Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч ЧАНГАРНА
Хоёрдугаар сарын 8-9 нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2018 оны хоёрдугаар сарын 06-ны 20:00 цагаас хоёрдугаар сарын 07-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 14-19 градус, Орхон-Сэлэнгийн сав болон Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
2018 оны 02 дугаар сарын 08-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар 8-9-нд ихэнх нутаар цас орж, салхи секундэд 14-16 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч, хүчтэй цасан шуурга шуурна.
10-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна.
9-нөөс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч:
- Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус,
- Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус,
- Бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
- Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Иймд, малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, хөлдөх, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах,
Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг учир хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|