Д.Сугар: Шууд хэлье, тэр баталгаа гэх гэрээнд Ч.Ганзориг бид хоёр гарын үсэг зураагүй

2018 оны 2 сарын 07

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн банкнаас 109 сая ам.доллар зээлсэн тухай асуудлыг Арбитрын шүүх хэлэлцээд Монголын тал 51 сая ам.долларыг төлөх шийдвэрийг гаргасан нь улс төр төдийгүй нийгмийн анхаарал хандуулах сэдэв болж байна. Мөн 2013 оноос хойшхи шүүхийн зардал, зээлийн хүү, алданги, торгууль зэрэгт 44 сая ам.долларыг төлөхөөр болоод байгаа юм. Үүнтэй холбогдуулж манай сайт энэ хэрэгт холбоотой гэгдэж байгаа “Жаст”-ын Ш.Батхүү, Ерөнхий сайд С.Баяр нар ямар байр суурь илэрхийлж байсныг цувралаар хүргэсэн билээ.

Харин энэ удаад Цэцийн гишүүнээр ажиллаж буй Д.Сугар ямар тайлбар өгч байсныг хүргэж байна. Түүний хувьд “Жаст”-ын групп, “Эрдэнэт” үйлдвэрт холбогдох “Стандарт” банкны 109 сая ам.долларын өр олон нийтэд ил болох үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан билээ.

Тэрээр “Хоёр хоног наадамлаад иртэл “Эрдэнэт” үйлдвэр болон “Жаст” групптэй холбоотой томоохон хэмжээний  шуугиан дэгдсэн  байна. Ноцтой сэдэв хөндөгджээ. Үүнд би байр сууриа илэрхийлэхийг оролдъё. Одоогоор олон бичиг баримттай танилцаж амжаагүй байна. Сонин хэвлэлээс мэдээлэл авлаа. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой “Жаст” группийн зээл дотроо хэд хэдэн заагтай асуудал. Өнгөрөгч 2009-2010 оны хооронд гурван удаагийн гэрээгээр 109.9 сая ам.долларыг “Жаст” групп Английн “Стандарт” банкнаас  зээлсэн  юм байна. Энэ бол хувийн байгууллагуудын хоорондын асуудал. Хамгийн ноцтой нь энэ их мөнгийг “Стандарт” банкинд  “Жаст” групп төлж чадахгүй бол би хариуцна гээд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал үүрэг авсан юм шиг асуудал яригджээ. Тэгэхээр “Жаст” группийн 109.9 сая  ам.долларын зээлийн баталгаанд Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр огт хамааралгүй. Тус үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг бид хоёрын хувьд “Стандарт” банкинд баталгаа гаргаж өгөхөд оролцсон зүйлгүй. Тэр баталгаа гэх бичгийг нь үзлээ.  Төрийн албанд олон жил ажилласан, аж ахуйн нэгжийн туршлагатай хүний хувьд харахад эрүүл ухаанд нийцэхээргүй бичиг байна лээ. Үүнийг тодруулахад, “Эрдэнэт” үйлдвэрийг батлан даагчаар оролцох  бичиг баримтыг “Жаст” групп өөрсдөө ямар ч аргаар байдаг юм хуурамчаар бүрдүүлсэн гэж хэвлэл мэдээллээр нийтэлж байна.  “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авсан гэх асуудлаас Ч.Ганзориг бид хоёр өөрсдийнхөө нэрийг салгаж аваад болчих асуудал биш. Үнэхээр олон улсын шүүх цагдаагаар явбал энэ ноцтой асуудал үүснэ. Тэгэхээр “Стандарт” банкнаас  хуурамчаар баримт бүрдүүлж зээл авсан компани хариуцлагаа хүлээж улсыг хохиролгүй болгох ёстой гэсэн байр суурьтай байна.

“Жаст” групп 2009-2010 онд тус банкнаас зээл авсныг нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг бид хоёр мэдээгүй. Шууд хэлье. Тэр баталгаа гэх гэрээнд бид хоёр гарын үсэг зураагүй. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Энэ зээлийг “Эрдэнэт” үйлдвэр төлөх ямар ч үндэслэл байхгүй. Хамгийн асуудал дагуулж буй нь энэхүү их хэмжээний зээлийн асуудал олон улсын шүүх цагдаад очоод байдал хүндэрвэл “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд өөрсдийгөө хамгаалах нотлох баримтуудаа сайн цуглуулж өгөх хэрэгтэй. Тэр үед ажиллаж байсан хүмүүс ч хичээн оролцож  “Эрдэнэт” үйлдвэрээ энэ асуудлаас салгаж авах ёстой гэж бодож байна.

“Жаст” группийн захирал Ш.Батхүү “Стандарт” банкнаас анх зээл авахдаа зээлийн баталгаанд намайг оролцсон гэх мэдээллийг хийсэн. Энд нэг зүйлийг тодотгож ярих нь зүйтэй болов уу. Өнгөрөгч 2007 оны арав болон арваннэгдүгээр сард нэг яриа болсон юм. Юу гэхээр “Улаанбаатар төмөр зам” ТӨХК санхүүгийн хүндрэлд орж “Эрдэнэт” үйлдвэрийн баяжмалыг зөөхөд саатал гарсан юм. Тэр үед “Жаст” групп “Эрдэнэт” үйлдвэрт шатахуун нийлүүлдэг байсан. Үйлдвэрийн баяжмалын гэрээ хэлцэлд ч энэ компани оролцож байлаа. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий  захирлаас Оросын талын захирал бид хоёрт хүсэлт ирсэн юм. Хүсэлтэд “Аж  ахуйн хүндрэлээс гарах нэг арга байна. “Жаст” группийн  борлуулалт, гэрээг нь барьцаа болгож аваад “Стандарт” банкинд баталгаа гаргаж өгье. Ингэснээр “Жаст” мөнгө олчих юм бол төмөр замыг хүндрэлээс гаргачихна” гэсэн асуудлыг тавьсан. Ингээд 2007 онд баталгаа гаргаж, “Стандарт” банкнаас 20 сая ам.долларыг “Жаст” групп зээлсэн юм. Энэ гэрээ хэлцэл 2008 онд хэрэгжээд дууссан. Тэр үед бид гэрээ хэлцэл амжилттай хэрэгжиж үйлдвэрт ашигтайгаар дууслаа гэсэн ойлголттой үлдсэн юм. Авсан бүх зээлээ төлсөн байсан.

2008 оны эдийн засгийн хямралыг та бүхэн санах байх. “Жаст” групп “Эрдэнэт” үйлдвэрт огт хамаагүй компани биш байсан. Тус үйлдвэрт шатахуун нийлүүлдэг байсан гэж хэллээ. Дээр нь зээлийн баталгааны асуудлыг “Эрдэнэт” үйлдвэрийн Орос болон Монгол талын захирлууд болон бусад холбогдох байгууллагууд хэлэлцэж шийдсэн юм. Аж ахуйн хэлцэл байсан. Хууль зөрчөөгүй. Хэрэгжээд дууссан асуудал. “Стандарт” банкнаас зээлсэн их хэмжээний валютын асуудлаар УМБГ надаас байцаалт, мэдүүлэг аваагүй. Би Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан хүний хувьд төрийн өмчийн 86 компани надад хамааралтай байсан. Сайн, муу бүх зүйлд нь миний нэр холбогддог. Сэтгүүлчид сайныг нь ярихгүй. Мууг нь хөнддөг. Дахиад төрийн өмчийн компанитай холбоотой асуудал гарах л байх. Би аливаа зүйлд их хүлээцтэй ханддаг. Хэрэв шаардлага гарвал шалгах байх. Шалгаад үр дүнг тогтооно шүү дээ” хэмээн ярьж байжээ.

Эх сурвалж: 24tsag.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
4
53523
5 эможи
keyboard_arrow_up