Буцалтгүй тусламжаар барьсан ариутгалын байгууламж ажиллаагүй гэв үү?

2018 оны 2 сарын 01

Замын-Үүд боомт дахь хилээр өдөрт дунджаар 700-800 автомашин, тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байна.

Arslan.mn

 Эдгээрийг ариутгахдаа гар аргаар шүршдэг төхөөрөмж ашигладаг байжээ. Хилээр нэвтрүүлж байгаа тээврийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүний ариутгал, халдваргүйтгэлийг чанартай гүйцэтгэх зайлшгүй шаардлага тулгарсан ч хөрөнгө санхүүгийн асуудлаас улбаалан төдийлөн дорвитой шийдэлд хүрээгүй өдийг хүрсэн хэмээн улсын байцаагчид ярьж байсан юм. 

Тиймээс буцалтгүй тусламжаар тус боомтод ариутгалын байгууламжийг өнгөрсөн оны сүүлээр ашиглалтад оруулсан ч нээлтээ хийснээс хойш огт ажиллаагүй тухай мэдээллийг манай сонинд ирүүлсэн юм.

Жолооч Ч.Мөнх-Эрдэнэ “Замын-Үүдэд баригдсан ариутгалын байгууламж нээлтээ хийснээсээ хойш огт ажиллаагүй. Ер нь дарга нар ажил хийсэн нэр зүүж улсын мөнгөөр тоглож байна.Үүнийг болиулах хэрэгтэй. Тэр байгууламжтай зэрэгцээд орон сууцны барилга баригдаж байсан. Тэр байр аль хэдийнээ ашиглалтад орсон ч байгууламжийн барилга нь ч гүйцэд ашиглалтад ороогүй байгаа. Мөн тэнд ямар ч хүн ажилладаггүй. Мэргэжлийн хяналтын байцаагч нар нь хуучин аргаараа ариутгалаа хийдэг юм билээ. Үүнийг тодруулж өгөхийг хүсэж байна” гэлээ.

Ачааны хүндийг үүрч, аюулгүй байдлыг сахин хамгаалах амаргүй албыг гүйцэтгэж байгаа Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын ажлыг хөнгөвчлөх, хилээр гарах урсгалыг нэмэгдүүлэх, нэвтрүүлэх чадамжийг өсгөхийн тулд Эрээн хотын Ардын Засгийн ордны буцалтгүй тусламжаар 1.7 сая юанийн өртөг бүхий ариутгалын байгууламжийг Зам-Үүд боомтод байгуулан өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад оруулсан. Тус байгууламжийг ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн “Шунг Фэйн” компани барьсан байдаг.

Бүрэн автомат мэдрэгчтэй ариутгалын систем нь жилийн дөрвөн улиралд ажиллах хүчин чадалтай аж. Мөн халдваргүйжүүлэх уусмалыг хөлдөөхгүй халаах системтэй хэмээн тухайн үед “Шунг Фэйн” компанийн төлөөлөгчид хэлж байсан. Харин Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Г.Батмөнх “Энэ жил онцгой хүйтэн байгаа учраас мөсжилт үүссэн. Тиймээс түр зогсоосон байгаа юм. Түүнээс байгууламж хэвийн ажиллах боломжтой. Нөгөөтээгүүр жолооч нараас хүйтний эрч чангарч байгаа үед хуурай аргаар ариутгах хүсэлтийг тавьсан” гэв.

Энэ байгууламжийг буцалтгүй тусламжаар хийсэн учраас “Бэлгийн морины шүдийг үздэггүй” монгол заншлаар хандсан хэмээн албаны эх сурвалж хэлсэн юм. Халдваргүйжүүлэх байгууламжийн усыг зайлуулах замын ажлыг дутуу хийсэн гэдгийг учир мэдэх нэгэн ярьсан.Гэхдээ энэ ажлыг хавар дулаарах цагаар гүйцээж хийхээ тухайн барилгын компанийнхан амласан ажээ. Огт ажиллаагүй хэмээн бусдын хийсэн ажлыг оргүй мэт үгүйсгэж болохгүй гэдгийг Г.Батмөнх дарга хэлж байлаа.

Монгол Улсад анх удаа бүрэн автомат ариутгал, халдваргүйжүүлэлтийн байгууламжтай болсон нь сайн хэрэг. Хэдийгээр буцалтгүй тусламжаар байгуулсан ч дөрвөн улирлын турш ажиллах боломжтой байх нь эрүүл аюулгүй байх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх учиртай. Эрс тэс уур амьсгалтай цаг агаарынхаа байдалд тохируулан тасралтгүй ажиллах ариутгалын байгууламжтай болох нь цаг хугацааны асуудал бололтой.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
53236
1 эможи
keyboard_arrow_up