Ангарскийн үйлдвэрийн 49 хувийг эзэмших үү, “Анандбазарынхаа” үйлдвэрийг хүлээх үү
Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа хамгийн эхэлж хилийн дээс алхсан нь 2017 оны есдүгээр сарын 6-7-нд Владисвостокт болсон “Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон явдал байв. Чуулга уулзалтын мэдээг “товчхон бөгөөд тодорхойхон” мэдээлж байсан ч “халаасны” ганц хоёр үйл явдлын талаар чимээгүй өнгөрсөн нь эдүгээ “өндөлзөж” буй. Тэдгээрийн нэг нь Оросын талаас нэгэн сонирхолтой саналыг тавьсан тухай юм. Тодруулбал, “Танай улс Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн 49 хувийг авах уу” гэсэн саналыг манай талд тавьжээ. Ерөнхийлөгч тухайн үед уг саналыг таатайяа хүлээн авч манай улсын нефть импортлогч компанид албан бичгээ хүргүүлээрэй” гээд нэг компанийн нэрийг хэлсэн байдаг. Тэрбээр нутагтаа ирээд тус компанийн төлөөлөлтэй уулзаж дээрх саналыг дурдаад удалгүй Оросын талаас уг албан бичиг өнгөрсөн 11 дүгээр сард иржээ. Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн 49 хувийг худалдан авна гэдэг гоё санал.
Гоё саналын “муухай” нь өндөр өртөгтөө байгаа юм. Эдүгээ Энэтхэгийн Засгийн газраас Монголд газрын тосны үйлдвэр байгуулахад зориулан өгч буй 1 тэрбум ам.доллараар Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн 49 хувийг худалдан авах боломжтой юмсанж. Харин өнөөх албан бичиг хүлээн авсан компани нь Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн 49 хувийг тэгтлээ сонирхож, хариу өгөх гэж яараагүй байгаа бололтой. Учир нь тэдний өмнө нэг тэрбум ам.доллараар “шатах уу” гэх мэт хувийн компани “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг яг ийм замаар худалдан авсан нь хэрхэн төрийн мэдэлд “хураагдсан” тухай гашуун сургамж халуухнаараа уур савсуулан буй. Тэгэхээр тэд яарахгүй байх нь зүйн хэрэг. Харин хэд хэдэн нефть импортлогчид хамтраад, хувь хэмжээгээ тохироод Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн 49 хувийг ав гэвэл өөр хэрэг. Ингээд “гоё” санал гацаанд оржээ.
Гэтэл цаг үеийн фактор таарч, дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ өсч, “ниргэсэн хойно нь хашхирдагаараа” манайхны зарим нь шатахуун нөөцлөх агуулахаа “хайж”, алсын хараатай улстөрчид нь нефть боловсруулах үйлдвэрээ барихаар яаравчлав. Гай газар дороос гэгчээр түмэн өдөр хоногоос Засгийн газрын 100 хоног гэгч нь ч таарч “Манайх нефть боловсруулах үйлдвэрээ барилаа шүү” хэмээн Ерөнхий сайд тунхаглав. Гэм нь Оросын талаас Роснефть компанийн Экспорт хариуцсан захирал ирэхийн өмнөхөн ийнхүү зарласнаас ч болсон уу, 2018 оны 1 дүгээр сарын 29-нд Монголд ирэхээр төлөвлөөд байсан тус компанийн төлөөлөл уулзалт хэлэлцээрээ гэнэт хойшлуулав. Хоорондоо холбоогүй ч байж болох хэдий ч уулзалтын үеэр шатахууны үнийн асуудлыг хэлэлцэж нааштай үр дүнд хүрэхээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд маань ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворковичтойтой санал солилцож салхийг нааш нь эргүүлчихээд байсан болохоор хардахгүй, харамсахгүй байхын аргагүй.
Сонирхолтой нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг Оросын талаас Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн 49 хувийг худалдан авах тухай санал авсныг, цаашилбал уг саналаа Монголын нэгэн компани руу уламжилсныг хэдийгээр хэвлэлийнхнээс нууцалсан ч салбарын сайдын “нүд, чихээс” хэрхэн холуур өнгөрөх билээ, эрхэм сайд эдүгээ ОХУ руу очиж энэ талаар хөндөн ярих гэж байгаа сурагтай.
Гэхдээ Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн 49 хувийг Монголын компани ч юм уу монголчууд худалдаж авах нь Засгийн газрын болон “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн хувьд бол баярламаар зүйл огт биш. Учир нь “Сод Монгол”-ын Ц.Анандбазарын удаа дараагийн сонгуулийн амлалт, төрд алба хаших боломжоо хүртэл зольж байж олж авч байгаа боломж нь байгуулагдаад удаагүй төрийн өмчит энэ компанитай салшгүй холбоотой. Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Л.Раднаасүрэн ч, Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Д.Цэрэнноров ч бараг л Ц.Анандбазар ажиллаж байгаатай адил.
Ийнхүү Ардчиллынхан Засгийн эрхийг барьж байхад Аж үйлдвэрийн яаманд Газрын тос, нүүрс, химийн үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Цэрэнноров эдүгээ “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг удирдаж байна. Үйлдвэрийн үр ашгийн тухайд төдийлөн гэрэл гэгээтэй таамаг үгүй, чимэглэн ярьж буй ТЭЗҮ нь үлгэрийн гэгдэн мэргэжилтнүүдэд шүүмжлэгдэж байгаа боловч Засгийн газрын нэр хүнд, улстөрчдийн амлалт талаасаа тус үйлдвэр хэзээ “бензин үйлдвэрлэж” ашигтай ажиллах нь 2020 оны сонгуультай харьцуулбал тийм ч чухал хамааралтай биш бололтой юм. Бизнесмэнд ашиг, улстөрчдөд нэр хүнд болж үзэгдэхээс биш юу юугүй шатахуун болоод “банк дүүргэтлээ” удах энэ ажлыг гацаах хүсэл үгүй ч гацаж мэдэх гинжин холбоо хэдийнэ бүрдээд буйг сануулахад илүүдэхгүй биз ээ. Иймээс тэдний талаас л гэхэд болсон болоогүй төрийн мөнгөөр үйлдвэр барихад гол тоглогч байх нь чухал болохоос яавал шатахууны эх үүсвэртэй болох нь амин чухал хүсэл эрмэлзэл биш учраас Монгол компани, Монголын төр, Монгол хүн Ангарскийн үйлдвэрийн 49 хувийг 1 тэрбум ам.доллараар авах болчихлоо гэвэл хэрхэн хүлээж авах нь тодорхой байгаа биз.
Эх сурвалж: uls.mn
|