Татварын тухай хуульд орох ӨӨРЧЛӨЛТҮҮД

2018 оны 2 сарын 01

Arslan.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Татварын багц хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн барина. Багц хуульд Татварын тухай хууль, ААН-ийн орлогы албан татварын хууль багтжээ.   

Эдгээр хуулийг батлах нь хөрөнгө оруулалтын болон бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татварын хууль тогтоомжийг энгийн, ойлгомжтой болгож, олон улсын татварын шинэлэг зарчмуудтай нийцүүлэх зорилгоор хийж буй татварын хоёр дахь шатны шинэчлэлт болно.

Татвар төлөгчийн татварын тайланг шуурхай үнэлж, илүү төлсөн татварыг татвар төлөгчийн нийгмийн байдал, ажлын ачаалал, онцлог зэргийг харгалзан хурдан, чирэгдэл багатай, бүрэн олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Аж ахуйн нэгжийн 25%-ийн орлогын албан татварын 3 тэрбум төгрөгийн босгыг 6 тэрбум төгрөгт хүргэнэ.

Элэгдэл байгуулах хугацааг богиносгох, алдагдал шилжүүлэх хугацааг уртасгах замаар татвар төлөгчийн бизнесийн эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулалтаа нөхөх бололцоог нэмэгдүүлнэ.

Татварын хууль тогтоомжийг энгийн, ойлгомжтой болгох зорилгоор татвар төлөгч, татварын алба хооронд түгээмэл үүсдэг татварын маргаан, зөрчлийг судлан үзэж, эдгээр асуудлыг татвар төлөгчид аль болох ашигтай байдлаар шийдвэрлэнэ.   

Татвар төлөгчийн хүсэлтээр татвар төлөх хугацааг 2 сар хүртэл сунгах боломжтой байсныг 1 жил хүртэл болгоно.

Татварын баазыг багасгаж, ашиг шилжүүлэх (BEPS) конвенцийн 111 дэх гишүүнээр элссэн тул гадаад улс орны татварын байгууллагатай хамтран ажиллах, татварын зорилгоор мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлж, мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хамгаалах зохицуулалтыг татварын хууль тогтоомжид тусгаж өгнө.

Мөн татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх үйл ажиллагааны эсрэг авч хэрэгжүүлдэг олон улсын шинэлэг зарчмуудыг татварын хууль тогтоомжид тусгана гэж Сангийн яамны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
53270
1 эможи
keyboard_arrow_up