Нэрийг бүтэн дуудахад хувь заяа тэгширдэг
Надад яагаад ийм нэр өгсөн юм бэ. Бусад хүүхэд Цэцэгээ, Гэрэлээ, Маралаа гээд сайхан нэртэй байхад би нэрээ хэлэхээс ичиж байна гээд хошуугаа унжуулах бяцхан охиныг хараад юм бүхэн учиртай, учир бүхэн тайлалтай гэж бодож билээ. Дуудах нэрийг эцэг эх өгдөг бол дуурсах алдрыг хүн өөрөө олж авдаг. Шинэ хүн мэндлэхэд эцэг эх нь ламаас нэр асууж, хувь заяаг нь тэгшилдэг уламжлал өнөөдөр мартагдахад хүрчээ. Гурван өдрийн дотор нэр хайрлаж, аав нь насан туршдаа дуудуулах тэр эрхэм нэрийг нь хөвгүүн байвал баруун чихэнд нь, охин төрвөл зүүн чихэнд шивнэдэг монгол заншил бий. Энэ нь дээд тэнгэртээ шүтэн залбирдаг монголчуудын эртний ёс заншлын дагуу баруун талыг эрэгтэй хүнээр, зүүн талыг бүсгүй хүнээр төлөөлүүлдэг байсантай холбоотой юм. Бяцхан үрдээ танхил насанд нь дуудах чамин нэрийг биш өтөл насанд нь дуудахад тохиромжтой нэрийг сонгох нь чухал байдаг аж. Мөн өгөх нэрээ бичсэн цаасыг ваартай будаанд хийж шигшдэг нь нэр алдар нь будаа шиг өсөхийг бэлгэддэг юм байна. Хэрэв үүнээс олон хоног нэр өгөхгүй удвал хувь тавилан нь өөрчлөгдөнө гэж цээрлэдэг аж. Энэ мэт монгол хүн болж төрөөд нэр авахдаа хүртэл олон бэлгэдлийг агуулдаг сайхан монгол уламжлалыг бидний өвөг дээдэс өвлүүлэн үлдээсэн байдаг. Даанч энэ уламжлал өнөөдөр мартагдах дөхжээ. Залуу хосууд хувь заяаг нь тэгшлэх бэлгэдэлтэй нэрнээс татгалзаж, чамин хээнцэр, богино нэрийг эрхэмлэдэг болжээ. Хэдийгээр энэ нь хүний эрхийн асуудал ч үр хүүхдийн тань хувь тавилан, ажил, амьдралтай холбоотой гэж бодохоор санаж явах асуудлын нэг яахын аргагүй мөн билээ.
ХҮНИЙ НЭР АРАНШИНГ НЬ ИЛЭРХИЙЛДЭГ
Заримдаа сонин, содон нэртэй хүмүүс таардаг. Хүнбиш, Бибиш, Энэбиш зэрэг үгүйсгэсэн нэр нь цаанаа нарийн утгатай юм байна. Хүүхэд тогтдоггүй айлд хүүхэд төрөхөд өөрийн хүүхэд биш хэмээн ийнхүү домнож нэрлэдэг ажээ. Энэ нь аюул даллах далдын хүчийг “хуурах” зорилготой байж. Харин үзмэрчид төрөхөөс өмнө дээд тэнгэрт тухайн хүний нэр, хувь тавилан нь зурагдсан байдаг гэж үздэг. Мөн “Монгол ёс заншил” төвийн тэргүүн Б.Батболдын “Тэнгэр заяат эрэмгий монголчууд” номонд “Хүний нэр тухайн хүний зан араншинг илэрхийлдэг. Тиймээс шинэхэн төрсөн үрдээ аядуу зөөлөн, бэлгэ дэмбэрэлтэй нэр өгвөл хүүхдийн хувь заяа, зан төлөв нь нэрээ дагаад тэгширдэг. Харин төрснийх нь дараа нэрийг нь солих, өөр нэрээр дуудахад хувь заяа нь төөрөлдөж, элдэв аюулд өртөх нь элбэг” хэмээн бичжээ. Энэ бас л бодууштай. Үүнээс гадна хүүхдийн нэрийг хагасалж дуудах нь хувь заяаг нь хагасалдаг гэж тус номонд бичсэн байна. Тэгэхээр монголчуудын нэрний соёл өөрийн гэсэн түүх бэлгэдэлтэй гэдэг нь үүгээр нотлогдож байгаа юм.
БОГИНО НАСТАЙ ЦЭЦЭГНИЙ НЭРИЙГ ХҮҮХЭДДЭЭ БҮҮ ӨГ
Аливаа нэрийг хайрлахдаа хувь хишгийг нь бодож, дүүрэн бэлгэдэлтэй нэрийг өгөх нь зүйтэй байдаг аж. Хүн төрөхдөө л өөрийн хүнс, хувь тавилангаа дагуулж ирдэг учир тэдгээр сав нь үргэлж дүүрэн байгаасай гэж “Дүүрэн” гэсэн тодотголтой нэрийг хайрлавал буян заяа нь тэгширдэг юм байна. Харин эцэг эхчүүд мэдлэг, шүтлэг, хайхрамжгүй байдлаасаа болж шинэ хүндээ өөрсдийн нэрийг таллаад өгчихдөг. Энэ нь хамгийн буруу гэж “Буяны цагаан зам” гандантэгчилэн хийдийн хамба лам М.Сайнжаргал онцолсон юм.
Тэрээр “Энэ нь өөрийн зовлон шаналал, өр шир хувь заяаныхаа талыг хүүхэддээ наачихлаа гэсэн үг. Тиймээс өвгөдийн болон өөрсдийн нэрийг хэзээ ч бүү өг. Мөн цэцэг их богино настай учир хүүхэддээ цэцэгний нэр битгий өгөөрэй. Үзэсгэлэнт төрхөө нэг л удаа гайхуулаад удахгүй хагдарах аюултай” гэсэн юм. Нэр гэдэг бидний хувьд энгийн юм шиг хэрнээ олон далдын хүч бэлгэ дэмбэрлийг агуулдаг ажээ. Тэгвэл зарим судлаач, лам нар хэрхэн нэр хайрлах, ямар бэлгэдлийг өгүүлэх тухай ингэж зөвлөж байна.
Хамба лам Д.Чойжамц: ТӨРСӨН ӨДӨРТЭЙ НЬ УЯЛДУУЛ
-Төрсөн хүүхдийг угаах, нэр өгөх гээд бүх зүйл нарийн дэгтэй. Нэр хайрлахдаа эхлээд аавынх нь нэртэй хоршихуйц дуудлага эвтэйхэн байна уу гэдгийг анхаар. Мөн төрсөн өдөртэй нь уялдуул. Хэрэв хүүхэд тогтдоггүй айл шинэ хүнтэй болбол цээрлэх нэр өгөх хэрэгтэй. Ийм нэртэй хүүхдүүдийг шоолоод хэрэггүй. Харин ч хүндэлж, дээдлэх хэрэгтэй. Буян заяаг нь дүүрэн байлгах бэлгэдэлтэй нэр хайрласнаар таны хүүхдийн хувь тавилан дардан байх болно. Мөн хүүхдээ зөв хүмүүжүүлснээр бид хүн болж төрснийхөө хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа юм. Өтлөх насны аз жаргал нь хүүхэд сайн явахад оршино.
Бурхан урлаач Д.Ухаанзаяа: ХҮҮХДЭД БУРХНЫ НЭР ӨГӨХ САЙН
-Хүүхдэд нэр өгөх тусдаа судар онол, тогтолцоо бий. Эхлээд аав ээжийнх нь нэрийг судалдаг. Үсэг бүхэн өөрийн махбодьтой байдаг. Эцэг эхийн нэрэнд усан махбодь давамгайлбал шинэ төрсөн хүүхэд усан махбодьтой өдөр төрчихөж гэсэн үг. Тэгэхээр Сүмбэрбилгүүн гэсэн нэр тохиромжтой. Учир нь битүү далайн усанд доошоогоо найман түмэн бээр, дээшээгээ найман түмэн бээрийн хэмжээнд сүмбэр уул оршиж байна. Мөн хүүхдэд бурхны нэр өгөх сайн. Бидний дунд Намсрайжав, Дэмчиггарав, Гонгоржав, Банзрагч, Сундуйжав, Жамсран, Манал гэсэн бурхны нэртэй хүн элбэг. Жишээ нь Манал бол эмийн хаан, отчийн хаан гээд хөх лагшинтай бурхан юм. Тэгэхээр тухайн хүн жаахан бие муутай байсан байх нь.
Бясалгалч Ц.Саранцэцэг: ХҮНИЙ НЭР ДЭЭР ҮЙЛИЙН ҮР НЬ КОДЛОГДДОГ
-Хүний нэрийг хэдэн мянган жилийн тэртээгээс оноочихсон байдаг. Түүнээс аав ээж, лам өгч байна гэж бодож болохгүй. Учир нь тухайн хүүхэд төрөхдөө л нэрээ авчихсан түүнтэйгээ зохицохуйц зан араншин, хувь заяагаа зурчихсан төрдөг. Хүний нэр дээр эхнээсээ үйлийн үр нь кодлогдчихсон байдаг юм. Тиймээс нэрийг дутуу, хагасалж дуудахыг цээрлэдэг. Бүтэн нэрээр нь дуудах тусам заяа буян нь тэгш байдаг.
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин