ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

2018 оны 1 сарын 21

ЕРӨНХИЙ САЙДЫН БНСУ-Д ХИЙСЭН АЙЛЧЛАЛ

Arslan.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсон талаар Гадаад харилцааны сайд онцоллоо. ''Айлчлалын үеэр утааны асуудалд анхаарч, хөрөнгө санхүүгийн асуудал шийдсэн. Энэ хүрээнд 500 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Өмнө нь 300 сая ам.долларын зээлийн гэрээ хийсэн байсан. Үүний 100 сая ам.доллар орж ирсэн тул төсөл, хөтөлбөртөө зарцуулж эхэлсэн. Үлдсэн 200 сая ам.долларын зээлийн асуудлаар гэрээг нь сунгасан. Энэ утгаараа утааны эсрэг айлчлал байлаа'' гэж тэрбээр ярив. Тэрбээр цааш нь ''БНСУ-ын ерөнхийлөгчийн зүгээс нэг чухал санал тавьсан. Хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд явж байгаа. Үүнийг шат ахиулж, стратегийн түвшинд хүргэх ёстой” гэсэн байр илэрхийлсэн. Стратегийн түвшинд хоёр орны харилцааг хүргэхийн тулд Гадаад харилцааны яамд хамтарч ажиллана. Ингэснээр иргэд хоорондын харилцаа тэлж, аюулгүй байдлын асуудал уялдаатай, ард иргэдийн амьдралд хүрэхүйц өргөн хэмжээнд хамтрах боломж бүрдэнэ. Айлчлалын үеэр мөн бизнесийн форум болсон. Өмнө нь бид томоохон хэмжээний бизнесийн форумд оролцоход нүүр тахлах салбар нь уул уурхай байсан. Тэгвэл энэ удаад хөдөө аж ахуйн салбараас гадна хөнгөн, хүнсний, боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалт татах тал дээр анхаарч ажилласан. Энэ бүхний ард стратегийн түншлэлээ шат ахиулах зорилготой бий'' гэсэн юм. Үүнээс гадна БНСУ-д зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн визний боломжийг хөндөж ярилцжээ. 

МОНГОЛ ХАР ЖАГСААЛТААС ГАРАХ БОЛОМЖТОЙ

Arslan.mn

Европын холбооноос зарласан татварын шударга бус тогтолцоотой орнуудын хар жагсаалтаас гарахын тулд Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтарч ажиллаж байгааг энэ үеэр онцоллоо. Үүнээс гадна Европт байгаа бүх Элчин сайдын яам идэвх зүтгэл гарган ажилласан гэдгийг сайд онцлов. Өчигдөр /2017.01.18/ Европын гишүүн орнуудын төлөөлөгчдийн уулзалт болж, энэ сарын 23-нд болох хурлаар Монгол зэрэг бусад хэд хэдэн орныг хар жагсаалтаас гаргах тухай асуудлыг хэлэлцэхээр тогтжээ. Өчигдрийн хурлаас Монгол Улсыг хар жагсаалтаас гаргах нь зөв гэж шийдэн, нэгдүгээр сарын 23-ны хуралд оруулахаар болсон байна. 

АНУ-ААС H-2A БОЛОН H-2B ВИЗ ОЛГОНО

Arslan.mn

Монгол Улс маань өчигдрийн байдлаар АНУ-д хөдөлмөр эрхлэх орнуудын жагсаалтад орсон хэдий ч гуравдугаар сарын 1-нээс H-2B виз олгож эхэлнэ.  Харин H-2A визийн хувьд дугаарын хязгаарлалт байхгүй учир хэзээ ч мэдүүлж болно. Жил болгон АНУ-д хөдөлмөр эрхлэх орнуудын жагсаалтыг гаргахаар хэлэлцдэг. Дараагийн жилүүдэд Монгол Улс уг жагсаалтад хамрагдах боломжтой хэдий ч хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаална. Энэ жилийн гаргасан хөдөлмөр эрхлэлтийн жагсаалт энэ сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 17 хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. H-2A БА H-2B ВИЗЭНД ХАМРАГДАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ҮНДСЭН ШАЛГУУР НЬ ТУХАЙН АЖЛАА ХИЙГЭЭД ЭХ ОРОНДОО ЗАЙЛШГҮЙ ЭРГЭЖ ИРЭХ ҮНДЭСЛЭЛЭЭ БАТЛАХ ЯВДАЛ гэлээ. 

О.БААСАНХҮҮГ МАХН-ы ДАРГААР БҮРТГЭСЭНГҮЙ

Arslan.mn

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг  Улсын Дээд Шүүхэд хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон  даргаар О.Баасанхүүг бүртгэх боломжгүй гэж үзсэн байна. МАХН-ын Их чуулган өнгөрсөн онд болж намын даргаа шинээр сонгож, дүрэмдээ өөрчлөлт оруулсан юм.

СЕРВИС ЦЕНТР БУЮУ ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН ТӨВӨӨР САЛБАРЫН ЭРДЭМТЭДТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, ШУТИС хамтран “Нийслэлийн гэр хорооллын дахин  төлөвлөлт болон авто замын бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд”-ийн асуудлаар хамтран ажиллах боломжийг хэлэлцэх зорилгоор  “ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” уулзалтыг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр гэр хорооллын орчныг цогцоор нь өөрчлөх, гэр хорооллын иргэдийг тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, инженерийн дэд бүтэц бүхий сервис центрийг энэ жилдээ барих, цаашид хийгдэх ажлууд болон хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын талаар судлаач эрдэмтэдийн санал санаачилгыг авлаа. 

 ЦАГДААГИЙН 180 АЛБА ХААГЧ ШИНЭ БАЙРАНДАА ОРЛОО

Arslan.mn

“Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын эхний ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа боллоо. Цагдаагийн алба хаагчдад зориулсан 675 айлын орон сууц барих барилгын ажлыг Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлж байсанбилээ. Тэгвэл монгол түмний уламжлалт цагаан сарын баярын өмнөхөн цагдаагийн алба хаагчид шинэ байрандаа орж байна.

ХАЛЗ БАРИЛДААНЫ ОРЛОГЫГ ТАМИРЧИН БҮСГҮЙН ЭМЧИЛГЭЭНД ЗОРИУЛАВ

Arslan.mn

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар,О.Гүндэгмаа нарын үүсгэн байгуулсан “Хосбаатар” сан болон “Жудаг” групп, “Аваргууд” академи, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-аас хамтран өнөөдөр улсын цолтой шилдэг 16 хүчтэний халз барилдааныг зохион байгуулж байна. Их спортынхон, үндэсний бөхчүүд нэгдэн, зохион байгуулж буй халз барилдааны орлогыг бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Банзрагчийн Оюунсүрэнгийн эмчилгээнд зориулахаар тамирчид шийдвэрлэжээ.

ШАТАХУУНЫ ХОМСДОЛ ХЭВЭЭР БАЙНА

Arslan.mn

Сүүлийн нэг сарын хугацаанд шатахууны хомсдол үүсч, үнэ нэмэгдэх нь гэсэн асуудал ярианы сэдэв байлаа. Шатахуун түгээс станцууд зарим төрлийн бензинээ борлуулахгүй, зарим төрлийнх нь үнийг нэмсэн зэрэг нь энэ дуулианыг улам дэвэргэж орхисноор сар шинийн баярын өмнө шатахууны үнэ нэмэгдэж, өргөн хэрэглээний барааны үнэ өсөх вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд төрсөн. Тэгвэл олон өдөр асуудал үүсгэсэн шатахуун тойрсон маргааныг нэг мөр зохицуулах шийдвэр гарчээ. Үнийн зөвлөл пүрэв гаригт /2018.01.18/ хуралдаж, өргөн хэрэглээний А-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй байх шийдвэр гаргалаа.Харин А-95, А-98, Евро-5 зэрэг шатахууны үнэ нэмэгдсэнийг бууруулахгүй байж болно гэсэн зөвлөмжийг тус зөвлөл гаргасан байна. Монголчуудын хамгийн их буюу нийт хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь авдаг шатахуун бол А-92, А-80 бензин. Тансаг зэрэглэлийн буюу А-95, А-98, Евро 5 стандарт зэрэг шатахууныг нийт хэрэгчлэгчдийн нэг хувь эзэлдэг юм байна. Тиймээс Үнийн зөвлөл нийт хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

"ХОТ БА СЭТГҮҮЛЧ" УУЛЗАЛТ БОЛЛОО

Arslan.mn

Жил бүрийн эхэнд Нийслэлийн удирдлагын баг “Хот ба сэтгүүлч” зангиагүй уулзалт хийдэг уламжлалтай. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  “Хотын удирдлагын шинэ баг ажлаа эхлээд яг нэг жил зургаан сар болж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид санхүүгийн хүндхэн нөхцөлд чамгүй ажил хийхийн төлөө чармайн ажиллалаа. Эдийн засаг санхүүгийн  хүндрэлээс гарахын төлөө ажилласны үр дүнд 2018 онд концессийн гэсэн тодотголтой 140 гаруй тэрбум төгрөгийн өрийг Улаанбаатар хот барагдуулж, өргүй хот болж байгаа” хэмээн уулзалтын үеэр онцоллоо.

“Сауд гоби коэл транс” лицензээ 1 сая ам.долларын барьцаанд тавьжээ

Arslan.mn

Азид ганцхан эко системээ хадгалан үлдсэн, өвөрмөц тогтоцтой Тост Тосон бумбын нуруу, Хөвх, Хуршуутын гол тойрсон хурц асуудлуудын талаар өнөөдөр нутгийн иргэд нь хэвлэлийнхэнд тусламж гуйн хандлаа. Говьд ховорхон байдаг баянбүрд бүхий энэ нутагт Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани нутгийн иргэдийг үл тоомсорлон хөрсийг нь ухаж, ашиглалт хийгээд байгаа. Уул, уурхайн компаниудад “эзлэгдээд” байгаа нутгийн иргэд одоо орон нутгаасаа дүрвэхээс өөр аргагүй байдалд хүрлээ гэж нулимс дуслуулан ярьж байна. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын газар нутгийн 73 хувь нь лизенцтэй, өнөөдрийн байдлаар 38 лиценз байгаагаас 25 нь ашиглалтын, 13 нь хайгуулынх. Нэгэнт уул уурхайн компаниудад бараг бүслэгдээд байгаа газар нутгийнх нь зэрлэг ан амьтад ч дайжиж, бэлчээр ус ховордсон. Хамгийн гол нь газар нутгийг нь сэндийчсэнээр говьдоо нүдний цөцгий болсон Хөвх, Хуршуутын гол мөхөж сүйдэхэд хүрээд байгаа. 
Энд ашиглалтын лизенз эзэмшиж буй “Сауд гоби коэл транс” компанийн “газар” гэхэд нийслэл Улаанбаатар хотын газар нутгаас ес дахин том. Энд газар ухаж сэндийчсэнээр өмнө хүн ч амиа алдаж байсан. Тост, Тосонбумбын нурууны гол газрыг ухсанаар байгалийн эко систем алдагдаж, уул нуруу тэр чигээрээ суулт өгч магадгүй гэх мэтчилэн ноцтой асуудлууд нэгэнт тулгараад байгаа.  Тост, Тосонбумбын нурууг хамгаалахаар нутгийн иргэд олон жилийн турш тэмцэж, байгалийн тусгай хамгаалалттай газар болгосон ч журам батлагдах явцад 150 мянган га газар хасагдаж, хуулийн цоорхойгоор “гоожсон” яг энэ газар өнөөдөр Б.Чойжилсүрэнгийн компани “тухалсан”. Хэдийгээр нутгийн иргэд тухай бүрт нь эсэргүүцэл илэрхийлж байсан ч одоо тусыг олохгүй байгаа тул Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт албан ёсоор хандаж, ард түмнээсээ дэмжлэг хүсч байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52654
0 эможи
keyboard_arrow_up