Кибер аюулгүй байдлын Олон улсын форум Монгол улсад анх удаа амжилттай болж өндөрлөлөө
Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд анх удаа Ази номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллага (APT)-тай хамтран Ази номхон далайн бүсийн орнуудын “Кибер аюулгүй байдлын 5 дугаар форум”-ыг 2014 оны 5 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Уг хурлыг манай улс анх удаа өөрийн оронд зохион байгуулснаараа онцлог бөгөөд Афгинастан, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНАЛАУ, Вьетнам, Камбож, Малайз, Малдив, Мянмар, Непал, Филифин, Фижи, Пакистан, Папуа, Шинэ Гвиней, Шриланк, Тайланд, Тонга, Япон зэрэг нийт 20 орны төлөөлөгчид Кибер аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцан, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид кибер аюул заналтай тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн цахим аюулгүй байдлын Балигийн төлөвлгөөний хэрэгжилт, Спам, хортой код, вирус, аюул занал, будлиан, таних тэмдгийн хулгайны асуудлууд, Хор хөнөөлтэй цахим хуудсууд болон бага насны хүүхдийн хамгаалалт, Кибер аюулгүй байдлын мэдлэг ойлголтыг олон нийтэд түгээх, компьютерийн яаралтай тусламжийн багуудын үйл ажиллагааны танилцуулга, шинээр гарч ирж буй аюул, занал, зорилтот халдлагууд зэрэг олон асуудлыг хэлэлцсэн юм.
Форумд Ази номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллагын гишүүн орнуудаас Мэдээллийн технологи, харилцаа холбооны яамдуудын мэдээллийн аюулгүй байдлын асуудал хариуцсан төлөөлөгч, шинжээчид, Олон улсын байгууллагаас Ази номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллага (APT), Ази номхон далайн бүсийн орнуудын сүлжээ мэдээллийн төв (APNIC), Азийн интернэтийн нийгэмлэг (ISOC), NTT, Хонконгын Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн холбоо (PISA), Токиогийн их сургууль зэрэг байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, манай улсаас Төрийн захиргааны төв байгууллагууд, Банк, Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч операторуудын мэдээллийн аюулгүй байдал хариуцсан албан тушаалтнууд, эрдэмтэн судлаачид, инженерүүд оролцлоо.
Уг хуралд Ази номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Тошида Ямада оролцсон бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нар нээж үг хэлсэн.
Ноён Тошида Ямада илтгэлдээ “Монгол Улс Ази-Номхон далайн бүсийн гишүүн орноор элссэн цагаасаа хойш хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үйлсэд байнга идэвхитэй оролцсож буйг тэмдэглээд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газартай хамтран Ази-Номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллага Кибер аюулгүй байдлын 5-р чуулганыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж” буйг онцолсон. Сүүлийн үед манай улс кибер халдлагад өртөх магадлалтай орнуудын тоонд дээгүүрт жагсаж байгаа бөгөөд энэ талаар олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр боллоо.