Э.Мягмардорж: Сэргээгдэх эрчим хүчний технологийн өртөг буурсан учир бидэнд боломж байна

2018 оны 2 сарын 07

Arslan.mn

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Мягмардоржтой ярилцлаа.

-Дэлхий нийт сэргээгдэх эрчим хүчийг чухалчилж байна. Манай улс ч сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх өргөн боломжтой гэдэг?

-Байгалиас эх үүсвэртэй, тэр нь нөхөн сэргээгдэж байдаг, байгаль орчинд ээлтэй эх үүсвэрийг ашиглаж, цахилгаан болон дулаан үйлдвэрлэж буй үйл явцыг сэргээгдэх эрчим хүч гэж нэрлээд байгаа юм. Манай улс нар, салхины эрчим хүчний нөөц хамгийн ихтэй. Монгол орны нийт газар нутгийн зөвхөн 10 хувь буюу 160 мянган ам.километр талбайд салхин цахилгаан станц байгууллаа гэж үзэх юм бол 1.1 сая мВт хүчин чадалтай салхин цахилгаан станц байгуулах боломжтой.

Ингэснээр өнөөгийн БНХАУ-ын жилийн цахилгаан хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний эрчим хүчийг зөвхөн салхинаас үйлдвэрлэх боломжтой гэсэн үг. Яагаад 160 мянган хавтгай талбайд суурилуулах ёстой вэ гэхээр энэ газар нутаг салхины эрчим хүч хамгийн сайтай бөгөөд салхинаас үйлдвэрлэсэн цахилгааны сүлжээнд холбоод, цаашид хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой гэж ойлгож болох юм.

Нарны эрчим хүчний хувьд ялангуяа говийн бүс байна. Тэнд жилдээ 300-гаас дээш хоног нартай цэлмэг байдаг гэж үздэг. Дэлхийд нарны нөөцөөрөө манайх Сахарын цөлийн дараа буюу хоёрдугаарт орох арвин нөөцтэй.

-Энэ нөөцөө ашиглах талаар манайх ажиллаж байна уу?

-Ашиглалт зах зээлээс хамаарна шүү дээ. Монгол Улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал нь 1100 мВт орчим байдаг. Үүний 90 гаруй хувийг дулааны цахиЛгаан станцууд хангадаг. Харин 10 орчим хувийг нь сэргээгдэх эрчим хүч эзэлж байна, Нар, салхины нөөц ихтэй гэхээр бүх хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангаж болно гэж ойлгож болохгүй. Сэргээгдэх эрчим хүч нь нартай байх үед нарнаас, салхитай байх үед салхинаас эрчим хүч авдаг. Дандаа салхитай, нартай байна гэж байхгүй. 

Тийм учраас байгалийн энэ эх үүсвэрийг эрчим хүчний бусад эх үүсвэртэй хослуулах хэрэгтэй. Засгийн газраас Эгийн голын усан цахилгаан станц барихаар маш олон жилийн турш санаачилга гаргаж байна шүү дээ. Эгийн голын усан цахилгаан станц нь Монголын эрчим хүчний системийн найдвартай, бие даасан байдлыг хангах, эрчим хүчний хувьд аль нэг улсаас хараат бус байж эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоосоо хангах гэх мэт давуу талыг бүрдүүлнэ.

Мөн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нөөц байгаа юм. Усан цахилгаан станц байгуулж чадвал бид ОХУ-аас авч байгаа цахилгааны импортыг тодорхой хэмжээнд эсвэл бүхэлд нь дотоодын үйлдвэрлэлээс орлуулах боломжтой. Шөнийн бага ачааллын үед маш хямд үнээр экспортлоод байгаа цахилгаанаа усан цэнэгт цахилгаан станцаар борлуулах боломжтой, Энэ мэтээр сэргээгдэх эрчим хүчийг бусад эх үүсвэрүүдтэй хослуулан ажиллуулах зарчмаар технологийн шийдлийг нь гаргаж байж нар салхины эрчим хүчийг хэрхэн их байх байлгах вэ гэдэг нь тодорхойлогддог.

Сэргээгдэх эрчим хүчээр дэлхийд тэргүүлдэг улс гэвэл Данийг онцолмоор байна. Дани Улс 2016 онд нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 42 хувийг зөвхөн салхинаас хангаж чадсан. Яагаад гэхээр тус улсын эрчим хүч системийн шийдэл нь маш сайн. Хэрвээ салхины эрчим хүчний үйлдвэрлэл нь хэрэглээнээсээ давж байвал, Норвеги руу экспортолдог.

Ингэснээр нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлээс үүсэж болох хэлбэлзлийг зохицуулах системийн шийдлүүд маш чухал. Манай улсад тийм зохицуулалт алга. Манай улсын эрчим хүчний 90 гаруй хувийг эзэлдэг станцууд нь ЗХУ-ын үеийн хуучирсан технологитой. Тэгэхээр эрчим хүч шаардлагатай байх үед маневерлах чадвар муутай учраас нар, салхины эрчим хүчийг их хэмжээгээр хөгжүүлэхэд хүндрэлтэй байна.

-Энэ талыг зохицуулах хууль эрх зүйн орчин муу байдаг юм уу?

-Хууль эрх зүйн орчин муу, бас энэ салбар манай улсад хөгжөөгүй гэж ярьж болохгүй. Хамгийн анх 2005 онд УИХ-аар “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Дараа нь 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуультай болсон. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд маш түлхэц болсон юм. Гэтэл энэ үед сэргээгдэх эрчим хүчний технологи нь их үнэтэй байсан. Жишээ нь 2008 онд нарны эрчим хүчний нэг мВт-ыг суурилуулах өртөг нь 8-10 сая ам.доллар байсан.

Харин сүүлийн жилүүдэд  технологи сайжирч, зах зээл нь маш хурдацтайгаар тэлж буйн нөлөөгөөр ялангуяа нарны эрчим хүчний үнэ ханш хурдацтайгаар бууж байна. Гэхдээ 2005 онд баталж байсан сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр одоо хүчингүй болсон байгаа, УИХ-аас 2015 онд эрчим хүчний талаар баримтлах бодлогыг баталж, үүнд сэргээгдэх эрчим хүчний зорилтуудыг тусгаж өгсөн байгаа. Монгол Улсын салхины эрчим хүчний анхны томоохон бүтээн байгуулалт нь Салхит салхин цахилгаан станц. 

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 50 мВт-ын хүчин чадалтай станц 2012 оны зургаадугаар сард ашиглалтад орсон. Хоёр дахь нь, өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 мВт-ын хүчин чадалтайгаар ашиглалтад орсон. Гурав дахь нь, Дорноговь аймгийн Сайншандад 55 мВт хүчин чадалтайгаар ашиглалтад орохоор барилгын ажил явагдаж байна. Энэ оны төгсгөлөөр бүрэн дуусна. Харин нарны цахилгаан станцын хувьд тус бүр 10 мВт-ын хүчин чадалтай хоёр станц Дарханд, Сонгинохайрхан дүүрэгт “Жаран нэгийн гарам’’-ын ойролцоо ашиглалтад орсон.

Замын-Үүдэд 15 мВт-ын хүчин чадалтай нарны станцын барилгын ажил явагдаж байна.Үүнээс гадна дөрвөн нарны эрчим хүчний төслүүд энэ онд эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Дэлхийн зах зээл дээр технологийн үнэ хямдрахын хэрээр манай улсад сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, нэвтрүүлэх ажил дэлгэрч байна. Манай улсад сэргээгдэх эрчим хүчийг малчин өрхүүд маш сайн ашигласан шүү дээ.

1999 оноос эхлэн “100 мянган нарны гэр” хөтөлбөрийг хэд хэдэн үе шаттай хэрэгжүүлээд 2009 он хүртэл 100 мянган өрхөд 50 хувийн хөнгөлөлттэй 50 мВт-ын хүчин чадалтай нарны дэлгэцийн системийг өгсөн. Жижиг, дунд хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчийг нэлээн дээр үеэс ашиглаж эхэлсэн.

-Сэргээгдэх эрчим хүчийг ахуй амьдралдаа ашигласан тохиолдлууд их байдаг юм билээ.

-Сүүлийн үед энэ талын хэрэглээ хөгжөөд байна. Хувь хүн өөрөө санаачлаад дулаан, цахилгаанаа хангасан жишээнүүд бий. Тухайлбал, Баянчандмань суманд 180 хэдэн ам.метр талбайтай хоёр давхар амины орон сууцыг нарны цахилгаан болон дулаанаар холбосон байдаг. Гэхдээ бүрэн хангаагүй төвийн сүлжээтэй хосолдог гэсэн. Байгууллагын хувьд “Ариг” банк дээвэр дээрээ есөн кВт-ын хүчин чадал бүхий нарны дэлгэц суурилуулсан байдаг. 

Ингэснээр цахилгааны төлбөр нь 66 хувиар багассан тооцоо гарсан байна лээ. Эдийн засгийн асар их ач холбогдолтой байгаа биз. Хэдийгээр анхны хөрөнгө оруулалт өндөр ч гэсэн, алсдаа өртгөө нөхөөд өөрийн гэсэн, үнэгүй гэж болохоор цахилгаантай болох боломжтой. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглалтын хувьд цахилгаан болон дулааны зорилгоор ашиглаж болдог. Дулаанд ашиглаж буй томоохон жишээнүүдийн нэг нь “Асем вилла” цогцолбор юм. Тэнд газрын гүний дулаан ашиглаж байгаа.

-Манай улсын сэргээгдэх эрчим хүчний төлбөрийг өндөр гэдэг. Энэ ямар шалтгаантай вэ?

Манай улсад ажиллаж буй төрийн өмчлөлийн дулааны цахилгаан станцууд тусламжаар байгуулагдсан болохоор хөрөнгө оруулалтын зардал нөхдөггүй. Дээрээс нь улсаас, нүүрс, тээвэр гэх мэт татаас өгч хүчээр хямд цахилгаан үйлдвэрлээд байгаа. Мөн байгаль орчны нөлөөллийн зардал гэж тооцдоггүй. Гэтэл бизнесийн зарчмаар ажиллаж байгаа эх үүсвэрүүдийн цахилгааны тариф өөр байдаг. Мэдээж сэргээгдэх эрчим хүчний станц улсынх шиг хүчээр хямд цахилгаан үйлдвэрлэхгүй. Зах зээлийнхээ шугамаар явж байгаа.

Тэд хөрөнгө оруулалтаа нөхөх ёстой, бизнес л юм чинь тодорхой хэмжээний ашиг олохыг зорино. Тиймээс улсын цахилгаан станцтай харьцуулахад үнийн зөрүү гардаг. Дулааны цахилгаан станцуудыг зах зээлийнх нь горимоор ажиллуулж, цахилгааны үнийг чөлөөл гэдэг зүйлийг яриад байгаа. Манайх хэрэглэгчдэд цахилгааныг зах зээлийнх нь үнээр өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол эрчим хүчний үнэ цэнэ байхгүй болоод байна. Ингэснээр хэмнэлт бий болохгүй эрчим хүчний салбар хөгжихгүй байна гэдгийг салбарынхан хэлдэг.

Өөрөөр хэлбэл, төрийн өмчлөлийн цахилгаан станцуудыг хямдхан цахилгаан үйлдвэрлүүлэхийн тулд уурхайгаас хямд нүүрс өгдөг. Тээвэр дээр ч мөн ялгаагүй. Тэгэхээр хангамжийн хувьд хөнгөлөлтөөр дүүрсэн станц хямд цахилгаан үйлдвэрлэхгүй гээд яах юм бэ. Ингээд уурхайнууд нь ч тэр, төмөр зам нь тэр татаасаа бүрэн авч чадахгүй алдагдалд орж байдаг. Энэ мэтээр төр өөрийнхөө нуруун дээр ачаагаа нэмээд байх ямар шаардлага байна.

Гэтэл улс ингэж хичээж, халамжилж иргэдэд хямд тарифаар цахилгаан өгдөг гэдгийг ихэнх нь мэддэггүй. Дээрээс нь хямд цахилгаан үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хямдаар худалдсан хэр нь эрчим хүчний станц нь хуучирсан технологитой. Өнөөдөр нэг станц ажиллагаагүй болж гэвэл гайхах зүйлгүй. Манай станцууд олон жил ажилласан туршлагатай инженерүүдийн хүчинд л ажиллаж байна. Урсгал засвар үйлчилгээ хийх маягаар л торгоогоод явдаг.

-Сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн боловсон хүчин манайд хэр байдаг вэ. Ганц нэг их сургуулиудад сэргээгдэх эрчим хүчний анги байдгийг л мэднэ.

Нэг үеэ бодвол боловсон хүчин сайн болсон Сэргээгдэх эрчим хүчний салбарт физикчид, механик, цахилгаан, электрон инженерүүд голчлон ажилладаг. Түүнээс гадна МУИС, ШУТИС-д сэргээгдэх эрчим хүчний анги байгаа.

-Манай улсад сэргээгдэх эрчим хүч ашиглаж станц байгуулахад тохиромжтой газрууд аль бүсэд байдаг вэ?

-Өмнөговь аймагт салхины нөөц хамгийн ихтэй. Дангаараа 300 мянган мВт хүчин чадалтай станц байгуулах боломжтой гэсэн судалгаа байдаг. Өмнөд болон зүүн хэсгээрээ салхины нөөц элбэг байна. Нарны нөөц ч ялгаагүй зүүн болон говийн нутгаар их байдаг. Гэхдээ Дархан болон Улаанбаатар хотын баруун хэсэгт байгуулсан нарны цахилгаан станц маш сайн ажиллаж байгаа гэдгийг дурдмаар байна.

Манай улс 2030 он гэхэд суурилагдсан эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэнэ гэсэн зорилт тавьсан. Харамсалтай нь, Засгийн газраас төлөвлөж байгаа төслүүд нь дандаа нүүрсний станц барих чиглэлд хандаад байна. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх тал дээр хэдэн хувийн хэвшлүүд л ажилладаг, Яагаад гэхээр нүүрсний станцад хөрөнгө оруулахаас дэлхийн улс орнууд татгалзсан.

Жишээ нь, Франц Улсын Засгийн газар 2015 онд нүүрсний станцын төсөлд хөрөнгө оруулахгүй гэдгээ албан ёсоор зарласан байдаг. Өнөөдөр нүүрсний станц барих гээд төсөл бичээд явбал олон улсын хөрөнгө оруулалт олдоход маш хүндрэлтэй болсон. Харин сэргээгдэх эрчим хүчний төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс бий. Учир нь дэлхий байгаль орчинд ээлтэй технологи руу чиглэж байна.

-Нар, салхины болон нүүрсний станц барихын хоорондох хөрөнгө зардал зөрүүтэй байдаг вэ?

Нарны эрчим хүчний хөрөнгө оруулалт нүүрсний цахилгаан станцаас хямд болсон. Харин салхины эрчим хүчний хувьд бага зэрэг өртөг өндөр. Гэхдээ нүүрсний цахилгаан станц барихаар дараа нь ашиглалтын зардал асар их. Тээвэрлэлт, ажиллах хүчнээс эхлүүлээд өндөр эрсдэлтэй.

Тухайлбал, IV цахилгаан станцад 1,500 орчим хүн ажилладаг. Тэгэхэд 50 мВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц байгуулахад 30 гаруй хүн л ажиллана.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53516
1 эможи
keyboard_arrow_up