ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсээс мэдээлэл хийлээ
Өнөөдөр ШӨХТГ-аас зургаан сард хийсэн ажлынхаа тайланг сэтгүүлчдэд өглөө. Эдгээр ажлуудад
1. Гадаад улсад сургууль болон ажилд зуучлах, гадаад хэлний сургалт явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтад хамрагдсан нэр бүхий 26 аж ахуй нэгжүүд Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.7 дахь заалтад гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ гэж заасныг зөрчиж, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан, "Оюуны хөгжлийг дэмжих амжилт ололт төв" ТББ, "Дэлхийн төв цэг" ТББ, "Гомонгу" ХХК нь өөрийн оноосон нэрийг олон нийтэд өөрөөр зарлан, суртчилж байсан зөрчил илэрсэн бөгөөд энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн, "Ворлд кореа" ХХК, "Оюуны хөгжлийг дэмжих амжилт ололт төв" ТББ, "Ай Эн И Си Эс" ХХК, "Ньювойс" ХХК, "Шинэ зууны гүүр" ХХК, "Ди эн Пи" ХХК, "Оазисканад" ХХК, "Гомонгу" ХХК, "Хэлп интернешнл" ХХК, "Гэгээн орчлон" ХХК, "Монголын боловсрол залуучууд солилцооны үндэсний ассоциаци" ТББ, "Бодит алхам интернэйшнл ХХК, "Гэгээн ундарга холбоо" ТББ, "Ийзи Доор" ХХК, "Дэлхийн төв цэг" ТББ, "Ай эйч Си" ХХК нь зуучлалын үйлчилгээний төлбөрийг америк доллараар тооцож авч байгаа нь Төлбөр тоoцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн зөрчил илэрсэн. Дээрх зөрчлүүдийг тогтоож, 2014.06.03.-ны өдрийн 7/89 тоот дүгнэлт гаргасан бөгөөд зөрчлийг арилгуулахаар 1 сарын хугацаатай албан шаардлага хүргүүлж ажиллаа.
2. Сантис боловсролын академи ХХК-д гомдол гаргасан 40 иргэний өргөдлийн дагуу хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар сургалтын төлбөрийн талаарх мэдээллийг худал, зөрүүтэй мэдээлсэн, сургалтын төлбөрт нэмж оюутан тус бүрээс 310,000 төгрөг төлөхийг шаардсан үйлдэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно. 12.9-т бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно. Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцно гэж заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон. Сантис боловсролын академи ХХК-д улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, Б.Уранзаяа нарын 40 иргэнийг 12,400,000 төгрөгөөс чөлөөлүүлж, диплом олгуулж ажиллав.
3. Номин тав трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй ШӨХТГ-ын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаан оролцож ажилласан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 129 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Номин тав трейд ХХК-д 10,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан 0000168 тоот шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
4. Барилгын ажил үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийж байгаа хяналт шалгалтын ажил үргэлжлэн хийгдэж байна. Тайгам Алтай ХХК, Тектоник ХХК, МД ТОФ ХХК, Эн Эм Си Жи ХХК, Эс Би Холдинг ХХК, иргэн Ч.Сүрэнцэцэг зэрэг 7 аж ахуй нэгж, иргэнд 113,960,000 төгрөгийн торгуул ногдуулаад байна. Одоогийн байдлаар Тайгам Алтай ХХК-ийн нэхэмжлэлтэй Захиргааны хэрэг 7 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэгдэнэ. МД Тоф ХХК-ийн нэхэмжлэлтэй Захиргааны хэрэг 7 дугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцэгдэнэ. Мд Тоф ХХК нь Монгол Улсын стандарт MNS 6058:2009 “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал” –ын 7.2 “Орон сууцны барилгын доторх сууцны өрөө тасалгааны хэмжилтийн цэгийг хашлага хана, хамар ханын өнгөлгөө засал хийгдсэний дараа дотор гадаргуугаас авна” дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хэрэгсэхгүй болгосон.