Үнийг ТӨР зохицуулдаггүй гэдгийн маш том ЖИШЭЭ бол ШАТАХУУН

2018 оны 1 сарын 22

Arslan.mn

Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс өнөөдөр “Шатахууны үнэ ба эдий засагт үзүүлэх үр нөлөө” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Шатахуун импортлогчид болон төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтарсан Үнийн зөвлөл энэ сарын 18-нд хуралдаж шатахууны нийт хэрэглээний 90 хувийг эзэлдэг АИ-92, А-80 бензиний үнийг нэмэхгүй байх зөвлөмж гаргажээ. Харин А-95, А-98, Евро-5 зэрэг шатахууны нэмэгдсэн үнийг бууруулахгүй байж болно гэж үзсэн байна.
Хэлэлцүүлэгт уригдсан таван зочны хоёр нь л хэвлэлийн өмнө нээлттэй үг хэлж оролцсон юм. Тэдний байр суурийг хүргэж байна.

Arslan.mn

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав “Энэ асуудал зөвхөн өнөөдөр гарсан юм биш. 2009 онд анх шатах, тослох материал үнэтэй болж тухайн үед гал унтраах арга хэмжээ авч байсан. Өнгөрсөн хугацаанд импортлогч компаниудад татаас өгч ирсэн. Төр татвар, мөнгөний бодлогоор дэмжих маягаар ирсэн. Чөлөөт зах зээлээс үнэ тогтох байдлаас сүүлийн 8-9 жил дайжсан юм. Үнийг төр зохицуулдаггүй гэдгийн маш том жишээ бол энэ.

Импортлогчид одоо литр тутамдаа 100-200 төгрөгийн алдагдалтай байна. Компани буяны байгууллага биш. Миний байр суурь бол үнийг чөлөөтэй орхи. Компаниудын аж ахуй эрхлэх эрхэд нь төр битгий халдаад бай. Бид Засгийн газрыг сайхан харагдуулах гэж ажилладаггүй.

Сүүлийн 10 жилд шатах, тослох материал 600 мянгаас 1.5 сая тонн хүртлээ нэмэгдсэн. Энэ нь эдийн засгийн өсөлттэй холбоотой. Өмнө нь уул уурхай, нийтийн хэрэгцээний шатахууны татвар ялгаатай байх асуудал яригдаж байсан юм. Бид шатах тослох материалын хэрэглээгээ ангилах цаг болсон. Ганцхан үнээр яваад байгаадаа асуудал гарч байна. Нөгөө талаас алдагдлын асуудал байна. Тийм учраас үнээ чөлөөтэй тавьж, нийлүүлэлтийг сайжруулбал махны үнэ буурдагтай адил буурах боломж бий. Би компаниудыг хэт ашиг олж байна гэж бодохгүй байна. Ядаж авчирсан үнэ дээрээ ашгаа нэмээд зарах хэрэгтэй.

Хамгийн гол нь зөвшилцөлд хүрэх чухал. Зөвшилцөлд хүрэх гол арга нь эрэлт, нийлүүлэлт гэдгийг ойлгох цаг болсон. Үүнийг далимдуулаад энэ салбарыг нийгэмчлэх, буцаагаад төрд авах саналууд гарч байна. Уучлаарай тийм асуудал байж болохгүй” гэв.

"2017 ОНЫ 10 ДУГААР САРААС ИМПОРТЛОГЧ КОМПАНИУДЫН БАЛАНС ХАСАХ РУУГАА ОРСОН"

Arslan.mn

Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн Яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат “Зөрчлийн хууль батлагдсанаас хойш өдрийн цагаар түгээлт хийхээ больсон. Эрэлт нэмэгдсэн энэ үед түгээлтийг хориглосон учраас хомсдол үүсэх нэг шалтгаан болж байна. Энэ асуудлыг зохицуулах зөвлөмж мөн нэмж хүргэсэн.

2017 оны 10 дугаар сараас импортлогч компаниудын баланс хасах руугаа орсон. Одоо Засгийн газраас татвараар зохицуулах боломжгүй болчихсон байгаа. 2017 оны нэгдүгээр сарын 25-нд гэрээ хэлцэл хийх юм билээ.

Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд Засгийн газраас үнийг барих арга хэрэглэж ирсэн. 

​2016 онд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар эрх бүхий 87 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авсан ажиллаж байна. Импортлогчид 3 орчим хувийн ашигтай ажиллахыг зорьж ажилладаг. Ашгийн хэмжээ нь маш бага.

Амралтын өдрүүдэд АИ-92 хомсдсон нь түгээлт болон зарим ШТС-ууд түгээлтээ зогсоосонтой холбоотой. Томоохон ААН-үүд нь эрэлтээ дийлэхгүй байна

Монголд импортолсон 1.5 сая тонн шатах тослох материалын 1.3 сая тонн нь автобензин, дизелийн түлш байна. Үүний 1/3 нь буюу 33 хувь нь автобензин. Автобензиний 90 гаруй хувь нь жижиглэнгээр борлуулагддаг. Монгол Улсад борлуулагдаж буй үнэ дэлхийн дунджаас 30 гаруй хувиар хямд байдаг.

Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж байгаатай холбоотой энэ салбарт үнийг бариад байх шаардлагагүй, зах зээлийн горимоор нь явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа” гэв. 

Arslan.mnArslan.mn

Гэрэл зургийг: MPA.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
52698
2 эможи
keyboard_arrow_up