АЙЛААС ЭРСЭН ЗОВЛОН

2018 оны 1 сарын 22

МУЗЕЙН БАРИЛГА БАРЬЖ ӨГӨХ АМЛАЛТ ӨӨР САНААТАЙ БАЙВ УУ

Газар өчүүхэн төдий шилгээхэд л нурж унах эрсдэлтэй хэмээн мэргэжлийн хяналтын байгууллагынхан дүгнэсэн учраас 2013 оны зургадугаар сард музейн үйл ажиллагааг зогсоосон юм. Тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын яамныхан 350 сая төгрөг зарцуулж, шинэ барилгын зураг төслийг “БалданС” хэмээх компанийн архитектороор хийлгэн, долоон давхар музейтэй болох төлөвлөгөө гаргуулж байв. Гэвч барилгын ажлыг өнөөдрийг хүртэл эхлүүлсэнгүй. Музейн 11 000 үзмэр хайрцагт “хэвтсээр”. 

Хаалгаа бариад таван жил болж буй Байгалийн түүхийн музейн талаар манай сонины сурвалжлах баг энэ удаагийн дугаартаа хөндлөө. Үнэндээ ойрын хэдэн жилд музейн барилгыг барихгүй нь илэрхий болов. Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр болсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхээ газраас “хумсалж”, түүн дээр музейн барилгыг бариулах уу, эсвэл шинэ байр барьж өгнө гэсэн солонгосчуудыг “нутаг буцаах уу” гэдэг хүндхэн сонголттой тулгараад байна.

Музейн 11 000 үзмэр хайрцагт “хэвтсээр”

Уг зургийн дагуу барилга барихад 26.4 тэрбум төгрөг шаардлагатай аж. Харамсалтай нь, Монгол Улсын төсвөөс ийм хэмжээний мөнгө гаргах боломжгүй гээд холбогдох албаныхан гадаад улсаас бадар барьсан түүхтэй. Тухайн үед сайхан сэтгэл гаргаж, гараа сунгасан өглөгийн эзэн нь БНСУ-ын эмэгтэй Ерөнхийлөгч байв. 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын уулзалтын үеэр манай улсад айлчлахдаа тэрбээр Байгалийн түүхийн музейн барилгыг буцалтгүй тусламжаар барьж өгөхөөр амласан тухай манай төрийн тэргүүн хэлж байлаа. Бүх л хэвлэлийн тэргүүн нүүрэнд энэ тухай мэдээлж, иргэдийг хэсэгтээ л баярлуулсан. Гэвч түүний амлалт биелэхээ өнгөрч, үлгэр, өнгөлөн далдлалт хоёрын аль нь болохыг таахад бэрх нөхцөл байдал үүсчээ. Тодруулж хэлбэл, БНСУ-ын тал музейн барилгыг барьж өгөх, эсэх нь одоо хэр нь эргэлзээтэй байгаа юм. Солонгосын тал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас шаардлагатай талбайг олгохгүй бол амлалтаасаа буцаж мэдэхээр байгаа гэнэ.

“САНАЛ БОЛГОСОН ГАЗРЫГ ГОЛЖ БАЙГАА НЬ ДАЛД САНАА БИЙ ГЭДГИЙН НОТОЛГОО”

Монголын байгалийн түүхийн дурсгал болсон үзмэрүүдийг “орох оронтой” болгохоор өнгөрсөн хугацаанд БНСУ-ын тал энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнээ хэдэнтээ илгээж байжээ. Тэд манай улсад ирж, нэлээд судалгаа хийсэн аж. Ингээд “Музейн барилгыг цогцолбор маягаар барина. Хүүхдүүд тэнд байгалийн түүхийн чиглэлээр суралцах боломжтой. Мөн хүмүүст зориулсан аялал зугаалгын орчин бүрдүүлнэ.

Ингэхийн тулд олон хүн очдог газар бидэнд хэрэгтэй. Одоогийн барилгын газрын хэмжээ бага байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд чинь уг цогцолборыг барихад хамгийн тохиромжтой. Тэнд гурван га газар олгоно уу” гэжээ. Энэ нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд газар олгохгүй бол хөрөнгө оруулалтаа хийхгүй гэсэн утгатай гэдгийг эх сурвалж мэдээлсэн. “Нийслэлийн Газрын албанаас санал болгосон байршлуудыг “тохирохгүй” гэж голсоор байгаа тухай мэдээ бий. Санал болгосон газрыг голж байгаа нь далд санаа бий гэдгийн нотолгоо. Солонгосын тал “Газрын асуудлаа шийдсэний дараа зураг төсөл гаргаж, хөрөнгө оруулалтаа шийднэ” гэсэн байгаа юм. Юу хийх гэж байгааг нь мэдэхгүй байж газраасаа өгөх тэнэг хүн байх уу. Гэтэл БСШУС-ын сайд хотын даргад “Газрын асуудлыг даруй шийд” гэсэн үүрэг өгсөн байгаа юм” хэмээн тэр эх сурвалж хэлсэн юм.

ХЭДИЙ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨӨР ЯМАР БАРИЛГА БАРИХ НЬ ТОДОРХОЙГҮЙ

Байгалийн түүхийн музейн барилга балгас болж, түүнийг нураан, оронд нь шинийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн хугацаа энэ онд. Гэвч шинийг барих нь бүү хэл, хуучирч элэгдсэн байрыг нь ч буулгаагүй, хуучин байрны төмөр хаалга нь цоожтой өдийг хүрлээ. Уг нь музей гэдэг бол байнга л нээлттэй байж, үзэгчдэд судлаач эрдэмтдийн шинжлэх ухааны нээлт, байгаль экологийн хувьсал гээд бүх л мэдлэг мэдээллийн үрийг тарьж байх ёстой газар. Харамсалтай нь, Байгалийн түүхийн музей үүдээ барьж, тус музейн сан хөмрөг дэх хосгүй үнэт үзмэрүүд цоожтой авдар, лацтай агуулахад орсноос хойш таван жил өнгөрөв.

Шинэ байрны сураг алга аа. Одоо л нэг шийдэгдэх нь үү гэж хүлээсээр тус музейн ажилтнууд “бухын доодохыг харж үнэг турж үхэх”-ийн үлгэр боллоо. Уг нь бол барилгын зураг төсөл нь бэлэн болчихсон, монгол төрийн мөнгөгүй гэх зовлон л эх орныхоо байгалийн гайхамшиг, сонин хачныг гадаад, дотоодын үзэгчдэд гайхуулах боломжийг нь хязгаарлачихаад байна. 2014 онд ССАЖЯ гэж соёлын асуудал хариуцсан байгууллага үйл ажиллагаа явуулж байхад сонгон шалгаруулалт зарлаж, Байгалийн түүхийн музейн шинэ байрны зураг төслийг гаргуулсан юм. Сонгон шалгаруулалтад “БалданС” компанийн архитектор С.Балдан шалгарч, уг зураг төслийнх нь дагуу барихаар төлөвлөсөн. Худалдаа хөгжлийн банк, Тусгаар тогтнолын болон Ардчиллын ордон гээд нэлээд хэдэн барилгын зураг төслийг гаргасан архитекторын төлөвлөсний дагуу бол Байгалийн түүхийн музейн барилга долоон давхар, хамгийн дээд талдаа үзвэрийн хоёр ч танхимтай байх бөгөөд тухайн үед 26.4 тэрбум гаруй төгрөгөөр одоогийн байгаа газар дээр нь барих боломжтой гэж тооцоолсон юм даг. Тэр зураг төсөл нь өдгөө БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтсийн шүүгээнд бий.

Байгалийн түүхийн музейн барилга барих хөрөнгийг Өмнөд Солонгосын буцалтгүй тусламжаар барих тохиролцоонд хүрч байв

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Байгалийн түүхийн музейн барилга барих хөрөнгийг Өмнөд Солонгосын буцалтгүй тусламжаар барих тохиролцоонд хүрч байв. Гэвч одоогийн байгаа газарт нь, эсвэл өөр газарт барих шийдвэр өнөөг болтол гараагүй. Шийдвэр гаргагчид, хөрөнгө оруулагчид тал тал тийш харчихаад эцсийн шийдэлд хүрч чадахгүй байгаа аж. Төрийн ордныхоо дэргэд Байгалийн түүхийн музейтэй улс Монголоос өөр байхгүй, тиймээс нүүлгэх ёстой гэж үзэх нэгэн бий. Олон ч хүн Байгалийн түүхийн музей аль болох байгальтайгаа ойр, хотын захад байх ёстой гэж үзээд буй юм билээ. Барилга барих хөрөнгө гаргахаар болсон БНСУ-ын тал ч тус музейн одоогийн байгаа газарт барилга барих боломжгүй.

Адаглаад автомашины зогсоолгүй, ойролцоо нь ус, дулаан, холбоо, интернэтийн гээд олон төв шугам байгаа учраас энд бариад хэрэггүй гэж үзжээ. Ингээд Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч, Э.Бат-Үүлийг нийслэлийн Засаг дарга байх үед БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайд уулзаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барих болсон гэх саналыг нь сонсон дэмжсэн аж. Тэгээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр ч талбайг үзээд болох юм байна гэж БНСУ-ын тал дүгнэсэн юм билээ. Гэвч ажил хэрэг болоогүй, БНСУ-ын талын буцалтгүй тусламж ч чимээ алдарч. Уг байгууламжийг барихад нийтдээ гурван га газар хэрэгтэй гэх. Нэг га-д нь барилгаа барина, үлдсэн хэсэгт нь эко орчин байгуулна гэж буй дуулдсан. Аман дээрээ ийн ярьж байгаа боловч ачир дээрээ мөнгөний эх үүсвэр нь ч эцэслэн шийдэгдээгүй гэхэд хилсдэхгүй. Байгалийн түүхийн музейн барилгыг буцалтгүй тусламжаар барих уу, эсвэл зээл хэлбэрээр хөрөнгө оруулах уу гэдэг нь тодорхойгүй өдий хүрч байна.

Өмнөд Солонгосын тал их хэмжээний мөнгөө буцалтгүй тусламжаар өгч чадахгүй, боломж ч байхгүй гэж буй сурагтай. БНСУ-ын тал архитектор С.Балдангийн бүтээсэн барилгын зураг төслийг шинэчлээгүй, энэ хэвээр нь л барих төлөвлөөгөөтэй байж мэднэ гэдгийг хэлэх хүн цөөнгүй байна. Өдгөө барилга барих хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй учраас гүйцэтгэгч компани ч тодорхойгүй байсаар. Дунд нь КОЙКА ч гайхшаа барж суугаа нь лавтай. Өмнөх Ерөнхийлөгч нь амлалт өгчихсөн байдаг, өнөөгийн төрийн удирдах албан тушаалтнууд түүнийг нь үл ойшоож байгаа л болов уу.

ДӨРВӨН КОМПАНИ МУЗЕЙН БАРИЛГЫГ КОНЦЕССООР БАРИХ САНАЛ ГАРГАЖЭЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр энэ асуудал яригдаж, тус улсаас Улаанбаатарын утааг бууруулахад зориулан авах зээлийн хөрөнгө дунд музей барих 53 сая ам.долларыг багтаахаар болж буй гэх албан бус мэдээллийг айлчлалын бүрэлдэхүүнд багтсан эх сурвалжууд өгч байна. Уг нь хоёр улсын Ерөнхийлөгч нар дээд хэмжээний уулзалт хийхдээ буцалтгүй тусламжаар барих шийдэлд хүрчихээд байхад хэлсэн ярьснаас нь буцаж, зээлээр бариулах болбол бид заавал тэндээс мөнгө царай алдах хэрэг байгаа юм уу.

КОЙКА 53 сая ам.доллароор барина гэдгээ илэрхийлсэн бол манай дөрвөн компани Байгалийн түүхийн музейн одоогийн суурин дээр 26 тэрбум гаруй төгрөгөөр концессоор барих санал гаргасан. Тэдгээр аж ахуйн нэгжийнхнээр бариулбал яасан юм бэ. Магадгүй Байгалийн түүхийн музейн барилгыг өөр газарт бариад Төрийн ордны ойролцоох, хотын төвийн А зэрэглэлийн бүсийн газрыг мөнгөтэй, эрх мэдэлтэй өөр компани, аж ахуйн нэгж, хэн нэг эрхтэн дархтан нь аваад зочид буудал, оффисын зориулалттай барилга барих гэж улайрч байхыг ч үгүйсгэхгүй.

КОЙКА 53 сая ам.доллароор барина гэдгээ илэрхийлсэн 

Нэгэнт зээл авахаар болбол концесс зохион байгуулаад улсын төсвөөсөө гарган одоогийн суурин дээр нь барьсан нь дээр баймаар. Улсын төсвөөс зугаа цэнгэлд зориулж хэдэн тэрбумаар нь л мөнгө зарцуулдаг юм билээ. Музейн үйл ажиллагаа зогссон үед төр, засаг элдэв бонд гаргаж, хөрөнгө татан, ашиггүй олон төсөл, хөтөлбөрт зарцуулж байсан. Үр ашиггүй зарцуулсан тэр их мөнгөнөөсөө музейн барилгад зориулж 26 тэрбумыг нь гаргачих сэтгэл эрх баригчдад байгаагүй нь харамсалтай. Авдраа уудлахаас залхуурч айлаас мөнгө эрсний уршгаар дэлхийд хосгүй үзмэртэй музейн үйл ажиллагаа зогсон, өнөөдрийн зовлонтой нүүр учирлаа.

Гаднаас тусламж авахаа болиод 26.4 тэрбум төгрөг гаргаад бариулчихвал Монголын барилгын компаниудад ч хэрэгтэй, улсын эдийн засагт ч тустай. Гадаадын олон зээлийн өр төлбөрийг төлөх гэж ард түмэн чардайж буй ийм үед, гадаадаас зээл авахгүй байх байр суурь барьсан нь дээр байлтай. БАЙР СУУРЬ Байгалийн түүхийн музейн барилгыг хэзээ барих, газрын асуудлыг нь хэрхэн шийдэх талаар холбогдох албаныхны байр суурийг сонирхлоо.

БИД САНАЛ БОЛГОСОН БАЙРШЛУУДАА ӨӨРЧЛӨХГҮЙ 

О.НЯМДАВАА (Нийслэлийн Газрын албаны орлогч дарга):
-Үнэндээ сүүлийн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт шунах хүн олширлоо. Бид БСШУСЯ-ныханд тэнд барилга барих боломжгүйг хэлсэн. Тэр бол нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахтай шууд холбогдоно. Тийм байхад яаж барилга бариулах юм бэ. Бид хэд хэдэн байршилд газар санал болгосон. Түүнийгээ өөрчлөхгүй. БСШУСЯ-тай хамтарсан ажлын хэсэг гарч байгаа ч бид байр суурьтаа бат зогсоно. Барилгыг буцалтгүй тусламжаар барьж өгөх боломжгүй гэсэн

Б.ДАВААЦЭРЭН (БСШУЯ-ны Соёлын өвийн хэлтсийн ахлах мэргэжилтэн):
-Дэд бүтэцтэй газарт барилга баривал зардал хэмнэнэ шүү дээ. Нийслэлийн Газрын албанаас хэд хэдэн байршилд газар санал болгосон. Тэдгээрийн дэд бүтэц хангалтгүй. Мөн тохиромжтой газар худалдаж аваад барилга барь гэдгийг ч хэлсэн. Харамсалтай нь, ийм боломж бас л алга. Хэрэв шаардлагатай хөрөнгийг нь шийдчихвэл 2014 онд гаргасан зургаар, одоогийн байршилд нь музейг барих боломж бий. Барьж өгөх санал гаргасан барилгын компаниуд ч байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамт манай сайд БНСУ-д айлчилсан. Уг айлчлалаар Солонгосын тал ямар нэг шийдвэр гаргана гэж байсан. Удахгүй асуудал шийдэгдэх байх. Солонгосын тал барилгыг буцалтгүй тусламжаар барьж өгөх боломжгүй гэсэн. Харин ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн. 

БАТЛАГДСАН ЗУРГААР ОДООГИЙН ГАЗАРТ НЬ БАРИАСАЙ 

С.БАЛДАН (Музейн барилгын зургийг зохиогч, “БалданС” ХХК-ийн архитектор): 
-Сэтгүүлчид та бүхэн энэ асууд- лыг хаялгүй, сөхөж тавьж байж үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Музейн барилгыг ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гарч, тэр суурин дээр нь би шинэ барилгын зураг төсөл хийсэн юм. ССАЖЯ гэж байхад зураг төсөл зохиох сонгон шалгаруулалт 2014 онд зарлаж манай компани шалгарсан. Шалгарсан тэр төсөл, ажлын зургуудын хамт улсад хүлээлгэн өгсөн нь өдгөө БСШУСЯ-нд бий. Уг нь тухайн үед нь барилгын ажил эхлэх байсан ч улс орон эдийн засгийн хямралд орчихсон шүү дээ. Пак Гын Хэ БНСУ-ын Ерөнхийлөгч байхдаа хөрөнгө оруулна гэж хэлсэн ч аль ч үгүй болоод байна. Уг нь улс өмчдөө авсан зургийнхаа дагуу ажил хэрэг болгох ёстой шүү дээ.

Бидний зохиосон зураг төсвөөр 26 тэрбум гаруй төгрөгөөр барихаар тооцоолсон юм. Улс төсөвтөө суулгачихвал шууд л барих боломжтой. Хуучин барилгаа буулгах төсөв ч энд багтсан юм. Одоо төсвийг нь зах зээ- лийн ханшид тохируулан жаахан шинэчлээд барилгаа эхлүүлэхэд болохгүй гэх газаргүй. Газар хайж явснаас одоо байгаа өөрийн газар дээр нь, энэ зураг төслийнх нь дагуу барилгаа эхлүүлээсэй л гэж бодож байна. Ажлаа нэг эхлүүлчихсэн байхад гадаад, дотоодоос хөрөнгө босгож болно шүү дээ. 

ЭШЛЭЛ

БАРИЛГЫН АЖИЛ ХЭЗЭЭ ЭХЛЭХИЙГ БИД БИШ, УИХ ШИЙДНЭ

Н.ЗОРИГТБААТАР (Байгалийн түүхийн музейн захирал): 
-Шинэ барилгыг музейн суурин дээр барина. Барилгыг долоон давхар, 16 мянган ам метр хэмжээтэй байхаар төлөвлөж байна. Харин барилгын ажил хэзээ эхлэхийг бид биш, УИХ шийднэ. Сайд Ц.Оюунгэрэл энэ асуудлыг УИХ-д танилцуулан, шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт суулгуулах ёстой. Санхүүжилт улсын төсөвт хэзээ сууна, тэр үед барилгын ажил эхэлнэ.

Эх сурвалж: www.ikon.mn, 2014 он. 

ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГИЙГ ТӨСӨВТ СУУЛГАХ БОЛОМЖГҮЙ ГЭСЭН

Ц.ОЮУНГЭРЭЛ (ССАЖ-ын сайд асан): 
-Байгалийн түүхийн музейн барилгыг шинээр барихад шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгах боломжгүй гэдгийг УИХ-аас удаа дараа хэлсэн. Уг нь 2014 онд миний бие хөрөнгийг шийдэж өгөөч гэсэн санал оруулсан юм. Гэвч тийм боломжгүй гэж үзсэн. Монголынхоо түүхийн үнэт дурсгалд ийм хайрамжгүй хандаж буй нь харамсалтай байна. 

Эх сурвалж: www.news.mn, 2015 он.

МУЗЕЙН ШИНЭ БАРИЛГА БАРИХ АСУУДАЛ ШИЙДЭГДЛЭЭ

Ц.ЭЛБЭГДОРЖ (Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч): 
-БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол бол байгалийн их өвтэй орон. Улаанбаатар хотод Байгалийн түүхийн музейн шинэ барилга барих асуудал энэ айлчлалын үеэр шийдэгдлээ. Энэ их чухал зүйл. 

Эх сурвалж: www.zasag.mn, 2016 он

АСУУДЛЫГ АЛЬ БОЛОХ БОГИНО ХУГАЦААНД ШИЙДЭХ БОЛНО

Ц.ЦОГЗОЛМАА (БСШУС-ын сайд): 
-Ажлаа аваад музейн байдлыг судална. Музей гэдэг бол соёлын том салбар, аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн. Тус музейгээр дамжуулан Монголоо дэлхийд сурталчлах боломжтой. Тиймээс барилгын ажлыг урагшлуулахад анхаарч ажиллана. Асуудлыг аль болох богино хугацаанд шийдэх болно. 

Эх сурвалж: www.mass.mn, 2017 он.

Г.Цэцэг, Г.Равжаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52678
0 эможи
keyboard_arrow_up