаас саун массаж, үйлчилгээний газруудад биеэ үнэлэхийг зохион байгуулах, биеэ үнэлэх нөхцөл бололцоогоор хангах гэмт үйлдлийг өөгшүүлсэн буюу гэмт этгээдэд ял завших боломжийг олгосон. Хууль зөрчсөн этгээд хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлд зааснаар Өөрийн эзэмшлийн байр, газарт биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд зуучилсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан нь бэлгийн мөлжлөгийн дээрх хэлбэртэй хууль сахиулах байгууллагаас тэмцэх, таслан зогсооход тулгарч буй гол хүндрэл бэрхшээл болоод байна. 

Харин шинэчлэгдэн батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлд Биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан нь биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орж буй этгээдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг бий болгож өгсөн.

Мөн саун, массажийн үйл ажиллагаа эрхлэгчид олгох зөвшөөрөл, тэдгээрт тавих хяналтын тогтолцоо ойлгомжгүй, хариуцах байгууллага байхгүй байгаа нь саун, массаж нэрийн дор бусдын биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг худалдаалах хууль бус үйл ажиллагаа болон тэдгээрийг дагасан бусад гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна. 

Саун, массажны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ямар байгууллага, албан тушаалтнаас олгох талаар зохицуулсан зохицуулалт байхгүй. Аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн төрлийг зааж өгсөн бөгөөд уг жагсаалтад саун, массаж, дэн буудлын үйл ажиллагаа эрхлэхдээ тусгай зөвшөөрөл авахаар зохицуулаагүй байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл шалтгаан болж байгаа аж. 


Шалгалтанд хамрагдсан саун, массажны газруудад саун тавигдах стандартын 9.1 дэх хэсэгт заасан “Үйлчилгээний газарт ажиллагсад нь тухайн чиглэлээр сургалтад хамрагдаж мэргэшсэн байна, 9.2 дахь хэсэгт заасан Иллэгийн ажилтан /массажист/ нь эрх бүхий байгууллагаас баталгаажсан мэргэжлийн үнэмлэхтэй байх ба ил харагдахуйц газар байрлуулсан байна” гэж тус тус заасан хэдий ч тухайн заалтыг хэрэгжүүлсэн нэг ч газар байгаагүй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
53524
1 эможи
keyboard_arrow_up