Өргөн ба нарийн төмөр зам гэж юу вэ?
Галт тэрэг л явдаг гэдгээр нь мэдэхээс төмөр зам өргөн, нарийн гэсэн хоёр стандарттай гэдгийг бид нийтээрээ мэдэхгүй явсаар ирсэн. Төмөр зам нь хорьдугаар зууны эхэн үеэс аж үйлдвэржилт, цэрэг стратеги, эдийн засгийн харилцааны гол гарц болж улс үндэстэн бүр өөр өөрсдийн гэсэн төмөр замын бие даасан бодлоготой болсон байдаг. Хятадын хувьсгалын удирдагч Сүн Ятцин “Улсыг хөгжүүлэх ухаан” хэмээх бүтээлдээ Хятадыг хэрсэн төмөр замын нягт сүлжээ байгуулах ёстой гэсэн санааг дэвшүүлсэн нь газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хадгалж үлдэх цэвэр цэрэг стратегийн зориулалттай байсан гэдэг нь маргашгүй үнэн. Гэвч техник, технологийн хөгжил цэрэг дайны үйл ажиллагааг огт өөр түвшинд хүртэл хөгжүүлснээр төмөр замын цэрэг стратегийн ач холбогдол хоцрогдсон гэж болно. Ялангуяа 1990 онд АНУ персийн буланд явуулсан “Цөлийн шуурга ажиллагаа”-наас хойш улс орнуудын цэрэг сртатегийн бодлого нь балластик төхөөрөмж, агаар мандал сансарын технологи, мэдээлэл харилцаа холбооны хөгжүүлэлтэнд төвлөрөх болж цаг хугацаа их авдаг зардал ихтэй хүнд техникүүд явган замын салбарууд хоцрогдсон гэхэд болно. Иймд төмөр замын ач холбогдол нь тухайн улс орны эдийн засгийн эрх ашигт шууд захирагдах болсон юм. Тэгвэл цэрэг дайн, улс үндэстэн, эдийн засаг, гэх мэт маш олон эрх ашигтай холбогддог, урт удаан түүх өгүүлдэг төмөр замын стандартууд чухам яагаад хоорондоо ийм ялгаатай байдаг вэ? энэ тухай товчхон ойлголтыг аль нэг талын байр суурийг дөвийлгөлгүй хүргэж байна.
Төмөр замын стандарт
Төмөр зам анх бий болсноос хойш улс орон бүр өөр өөрсдийн технологийн шийдлээр газар нутгаа хэрсэн төмөр замын сүлжээ байгуулахаар маш эрчимтэй ажиллаж эхэлсэн байдаг. Энэ нь нэг талдаа улс орны дотоодын тээврийг хөнгөвчлөх, худалдаа арилжаа, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх бодлогын үүднээс хийгдсэн мэт боловч мөн чанартаа гадны халдлагаас хамгаалах, эсвэл гадаадруу дайн хийхэд зориулж цэрэг армиа хурдан шилжүүлэх шаардлагын улмаас хийгдэж ирсэн гэдэг нь баримтаар нотлогддог. Хятадын төмөр зам, Хаант Оросын үеэс эхлүүлсэн дорнод Сибирийн төмөр зам гээд нэрлээд байвал томоохон улс орны төмөр замууд ихэвчлэн цэрэг стратегийн шаардлагаар тавигдсан байдаг юм. Өнөөдөр дэлхий дээр 13 төрлийн төмөр замын стандарт дагаж мөрдөгдөж байна. Хамгийн нарийн буюу 381 mm замыг Исланд болон Африкын маш цөөн оронд хотын дотор бичил тээвэрт хэрэглэдэг бол хамгийн өргөн буюу 2160 mm замыг Бруней улсад ашиглаж байна. Хамгийн их ашиглагдаж байгаа стандарт нь бидний дунд маргаан дагуулаад байгаа нарийн цариг буюу олон улсын стандарт юм. Үүний дараа Испаний стандарт буюу 1050 mm замыг Бразиль, Тайланд, Вьетнам, Малайз, Индонез зэрэг эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа улсууд ашигладаг байна.
Нарийн цариг
Анх Их Британи улс энэхүү стандартыг санаачилжээ. Английн нүүрсний уурхайд 1422 mm хэмжээтэй төмөр зам тавьсан атлаа түүнтэй залгагддаг Шотландад 1372 mm хэмжээтэй төмөр зам тавьсан байна. Улмаар 1846 он гэхэд энэ хоёр замыг нэгдсэн стандартад нийцүүлснээр энэхүү стандарт бий болжээ. Энэ нь улам боловсронгуй болсоор 1435 mm болон өөрчлөгдөж эдүгээ Америк, Австрали, Европын улс орнууд эдгээр царигаар төмөр замаа тавьсан байна. 1937 оноос хойш энэхүү царигийг дэлхийн буюу олон улсын стандарт гэж нэрлэх болсон ажээ. Манай өмнөд хөрш БНХАУ ч мөн энэхүү стандартыг мөрддөг.Дэлхийн нийт төмөр замын 63 хувь энэхүү стандартаар баригдсан байдаг. Гол давуу тал нь ашиглалтын зардал хамгийн бага. Бусад стандартуудтай харьцуулахад эвдрэл багатай байдаг. Мөн хамгийн өндөр хурдыг үзүүлдэг. Тухайлбал энэхүү стандартын төмөр замаар Япон, Франц, Хятад улсууд хамгийн өндөр хурдтай тээвэр хийж байна. БНХАУ л гэхэд 501 км/ цагийн хурдыг үзүүлж дээд амжилт тогтоосон байна. Нэг дугуй нь 32-40 тн даацтай. Тээж байгаа орлогынхоо 15 хувиас хэтрэхгүй зардал гаргадаг нь эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай гэж хэлэгддэг. Манайд мөрдөгдөж байгаа 1520 mm стандартаас 85 mm-ийн л зөрүүтэй учраас төмөр замыг бариж ашиглахад боловсон хүчин болон техник технологийн ямар ч хүндрэл гарахгүй.
Өргөн цариг
Нэг дугуй дээд тал нь 25 тн даацтай. Тээж байгаа орлогынхоо 60 хувьтай тэнцэх зардал гаргадаг өргөн цариг олон талаараа нарийн замаас сул талтай боловч Монгол Улсын хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Дэлхийн нийт төмөр замын 18 хувь нь энэхүү стандартаар баригдсан байдаг. ОХУ-ын стандарт хэмээн дэлхийд нэрлэгддэг. Зарим оронд үл ялиг өөр буюу 1524 mm хэмжээтэй байдаг ч үүнийг нэг стандартад авч үздэг байна. Финландаас Монгол хүртэл Евро азийг хэрсэн хүчирхэг сүлжээ юм.Анх 1842 онд Оросын эзэнт улс 1524 mm стандартыг баталж, цэрэг батлан хамгаалах зорилгоор ашиглаж эхэлсэн түүхтэй. Хэдийгээ энэ стандарт нь ОХУ-ын гэж нэрлэгддэг ч Европын зарим орнуудад хөнгөн ачаа тээвэрлэх, хотын дотор транбейд өнөөг хүртэл ашигласаар байгаа. Хослосон стандарт буюу өргөн нарийн замын аль алийг нь ашигладаг тэр бүү хэл гурван янзын төмөр замын стандартаар хурдны галт тэрэг, ачаа тээвэр, дотоодын метро транбей тээврээ шийдсэн олон орон байдаг ажээ. Өргөн замын гол давуу тал нь Евро азийг холбосон том сүлжээтэй. Мөн манай улс энэхүү стандартын замаар төмөр замаа хөгжүүлсэн арвин баялаг уламжлалтай. Засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслээ ОХУ-аас авах тул эдийн засгаар хоёр хөрштэйгээ тэгш хамтран ажиллах, тэнцвэржүүлэх бодлоготой уялдаж байгаа юм.