“Сауд гоби коэл транс” лицензээ 1 сая ам.долларын барьцаанд тавьжээ

2018 оны 1 сарын 19

Arslan.mn

-Нутгийн иргэд Б.Чойжилсүрэнгийн компанийг эсэргүүцэн тэмцсэн ч хүчин мөхөсдөөд байна-

Азид ганцхан эко системээ хадгалан үлдсэн, өвөрмөц тогтоцтой Тост Тосон бумбын нуруу, Хөвх, Хуршуутын гол тойрсон хурц асуудлуудын талаар өнөөдөр нутгийн иргэд нь хэвлэлийнхэнд тусламж гуйн хандлаа. Говьд ховорхон байдаг баянбүрд бүхий энэ нутагт Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани нутгийн иргэдийг үл тоомсорлон хөрсийг нь ухаж, ашиглалт хийгээд байгаа. Уул, уурхайн компаниудад “эзлэгдээд” байгаа нутгийн иргэд одоо орон нутгаасаа дүрвэхээс өөр аргагүй байдалд хүрлээ гэж нулимс дуслуулан ярьж байна. 
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын газар нутгийн 73 хувь нь лизенцтэй, өнөөдрийн байдлаар 38 лиценз байгаагаас 25 нь ашиглалтын, 13 нь хайгуулынх. Нэгэнт уул уурхайн компаниудад бараг бүслэгдээд байгаа газар нутгийнх нь зэрлэг ан амьтад ч дайжиж, бэлчээр ус ховордсон. Хамгийн гол нь газар нутгийг нь сэндийчсэнээр говьдоо нүдний цөцгий болсон Хөвх, Хуршуутын гол мөхөж сүйдэхэд хүрээд байгаа. 
Энд ашиглалтын лизенз эзэмшиж буй “Сауд гоби коэл транс” компанийн “газар” гэхэд нийслэл Улаанбаатар хотын газар нутгаас ес дахин том. Энд газар ухаж сэндийчсэнээр өмнө хүн ч амиа алдаж байсан. Тост, Тосонбумбын нурууны гол газрыг ухсанаар байгалийн эко систем алдагдаж, уул нуруу тэр чигээрээ суулт өгч магадгүй гэх мэтчилэн ноцтой асуудлууд нэгэнт тулгараад байгаа. 
Тост, Тосонбумбын нурууг хамгаалахаар нутгийн иргэд олон жилийн турш тэмцэж, байгалийн тусгай хамгаалалттай газар болгосон ч журам батлагдах явцад 150 мянган га газар хасагдаж, хуулийн цоорхойгоор “гоожсон” яг энэ газар өнөөдөр Б.Чойжилсүрэнгийн компани “тухалсан”. Хэдийгээр нутгийн иргэд тухай бүрт нь эсэргүүцэл илэрхийлж байсан ч одоо тусыг олохгүй байгаа тул Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт албан ёсоор хандаж, ард түмнээсээ дэмжлэг хүсч байна. 
Ингээд нутгийн иргэдийн байр суурийг хүргэе.  

Гурвантэс сумын малчин Эрдэнэжаргал: Төр засаг бидний үгийг яагаад сонсохгүй байгаа юм бэ

Манай Гурвантэс сумын гурав, дөрөвдүгээр баг болох Хөвд хуршуудын голд “Сауд гоби коэл транс” компани 2017 оны гуравдугаар сард ирсэн. Үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд нь нутгийн малчин ардууд хориг тавьж тэмцсэн. Одоо харин тэд сүүлдээ хүч хэрэглэж, түрэмгийлж байна. Нутгийн ард иргэдийн үгийг үл тоож, басамжилж үйл ажиллагаагаа явуулж байна. УИХ-д өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 880 хүний гарын үсэгтэй өргөдөл хүргэж өгсөн. Өргөдлийг хүлээн авч Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид танилцуулж хариу хэлнэ гэсэн боловч одоо хүртэл хариу нь ирээгүй байна. Яагаад бидний үгийг сонсохгүй байгаа юм бэ. Бид Монгол Улсын нутаг дэвсгэр дээр суугаа Монгол Улсын иргэд. Биднийг энэ компаниудтай зөвшилц гээд зөнд нь орхиж байна. Бид эх орондоо аюулгүй амьдармаар байна. Тост, Тосон бумбын нурууг ухаж эхэлвэл манай сум усгүй болно. Олборлолт хийх гээд байгаа газар нь усны ундрага болсон газар шүү дээ. Бид бүгдийг авраач ээ.

Гурвантэс сумын ногоочин С.Сүрэнхүү: Уул уурхай олборлож байгаа газар 14 гол горхи ширгэсэн

-Нөлөөллийн бүсэд 30 гаруй өрх өвөлжиж, хаваржиж, зусдаг. Хушаатайн Баянбүрд эртнээсээ газар тариалангийн  зориулалттай. 20 гаруй га талбайд 20 гаруй өрх ногоо тариалж байна. Гэтэл уул уурхайн компанийн зүгээс нөлөөллийн бүсэд байгаа айл өрхүүдтэй уулзаагүй. Сумын удирдлагууд ч мэдэхгүй. Манай нутагт долоон уурхай ажиллаж байна. Бүгд нүүрс олборлодог. Гэтэл нүүрс олборлолтын явцад байгаль орчин хамгийн их сүйддэг сөрөг нөлөөтэй.  Малчид усгүй, бэлчээргүй болж эхэлж байна. Уул уурхай олборлож байгаа газар 14 гол горхи ширгэсэн. Тиймээс бид Хөхөлцөгийн говьд үлдсэн хоёрхон Баянбүрдээ авч үлдэхийн төлөө тэмцэж байна 
Харин өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл “Сауд гоби коэл транс” компани хууль тогтоомж, журмыг ноцтойгоор зөрчсөн гэдгийг баталж байгаа юм. Энэ асуудлаар өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл өнгөрсөн 2017 оноос өмгөөллийн ажиллагаа явуулж, шүүхэд хандсан ч лизензийг түдгэлзэх иргэдийн гомдлыг хүлээн аваагүй. Учир нь “Сауд гоби коэл транс” иргэдийн эсэргүүцэн тэмцсээр байхад хүч түрэн авсан лицензээ өөрөөр хэлбэл, газраа банкны барьцаанд тавин 1 сая ам.доллар зээлсэн. Энэхүү зээлийн хүүг төлөх ёстой учраас эдийн засгийн хохирол амсана хэмээн газар нутаг, байгаль орчин сүйдэж, иргэд хохирч байгаа хохирлыг огтхон ч хайхарч үзээгүй гэнэ. 
Ийн Гурвантэсийн ард иргэд уул уурхайн компаниас газар нутгаа хамгаалахаар тэмцэж байна. Үүнийг харин харж хайхрах төр засаг, хууль хяналт гэж Монголд байна уу хэмээн тэд хариулт шаардаж байна. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
52611
1 эможи
keyboard_arrow_up